11/15/10

БЭЛГИЙН ХҮМҮҮЖИЛ

Бэлгийн хүмүүжил -ямар замыг сонгох вэ? Хүний бэлгийн харьцааны асуудал шиг сэтгэл хөндсөн зүйл тийм ч олон байдаггүй билээ. Энэ талаарх ямар ч сэдвийг хөндөхөд, түүний эргэн тойронд хувь хүний ёс суртахууны түвшин, хэм хэмжээний тухай олон асуудал гарч ирдэг. Үүний зэрэгцээ үхэлд ч хүргэж болзошгүй Хүний Дархлал Хомсдолын (ХДХ) вирусын халдвар болон бусад бэлгийн замын халдварт өвчин нь дээрхи сэдэвт хамаатай бөгөөд энэ бүхэн нь хүн төрөлхтөнд маш аймшигт ирээдүйг авчирч байна. АНУ-ын өнөөгийн бодит байдалд БЗХӨ~ний тахал аймшигтайгаар
заналхийлж байгаа ч урьдынх шигээ чимээгүй дарагдсаар байна. БЗХӨ-өөр өвчлөгсдийн тоо залуусын дунд улам өсөн нэмэгдэж буйг эмнэлгийн тоо баримтаас үзэж болно. Залуучуудын дунд гарч байгаа энэхүү үзэгдлийг судлаачдын ихэнхи нь үзэхдээ, америкчууд чөлөөт бэлгийн харьцааг хүлээн зөвшөөрч, дур зоргоор нь тавьсантай холбоотой ба өсвөр үеийнхэнд олгож буй бэлгийн хүмүүжлийн арга хэлбэр нь буруу байсан хэмээн үзэж байна. Тэд бие хүний ёс суртахууны итгэл үнэмшил дээр үндэслэж, санал хүсэлтээ дэвшүүлдэг ажээ. Нөгөө талаас, зарим нэг судлаачид өсвөр үеийнхэнд бэлгийн идэвхи зайлшгүй шаардлагатай, гэхдээ нийгэм нь залуусыг өөрийн гэсэн зүй зохист аргаар хамгаалан хүмүүжүүлэх хэрэгтэйн зэрэгцээ, залуусын эрүүл мэндийг хамгаалахын тулд ёс суртахууны асуудлыг нэн түрүүнд авч үзэх нь зүйтэй гэж үзжээ. Эдгээр мэдээллийн зорилго нь-өнөөгийн баримталж буй бодлогын алдааг ухааруулж, зөв чиглэлд оруулах, мөн бодит байдал дээр үндэслэн боловсрол, эрүүл мэндийн салбарт оновчтой бодлого явуулахад нь мэргэжлийн эмч, сурган хүмүүжүүлэгчдэд туслахад оршино. Энэхүү асуудал нь бидний үр хүүхэд,ахан дүүс, дотнын хүмүүс болон эх орны ирээдүй болох залууст маань хамаатай амин чухал асуудлын тухай өгүүлж байгаа гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд өсвөр үеийнхэн БЗХӨ~өөр өвчлөхөд нөлөөлж буй өнөөгийн нөхцөл байдлуудыг авч үзэж, дараа нь залуучуудынхаа эрүүл мэндийг хамгаалах хамгийн сайн үр нөлөө бүхий арга замын тухай авч үзье. Ингээд өсвөр үеийнхний бэлгийн идэвхтэй харилцаанд нөлөөлж буй өнөөгийн хүчин зүйлийг авч үзье. 1950-иад оны Америкийг уламжлал заншлаа хадгалж чадсан орчин үеийн нийгэм бүхий орон хэмээн тооцож байв. Өөрөөр хэлбэл, бат бэх гэр бүл, гэрлэхээсээ өмнө ариун ёс журмыг сахих, ханьдаа үнэнч байх явдал зэрэг нь тус нийгэмд мөрдөгдөж байсан ба гэр бүлийн доторхи бие биеэ гэсэн сэтгэл, хайр бат бэх суурьтай байжээ. Ингэснээр, хүүхдүүд садар самууны ямар нэгэн уруу таталтаас хамгаалагдаж чадаж байсан юм. Үүний үр дүнд тус оронд БЗХӨ, хүсээгүй жирэмслэлт, гэр бүлийн салалт, түүнчлэн залуучуудын дунд гарч буй амиа хорлох явдал, элдэв гэмт хэргүүд, хар тамхи болон мансууруулах бодис хэрэглэх түвшин харьцангуй доогуур байжээ. 