Хайр, жинхэнэ хайр бол гуйлгахгүйгээр, хариу нэхэхгүйгээр бүхнийг өгч чаддаг.
Энэ түүх 1950-иад оны эхээр Массачусетс мужийн Уалтам хотод амьдарч байсан Тайлорынхны гэр бүлд тохиолдсон юм. Эдит Тайлор өөрийгөө “энэ ертөнцийн хамгийн азтай эмэгтэй” гэж итгэдэг байлаа. Тэрээр Карлтай гэрлээд 23 жил өнгөрсөн хэдий ч түүнийг өрөөнд нь орж ирэх бүрт анх уулзаж байсан шигээ сэтгэл нь маш ихээр догдолдог хэвээр байв. Карл ч гэсэн эхнэртээ маш их хайртай байлаа. Тэр засгийн газрын нөөцийн санд ажилладаг ба ажлаар хол явах үедээ эхнэртээ өдөр бүр захиа бичиж, жижигхэн бэлэг илгээдэг байлаа.
1950 оны хоёрдугаар сард Карл шинэ газарт томилогдож, хэдэн сарын хугацаатайгаар Японы Окинава хот руу явав. Энэ нь мэдээж урт хугацаагаар бие биенээсээ хол байна гэсэн үг. Энэ хооронд Эдит нөхрөөсөө нэг ч жижиг бэлэг авсангүй. “Нэгэн цагт хувийн сууцтай болох гэсэн тэдний олон жилийн мөрөөдлийг биелүүлэхээр түүнийг мөнгөө хадгалж байгаа” хэмээн Эдит түүнийг ойлгож байлаа.
Хүлээсэн өдөр хоног маш удаан өнгөрч байв. Цаг тутамд Эдит Карлыг гэртээ ирэхийг хүлээж байхад түүнд “...дахиад гурван долоо хоног энд байх ёстой, дахиад нэг сар, дахиад хоёрхон сар… ” гэж Карл бичсээр байв. Явснаас нь хойш жил болоход захиа ирэх нь улам ховордлоо. Бэлэг явуулахгүй байгаа нь ч ойлгомжтой. Харин шуудангийн маркны хэдхэн пенни байхгүй гэж үү?
Тэгтэл, хэдэн долоо хоног чимээгүй байсны дараа нэгэн захидал ирлээ.
Хүндэт Эдит минь,
Чи бид хоёр цаашид гэрлэсэн хосууд шиг байхгүй гэдгийг аль болох зөөлнөөр хэлэх арга байдаг ч болоосой гэж би хүсэж байна…
Эдит буйдан руугаа очиж суулаа. Карл салах өргөдлөө Мексикийн шуудангаар дамжуулан “Гэрлэлтийн хэлтэс”-т илгээсэн байв. Тэрээр өөрийн сууцны үйлчлэгч болох Айко хэмээх япон эмэгтэйтэй гэрлэжээ. Япон бүсгүй нь 19, Эдит 48 настай.
Хэрэв би энэ түүхийг өөрөө үргэжлүүлэн бичвэл:“Хаягдсан эхнэр нь салах өргөдлийг эсэргүүцээд зогсохгүй нөхрийгөө бас тэр эмэгтэйг нь үзэн ядаж хорсох бөгөөд сүйрсэн амьдралынхаа өшөөг авна” гэх мэтээр бичих байсан. Гэвч би юү болсон тухай илүү дутуу үггүй өгүүлье. Карлыг Эдит Тайлор үзэн ядсангүй. Магадгүй удаан хугацааны турш түүнийг хайрласан болохоор хайрлахгүй байж чадахгүй байсан болов уу.
Эдит нөхцөл байдлыг төсөөлж байлаа. Ганцаардсан эр хүн. Хажууд нь үргэлж байх эмэгтэй. Хэдий тийм ч Карл хөнгөмсөг ичгэвтэр зүйл хийгээгүй. Тэр залуухан зарц охины сайн сайхныг ашиглаж байхаас салсан нь арай дээр гэж сонгосон. Гагцхүү Карл түүнийг хайрлахаа больсон гэдэгт л Эдит огт итгэж чадахгүй байлаа. Нэг л өдөр Карл гэртээ ирэх болно.
Эдит өөрийн энэ бодолдоо итгэн амьдарч байлаа. Карлд байнгын холбоотой байхыг гуйсан захиа бичлээ. Айког амаржих гэж байгаа тухай бичсэн хариуг тэр удалгүй бичсэн байв. Мария 1951 онд, дараа нь Хелен 1953 онд төрлөө. Эдит бяцхан охидод нь бэлэг явуулдаг байлаа. Тэр Карлд захиа бичсээр л байв. Карл ч түүнд: Хелений шүд нь цухуйсан, Айкогийн англи хэлний мэдлэг сайжирч байна, өөрийгөө их турсан тухай хариу бичиж байлаа.
