6/7/12

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТЛЫН ТАЙЛАЛААС

Ялангуяа анхдагч сэтгэлийн хүслээ дагаад сайн үйл бүтээх гэж тэмцэх нь сахил санваартнуудын амьдрал боловч түүхийн турш зөвхөн анхдагч сэтгэлийнхээ дагуу амьдраад буцсан хүн нэгээхэн ч үгүй билээ. Тийм ч учраас Библид Энэ дэлхийд гэмгүй хүн нэг ч үгүй бөгөөд ухааран ойлгогч, Бурханыг хайгч  ч алга  хэмээсэн ба мөн ийм бэрхшээлтэй нүүр тулсан гэгээн Паул Миний дотоод хүн Бурханы хуулинд баясдаг ч миний бие эрхтэнд өөр нэгэн хууль үйлчилж, тэр хууль сэтгэлийн хуультай минь тэмцэлдэж, миний бие дэх нүглийн хууль намайг олзолж ирснийг харах би юутай гунигтай, зовлонт хүмүүн бөлгөө хэмээн харуусан шогширсон байдаг. Бид эндээс, сайны хүслээ биелүүлэх гэсэн анхдагч сэтгэлийн чиг хандлага хийгээд үүний эсрэгээр нүгэлт хүслээ гүйцэлдүүлэх гэсэн нүгэлт сэтгэлийн чиг хандлага хоёулаа нэгэн биед оршиж, өөр өөрийн зорилгоо урьтал болгон тэмцэж буй хүмүүний зөрчилдөөнт байдлыг нээн илрүүллээ. Оршин тогтнож буй аливаа биет дотроо зөрчилдөөнтэй бол сүйрэхэд хүрдэг. Үүнчлэн дотроо зөрчилдөөн агуулж буй хүн нь өөрөө сүйрлийн байдалд живчихсэн байна. Гэтэл хүн уг гарвалаас энэхүү зөрчилдөөнт шинжийг агуулж байсан гэх боломжгүй. Яагаад гэвэл аливаа бие, дотроо зөрчилдөөнтэй бол үүсэн бүрэлдэж, өсөж хөгжиж чаддаггүй. Тиймээс хүн буй болохоосоо өмнө энэхүү зөрчилдөөнийг агуулах тавилантай байсан бол анхнаасаа үүсэн буй болох боломжгүй байсан. Учир иймд хүний агуулж буй зөрчилдөөн нь олдмол зүйл гэж үзэхээс өөр аргагүй юм. Хүний энэхүү сүйрлийн байдлыг Христийн шашинд завхрал хэмээн нэрлэдэг.