5/26/12

ХОРВОО ЕРТӨНЦИЙН ЗҮЙ ТОГТЛЫН ТАЙЛАЛААС

Аливаа хүн зовлонг хөөн зайлуулж аз жаргалыг олохын төлөө тэмцдэг. Хувь хүний аар саархан үйлээс эхлээд түүхийг чиглүүлэх томоохон үйл явдал бүхэн нь аз жаргалтай болох гэсэн амьдралын илэрхийлэл байдаг. Тэгвэл ямар үед аз жаргал буй болдог вэ? Хүн өөрийнх нь хүсэл биелэгдэх үед аз жаргалыг мэдэрдэг. Бидэнд хүслийн анхдагч утгыг нь бүрхэгдүүлэн ойлгох явдал олонтаа тохиолддог. Яагаад гэвэл хүний хүсэл сайнаас илүү муу руу чиглэхэд хялбар орчинд амьдарч буйтай холбоотой юм. Гэхдээ зүй бус үйлд хөтөлдөг хүсэл нь хүний анхдагч сэтгэлээс үүдэлтэй биш юм. Хүний андагч сэтгэл нь энэ мэт муу хүсэл түүнийг золгүй явдал руу хөтөлдөг болохыг сайн мэдэх учир мууд татагдах хүслээ няцааж, сайнд тэмүүлэх хүслээ дагаснаар, өөрийн баясах аз жаргалын төлөө хичээн чармайж байдаг билээ. Иймээс хүний амьдрал нь угаасаа үхлийн харанхуйг зүсэж, амь амьдралын гэгээг олон, туйлдан ядарсан ч бэдрэн урагшилсаар байдаг. Муу хүслээ дагаснаар анхдагч сэтгэлээсээ баясан бахдах аз жаргалыг эдэлсэн хүн байдаг уу? Хүн тийм хүслээ гүйцэлдүүлэх гэж шунах болгондоо дотоод сэтгэлээрээ зэмлүүлэн, эргэлзэхэд хүрдэг. Үр хүүхэддээ мууг заадаг эцэг эх бий гэж үү? Шавиа зүй бус үйл хийлгэхээр ятгадаг багш байдаг уу? Энэ нь нүглийг үзэн ядаж, сайныг дагая гэдэг хүн бүрт байдаг анхдагч сэтгэлийн илрэл юм.