60-аад он хүртэл БЗХӨ-ий голлох өвчин нь ердөө л тэмбүү, заг хүйтэн өвчин байсан ба энэ нь эмчлэхэд хялбар, төвөггүй байжээ. Гэтэл өнөөгийн байдлаар, 20 гаруй төрлийн БЗХӨ бий болоод байгаа ба тэдний зарим нь амь насанд ч хүрч болох аюултай, зарим нь гайгүй хэдий ч, өвчин л болсон хойно хүнийг тарчлаан зовоодог ажээ. АНУ-д жил бүр 2,5 сая хүн халдвар авч байна гэсэн судалгаа гарчээ. Урьдчилан Сэргийлэх Төвийн судалгаагаар БЗХӨ-өөр өвчлөгсдийн 63% нь 25 хүртлэх насны залуучууд ба мөн жил бүр 2.5 сая өсвөр насны хүүхдүүд халдвар авч байна гэсэн тооцоо гарчээ. БЗХӨ-ний гэнэтийн өсөлт нь гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаатай холбоотой бөгөөд энэ нь ялангуяа залуучуудад ихээхэн хамаатай зүйл юм. Энэхүү огцом өсөлт нь зөвхөн сүүлийн 40 жилд явагдсан байна. 50-иад оны нийгмийн уламжлалт хэв маяг хичнээн бат бэх байсан ч нийгэм нь зарим талаар өөрийн хязгаараас хальж, уламжлалт үнэ цэнийн эсрэг зогсжээ. Бүх нийтэд хэвшин тогтсон нийгмийн хэм хэмжээ нь хувь хүний зан чанар төлөвшин тогтоход төдийлөн нөлөөлөхөө больж, хэлбэр төдий зүйл болон хувирчээ. Шинжлэх ухааны зүгээс эдгээр хэм хэмжээний талаар шүүмжлэхээ больсон төдийгүй, үүнээс болж үүсэн гарч буй асуудлуудыг шийдвэрлэх чадваргүйгээ харуулжээ. Гэр бүлийн амьдрал ч мөн иймэрхүү чиг хандлагад нэрвэгдэн, уламжлал, заншлаа алдаж, тэрчлэн албан бус гэрлэлтийн тоо олширчээ. Бэлгийн харьцааны талаархи хомс мэдлэг нь, хосуудыг бэлгийн ханамжгүй байдалтайгаа эвлэрэхэд хүргэжээ. Худал хуурмаг явдал газар авч, үл итгэлцэл, үнэнч бус байдал болон бусад муу муухай үйлдлүүд далд байдалд явагдсаар байв. Сэтгэц задлалы үндэслэгч Зигмунд Фрейдийн (1856-1939) онол дээр үндэслэгдсэн бэлгийн чөлөөт харьцааг бүрэн дүүрэн дэмжсэн уриа бүхий үзэл үүний эсрэг үүссэн. Тухайлбал: бэлгийн харьцааг хамгийн хүчтэй хөдөлгөгч хүч гэж үзээд, бэлгийн хүслээ дарснаас болж сэтгэл мэдрэлийн өвчин үүсдэг гэсэн ба бэлгийн харьцааны сахилга, дэг журмын эсрэг байхыг уриалсан ажээ. Амьтан судлаач Альфред Кинсийн (1894-1956) бэлгийн харьцааны талаар хийсэн судалгаа нь бэлгийн харьцааг хэт дэвэргэсэн үзэл баримтлалд тулгуурлажээ. Тэрээр үнэмшилгүй, элдэв цуу яриа, хангалттай бус мэдээ мэдээлэл, тооцоо судалгаан дээрээ үндэслэн,гаргасан санаа буюу, өөрөөр хэлбэл, сэтгэлийн таашаал авахын тулд ямар ч хэлбэрийн бэлгийн харьцаа байж болно гэсэн үзлээ олонд түгээж чадсан юм. 1948 онд хэвлэгдэн олон нийтийн хүртээл