Гэтэл дараа нь аймшигтай захидлууд. Карл уушгины хорт хавдраар бараг л өнгөрч байлаа. Түүний захидлууд айдсаар дүүрчээ. Тэр өөртөө бус харин Айко болон хоёр охиндоо санаа нь их зовж байлаа. Тэр охидуудаа Америкт сургуульд явуулахын тулд мөнгө цуглуулж байсан ч тэр бүгд нь эмчилгээнд нь алга болов. Одоо тэднийгээ яах билээ?
Карлдаа өгч чадах түүний хамгийн сүүлчийн бэлэг нь сэтгэлийн амар амгалан гэдгийг Эдит ойлгосон юм. Ингээд Эдит хэрэв Айког хүсвэл Мария Хелен хоёрыг Уалтамд авчирч болох юм хэмээн захиандаа бичлээ. Карл өнгөрөөд олон сар болсон ч Айко хүүхдүүдээ явуулсангүй. Түүнд байгаа бүх юм нь зөвхөн хүүхдүүд нь байсан юм. Хэдий тийм ч тэрээр хүүхдүүдээ ядуурал, цөхрөл дүүрэн амьдрахыг зөвшөөрөх байсан гэж үү? 1956 оны арван нэгдүгээр сард хүүхдүүдээ “Хүндэт Эдит авга эгч рүү” явуулав.
Тавин дөрвөн насан дээрээ гурав, таван настай хүүхдүүдийн ээж болох нь амаргүй гэдгийг Эдит мэдэж байлаа. Карл нас барснаас хойш тэд бага зэрэг мэддэг байсан англи хэлээ мартагнасан байж болох юм гэдгийг тэр огтхон ч бодоогүй байсан. Харин ч Мариа Хелен хоёр англи хэлийг их хурдан сурав. Тэдний харцнаас айдсын сүүдэр арилж, зүс царай нь гэрэлтлээ. Эдит энэ зургаан жилийн хугацаанд анх удаа ажлаасаа гэр рүүгээ яарсан юм. Хоол хүнсээ цуглуулах нь хүртэл урьдынх шигээ их сайхан боллоо!
Айкогоос захиа ирэхэд их л гунигтай байдаг байлаа. “Авга эгчээ. Мария, Хелен хоёр маань уйлж байна үгүй юу? Би яах вэ?” Англиар муухан бичсэн энэ захидлуудаас Эдит ганцаардлыг л мэдэрч уншдаг бөгөөд чухам ямар янзын ганцаардал болохыг нь ч ойлгож байлаа. Тэр охидын ээжийг нь бас энд авчрах ёстой юм байна гэдгийгээ мэдлээ.
Тэрээр шийдсэн хэдий ч Айко японы иргэн хэвээрээ байсан учраас цагаачлалын шийд гарах хүртэл олон жилээр хүлээх хэрэгтэй байлаа. Иймээс Эдит Тайлор туслаж чадах эсэхийг асуусан захидал надад бичсэн юм. Би өөрийн сониндоо нөхцөл байдлыг тайлбарлаж бичлээ. Бусад олон хүмүүс ч тусалсан. Өргөдлүүдийг 1957 оны 8 сараас эхлэн шийдвэрлэж эхлэхэд Айко Тайлор хил давах зөвшөөрөл олгогдсон юм.
Нисэх онгоц Нью-Йоркийн олон улсын нисэх буудалд газардах тэр агшинд Эдитэд гэнэт айдас төрсөн. Түүнээс Карлыг нь холдуулсан эмэгтэйг тэр үзэн ядах сэтгэл төрвөл яах вэ гэж тэр бодож байлаа. Онгоцноос буусан хамгийн сүүлчийн хүн нь нэгэн туранхай жижигхэн охин байсан тул Эдит эхэндээ түүнийг хүүхэд гэж боджээ. Хашлага түшин зогсож байгаа түүнийг харсан Эдит өөрт нь аймшигтай байгаа юм чинь Айко бүр балмагдсан байгаа гэдгийг мэдэж байлаа.
Тэр Айкогийн нэрийг дуудахад охидууд нь Эдитийг хөтлөн шатаар доош буув. Тэд бие биентэйгээ тэврэлдэн байх зуур Эдитэд нэгэн бодол төрөв. “Би Карлыгаа эргэж ирээсэй гэж залбирдаг байсан. Гэтэл одоо түүний хоёр охин болон түүний хайрлаж байсан энэ дөлгөөхөн охиноор дамжин тэр минь иржээ. Бурхан минь энэ эмэгтэйг ч гэсэн хайрлахад минь туслаач.”