6/16/12

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТЛЫН ТАЙЛАЛААС

Хүн төрөлхтөн түүхийн турш мэдлэггүй байдлаасаа салж мэдлэгтэй байдал руу шилжихийн төлөө үнэнийг эрэн хайж ирсэн. Тиймээс дотоод мэдлэггүй байдлыг гэтэлж мэдлэгтэй байдалд хүрэхийн тулд дотоод үнэнийг хайсаар буй болгож хөгжүүлсэн зүйл нь шашин ба гадаад мэдлэгтэй байдалд хүрэхээр гадаад үнэнийг хайсаар хөгжүүлсэн зүйл нь шинжлэх ухаан билээ. Энэ мэтээр судалж үзвэл, шашин болоод шинжлэх ухаан нь хүний хоёр талт мэдлэггүй байдлыг даван туулахын тулд гарч ирсэн үнэнийг хайх арга замууд болохыг таньж мэдлээ. Иймээс хүн л үл мэдэх байдлаасаа бүрэн чөлөөлөгдөж, анхдагч сэтгэлийн хүслээ даган зөвхөн сайны чигт урагшилж мөнхийн аз жаргалыг эдлэхийн тулд шашин болоод шинжлэх ухаан нэгэн үүрэгтэйгээр асуудлуудыг хамтран шийдвэрлэж дотоод, гадаад хоёр талт үнэн харилцан ойлголцохгүй бол болохгүй юм. 
Бодит амьдрал дээр хүний туулж ирсэн замналыг хоёр бүлэгт хуваан үзвэл, нэгдүгээрт: биет зүйлсээс бүтсэн үр дүнгийн дэлхийд амьдралын үндсэн асуудлыг шийдвэрлэхийг зорьж буй зам юм. Энэхүү замыг хүслэнт зүйл хэмээн бодож ирсэн хүмүүс, өндөр хөгжсөн шинжлэх ухааны өмнө сөхрөн түүний төгс хүч ба биелэг аз жаргалыг магтан дуулцгаадаг. Гэвч хүн ердөө л ийм бие махбод нь тавлаг байх гадаад талын аж байдалд төгс аз жаргалыг эдлэж чадна гэж үү? Шинжлэх ухааны хөгжил нь хэдийгээр тав тухтай нийгмийн орчнийг бүрдүүлж, тэр нийгэмд хэдийгээр эд хөрөнгө, нэр хүндтэй байлаа ч энэ бүгдээр дотоод хүнийхээ оюун сэтгэхүйн хэрэгцээ шаардлагыг үндсээр нь хангаж чадна гэж үү? Бие махбодийн зугаа цэнгэлд автах эгэл хүний баяр баясгалан ядуу тарчиг ч шудрага үнэнд баясах сүсэгтний баяр баясгалантай хэрхэн дүйцэх билээ. Хааны ордны тансаг амьдралаа орхиод, сэтгэлийнхээ амар амгаланг хайж орох оронгүй хэрэн тэнүүлчлэлийн амьдралаас баяслыг олсон нь ганц Будда ч биш байна. Хүнд сэтгэл байж гэмээн өв тэгш хүн болдогтой адил, бодит биеийн баяр баясал нь сэтгэлийн баяр хөөрөөр дамжуулан төгс болох юм. Бие махбодын цэнгэлийг хөөн, шинжлэх ухаанаар дарвуулаа хийн, эд юмсын дэлхийг зорьсон далайчин байна гэж үзье. Түүний хүсэн тэмүүлэх тэр оргилд хүрээд үз. Тэр газар бол даруй өөрийн бие махбодыг булшлах оршуулгын газар болохыг мэдэх болно.