болсон түүний энэхүү судалгаа нь ижил хүйстэнтэйгээ явалдах, үнэнч бус байдал, гэрлэхээс өмнөх бэлгийн харьцаа зэргийг дэлгэрүүлэхэд мэдэгдэхүйц нөлөө үзүүлсэн юм. Энэ нь уламжлалт үнэ цэнэд итгэх итгэлийг үгүйсгэх нэг шалтгаан болжээ. “Плейбой”-н эзэнт улсыг үндэслэгч Хью Хефнер (1926) Кинсигийн үзлийг алдаршуулсан ажээ. Хефнерийн сэтгүүл бэлгийн харьцааг зугаа цэнгэл төдий мэт үзэх үзэл санааг (элдэв садар самуун, гар хангалга г.м.) өргөн сурталчилж байжээ. Эхнэр нөхөр болон эцэг эх болох явдал нь хувь хүний эрх чөлөөг хязгаарладаг ба бэлгийн харьцаа нь зөвхөн тохиролцсон хосуудын хувийн хэрэг гэж олонхи хүмүүс үзэх болжээ. Ийм байдлаар секс үйлдвэрлэл хөгжин, садар самууны элдэв зураглал бүх л урлаг, уран сайхны хэлбэрт нөлөөлж буйг бид өнөө харж байна. “Чөлөөт секс” буюу бэлгийн харьцааны замбараагүй байдал нь 60-аад оны Америкт аминч, хувиа бодсон үзэл болон гедонизм дэлгэрэхэд зохих нөлөө үзүүлжээ. Мөн тэр үед хамгаалах хэрэгсэл бий болсон нь олон хүн бэлгийн чөлөөт харьцаанд татагдах эх суурийг тавьсан байна.Энэ байдал нь, хүн төрөлхтөний үр удмыг үргэлжлүүлэх гол зорилго бүхий бэлгийн харьцаатай уялдан гарч ирдэг өгөөмөр бөгөөд үнэнч зан чанар болон хариуцлагыг умартан,бэлгийн замбараагүй харилцаанд орох нөхцөлийг бий болгосон юм. Залуусын дунд дэлгэрсэн шинэ соёл нь ёс суртахуун болон нэр хүндийг үл дээдлэх үзэл дээр үндэслэжээ. Энэ нь архидалт, хар тамхи, бэлгийн замбараагүй харьцаа газар авахад хүргэсэн байна. Өнгөрсөн үеийн уламжлалт ёс зүй, хэв журам нь хэдийн үеэ өнгөрөөсөн зүйл гэж үзэх болсон нь өсвөр үеийнхний ёс суртахуунд шууд нөлөөлөх болжээ. Залуу нас юугаар тодорхойлогддогийг бид сайн мэднэ. Өсвөр үеийнхэн бэлгийн хүслээ өөгшүүлэн дэвэргэх нь тэдний зан билээ.Тэд үргэлж цаг зуурын зугаа цэнгэлийг эрж хайж байдаг ба тэдний хувьд ирээдүйн талаар бодож, тэвчих нь амаргүй зүйл бөгөөд тэд аз туршихад хэзээд бэлэн байдаг байна. Шилжилтийн насны энэ өвөрмөц үед тэд үймээн шуугиан дэгдээх тэмүүлэлтэй байдаг бөгөөд өөрийгөө олохыг ямагт хичээн чармайдаг ажээ. Ийм л нийгмийн хүрээнд бэлгийн харьцааны хувьсгал үүсч, бэлгийн хүслээ тэвчихийг эрүүл бус явдал хэмээн үзэх болжээ. Ийнхүү өнгөрсөн үеийн бүх л уламжлал заншил, соёлын үнэт зүйлс арчигдан алга болсон юм. Чухам энэ үндсэн дээр гэрлэхээс өмнөх бэлгийн харьцааг зөвтгөсөн нь нийгэмд замбараагүй байдал гүн гүнзгий нэвтрэх эх суурийг тавьсан аж. Бараа бүтээгдэхүүн, кино, хөгжим, дуу бичлэгийг зарж борлуулахад ашигтай байдгаар нь далимдуулж , хэвлэл мэдээллийн хэрэгслэлүүд энэхүү шалиг замбараагүй байдлыг сурталчилахад нэлээд үүрэг гүйцэтгэсэн юм. Олон