Шведенбургийн бас нэгэн өөр алдартай зохиол байдаг. Энэ нь “Гэрлэлтийн хайр” юм. Диваажингийн жинхэнэ эхнэр нөхрийн хайрын талаарх зохиол болой.
Энд Шведенбург диваажингийн нэгэн эхнэр нөхөртөй уулзсан тэмдэглэл байна. “Миний бие мөн энэ өдөр диваажингаар айлчлан явж байсан билээ. Тэнгэрийн элч миний өмнө үзэгдэн ийнхүү хэлсэн. (Шведенбург диваажинд амьдарч буй бүх диваажингийн сүнсэн хүмүүсийг тэнгэрийн элч хэмээн дуудаж байв- орчуулагч)
“Эзэн танд диваажинг харж судлахыг зөвшөөрсөн билээ. Эндхийн хамгийн өндөр дээд газар бол эхнэр нөхрийн хайраар дүүрч баяр баясгалан цалгисан газар юм. Нэгэн хос хоёрыг дуудаж өгөх учир уулзана уу”
Нэлээд хэсэг хугацааны дараа цагаан морь хөлөглөсөн морин тэрэг гарч ирэв. Тэрхүү морин тэрэг миний хажууханд ирж зогсоод тэндээс эхнэр нөхөр хоёр буулаа. Тэднийг хартал одоо хурмын ёслолоо хийж буй хос хоёр шиг харагдаж байв. Нөхөр нь хүндэтгэлтэйгээр мэндлэн өөрийгөө танилцууллаа.
“Бид хоёр газар дэлхийн түүхээр хэлэх юм бол эхлэл гэж хэлэгдэх эрт дээр цагт энэ диваажингийн иргэд болцгоосон билээ. Хэдэн мянган жил ийнхүү азжаралтай амьдарсаар байна. Амьдрах тусам улам залуужин төгс үзэсгэлэн гоо харагдаж буйн адил “цомирлогоо дэлгэх цэцэг мэт” амьдарч байна. Бид мөнхөд ингэж амьдрах болно”
Би үнэхээр айх гайхах зэрэгцэн диваажингийн жаргалтай эхнэр нөхрийг ээлжлэн ширтэж байлаа. Эхлээд нөхрийг нь хартал өсгөлүүн үеийн идэр сайхнаа гэрэлтүүлэн байлаа. Хоёр нүднээс нь хайрын оч бадарч, эрч хүч амтагдсан эрэлхэг байдал нь дотор талаасаа ундран гарах гэрлээр чимэглэгдэн байлаа. Мөн үзэсгэлэн төгс урт өмсгөл өмсөж алтан бүс бүсэлсэн ба тэрхүү цагаан өмсгөлийн дотор хөх өнгө харагдахын зэрэгцээ тэрхүү алтан бүсэн дээр гурван эрдэнийн шигтээ гялалзан байв.
Эхнэрийг нь харахад, тэрбээр мөн 20 хэдтэй залуу бүсгүй, түүний үзэсгэлэн гоог үгээр хэлэхийн аргагүй. Түүний нүүр царай нь будаг шунхаар гоодсон бус байгалаас заяасан унаган төрхөөрөө хийгээд дотор талаас нь гэрэл ундран цацарч байлаа.
Гэрэл гэгээ цацруулан гаргах усан будгийн өнгө байх аргагүй тул зураачийн ур ухаан чадвараар төсөөлөн буулгахын аргагүй тийм төгс гоо сайхны цогц байлаа. Толгой дээр нь аятайхан чимсэн эрдэнийн даруулга хатгаастай харагдана. Мөн өнгөт чулуугаар хийсэн хүзүүний зүүлт, сувдан бугуйвч, гүн ягаан нөмрөг, түүний дотор талд нил ягаан өнгийн цамц, энгэр дээр нь өнгөт чулуугаар чимэглэсэн байлаа.
Эхнэр нь харц юугаа ширвэх аваас гэрэл ээлжлэн солонгорч, эхнэр нөхөр харилцан харц тулгаран ширтэлцэх агшинд тэр хоёроос гэрэл гялалзан цацарч байлаа.
Эхнэр нь “Та юу харж байна вэ.” гэж асуухад:
“Танай гэр бүлийн хайр хичнээн ариун гэгээн болох нь та хоёрын нүүр царай гадна төрхнөөс харагдаж байна. Диваажингийн үзэсгэлэн гоо гэдэг дотоод талын төгс гоо сайхнаас гарч, эхнэр нөхрийн гоо үзэсгэлэн нь дотоод хайрын гоо үзэсгэлэнгээс харагддаг болохыг мэдлээ.”
Миний хариултанд эхнэр нь ийнхүү хэлсэн.
“Энэ газар болох диваажинд хайр нь даруй амь амьдрал билээ. Амь амьдрал нь хайр юм. Эхнэр нөхрийг нэг сэтгэл, нэг бие гэдэг биз дээ. Үнэндээ бид хоёр хүн бус нэг бие юм. Тиймээс энд хоёр хүнээр хүлээн зөвшөөрөгдөлгүй эхнэр нөхөр нэг хүнээр хүлээн зөвшөөрөгдөнө. Улмаар бид хоёрыг дээд зиндааны тэнгэрийн элч гэж дууддаг.
Бид үзэсгэлэнтэй гоё сайхан харагдаж буй нь бид сайндаа олсон юм биш ээ, эзэн Бурханаас бидэнд буулган өгсөн адислал хувь хишиг билээ. Энэ газар Бурханы хайр хийгээд хажуу хөршөө хайрласан хайраар бүхнийг шийдэх болдог.”
Үүнийг ярихад тэр хоёр нэг амаар ярьж байгаа юм шиг харагдаж байлаа.
Тэрхүү эхнэр нөхөр хоёр үнэхээр улаа бутарсан царайтай балчир хүү охин шиг байсан агаад хэдэн мянган жил амьдраад ирсэн эхнэр нөхөр гэж төсөөлөн хэлэхэд ч бэрх байлаа. Улам сайхан үзэсгэлэн гоо гэрэл туяа цацруулан мөнхөд амьдардаг болох нь мэдээжийн мэт санагдаж байв.
Хэсэг хугацааны дараа, тэд “Дээрээс ир гэсэн тул явах цаг боллоо” гээд морь тэргэндээ суун цэцэгт хөндийн дундуур давхин хайс хэрэм рүү орлоо. Үүдэнд хүрч очмогц дотроос цэвэр гоо охид гарч ирэн хос хоёрыг угтан авав. (Эхнэр нөхрийн хайр 2 бүлэг 42 хэсэг)
Нөхдөө ямар байна вэ?
Хараахан дэмий балай юм гэж бодсоор л байна уу. Үлгэр домогт гардаг шиг байна уу. Үнэндээ Шведенбургийн хэлсний дагуу үлгэрт гардагтай адил улс бодотоор оршин байдаг газар даруй диваажин гэсэн байдаг.
Одоо та бүхэн Шведенбургийн хэлдэг сүнсэн ертөнцийн хэдэн зарчим зүй тогтлыг мэдэх хэрэгтэй. Үүнийг ойлгож байж сүнсэн ертөнцийг ойлгох болохоор дараах бүлгийг уншихад ихээхэн тус болох болно.