6/7/12

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТЛЫН ТАЙЛАЛААС

Эндээс хүн төрөлхтөн завхралд орсон байна гэж дүгнэлтэд хүрэх бөгөөд хэн ч үүнийг үгүйсгэж чадахгүй. Хүн завхралд орж өөрийгөө мөхөөх зүйлийг хийж буйгаа мэдэж байгаа учир, нүгэлт сэтгэлийн муу хүслээ дарж, анхдагч сэтгэлийн сайн хүслээ дагаснаар зөвхөн нэг л зорилгод чиглэн өөрийн зөрчилдөөнт байдлаа арилгахын тулд шаардлагатай хичээл зүтгэлийг гаргаж байна. Харамсалтай нь бид, сайн ба муу гэж чухам юу вэ гэж асуудлыг үнэн чанартаа тайлж чадаагүй л байна. Жишээ дурьдвал, шашинтай болон шашингүй хоёр үзлийн нэгийг нь сайн гэвэл үлдсэн нөгөө нь муу болох бөгөөд, хараахан бидэнд үүний талаарх туйлын зөв тодорхой онол ухагдахуун байхгүй байна. Ялангуяа хүмүүс сайн хүслийг төрүүлэгч анхдагч сэтгэл гэж юу болох, үүний эсрэг нүгэлт хүслийг төрүүлэгч муу сэтгэл нь хаанаас үүссэн хийгээд хүмүүн төрлийг олсны хувьд зөрчилдөөн тээж, сүйрлийг дагуулах болсны үндсэн шалтгаан юунд байна гэх мэт асуудлуудын талаар огт мэдэхгүй байгаа билээ. Тиймээс одоо бид муу хүслээсээ ангижирч, анхдагч сэтгэлийн сайн хүслээ даган сайнаар амьдрахын тулд энэ мэдлэггүй байдлаа бүрэн дүүрэн давж, сайн мууг нарийн ялгаж салгаж чаддаг байх ёстой. Хүний завхралыг мэдлэг талаас нь авч үзвэл энэ нь даруй, юу ч мэдэхгүй байдалд хүн унасан гэх утгыг агуулж байдаг. Тиймээс үл мэдэх байдал ч дотоод ба гадаад хоёр хэлбэртэй. Дотоод мэдлэггүй байдлыг шашны талаас хэлвэл оюун билгээрээ үл мэдэх байдалд орсныг илэрхийлэх ба хүн хаанаас бий болсон, түүний амьдралын зорилго юу вэ, үхсэний дараа юу болох, мөн хойд нас болон Бурханы оршин тогтнол, мөн дээр өгүүлсэнчлэн сайн, муу нь чухам юу болох нэг мэт асуудлуудын талаарх мэдлэггүй байдал юм. Гадаад талын мэдлэгүй байдал гэдэг нь хүний биеийг оролцуулаад байгаль дэлхийн тухай, тэрчлэн түмэн бодосоос бүрэлдэх дэлхийн үндэс нь юу болох, бүх үзэгдэл хувьслууд ямар хуулийн дагуу явагдаж буй талаарх мэдлэггүй байдал юм.