нийтийг бэлгийн хүсэл, сэрлээр нь дамжуулж удирдах боломжтой болсон. Шоу бизнесийн сурталчилгаанаас завшаан хайгчид бие биеэсээ илүү гарахын тулд зөвшөөрөгдсөн хэм хэмжээг байнга хэтрүүлэх болжээ. Зурагт болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслэл нь гэр бүл, сургуулиас илүү хүчтэйгээр өсвөр үеийнхэнд нөлөөлөх болсон байна. Pеклам, зар суртачилгаа нь ийм байдлыг дэлгэрүүлэхэд гол үүрэг гүйцэтгэсэн ба улмаар бидний эргэн тойрны бүх л хүрээнд нүцгэлэл болон эротик нэвтэрчээ. Нийгмийг ингэж их өөгшүүлсний үр дүнд зөвхөн ёс суртахуунгүй байдал ноёлох болсон байна. Гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцаа нь зайлшгүй гэсэн дүгнэлт нь өсвөр үеийнхнийг хэт эрт бэлгийн амьдралд орох нөхцөлийг бүрдүүлсэн ба үүнээс үүдэн залуус БЗХӨ-өөр өвчлөх түвшин эрс нэмэгдсэн байна. Жишээ нь: 15-19 насны охид бүсгүйчүүдийн дунд БЗХӨ-д нэрвэгсдийн тоо эрс нэмэгджээ. 1967 он гэхэд 100000 хүн тутмаас 350 хүн, 1972 онд 1275 хүн, 1980 онд 1100-1200 тооны хүн өвчилж байжээ. Мөн гэр бүлээс гадуурх жирэмслэлтийн тоо эрс өсчээ. 1962 онд 120000 хүн байсан бол 1978 онд 700000 хүн болж нэмэгдсэн байна. 1980 он гэхэд энэ тоо хадгалагдсаар байсан байна. Дараахь асуудлыг хэрхэн хүлээж авч байгаа нь асуудлыг шийдэх арга замыг сонгоход чухал ач холбогдлыг агуулж буй юм. Залуучууд гэрлэхээсээ өмнө бэлгийн амьдралд идэвхтэй орох болсон нь гэрлэлтээс гадуурхи жирэмслэлтийн тоо өсөх бас нэг шалтгаан болжээ. Бидний өмнө тулгарч буй асуудал нь эмч хүний ажил үйлийг санагдуулж байгаа юм. Өөрөөр хэлбэл, өвчний шалтгааныг олж, зөв онош тавихын тулд тухайн шинж тэмдгийн цаана юу байгааг олж харах нь эмчид шаардлагатай билээ. Барууны нийгмүүд нэгэнт бий болсон нөхцөл байдлыг янз бүрээр хүлээн авч байна.Тус нийгэм нь өсвөр үеийнхний жирэмслэлт, БЗХӨ-ий бодит шалтгааныг авч үздэггүй учраас эдгээр асуудал нь өсвөр үеийнхний хэт эртэдсэн бэлгийн идэвхитэй амьдралаас үүдэлтэй гэдгийг олж мэддэггүй. Эндээс үзэхэд, бид асуудлын мөн чанарыг бус, харин гадаад шинж тэмдгийг үздэг юм байна гэдэг нь тодорхой болж байна. Энэхүү үзэгдлийг буруу ойлгосноос болж нийгмийн хандлага учир шалтгаанаас илүү үр дүн рүү хүчтэй чиглэх хандлагатай болжээ. Ийм байдлаар нийгмийн бодлого юуны түрүүнд төрөлт болон өвчлөлийг анхаарах болсон байна. Орчин үеийн сурган хүмүүжүүлэх ухааны хандлага нь ямар ч тодорхой чиг заавар, удирдамжгүйгүйгээр зөвхөн гадаад мэдлэг буюу анагаах ухааны талаас нь заадаг ажээ. Ийм арга барил нь залуучуудад зайлшгүй хэрэгтэй ёс суртахуун, ёс зүйн хүмүүжлийн үндсийг орхигдуулдаг юм. Үүний зэрэгцээ, залуучууд өөрийн дур хүслээр сонголтоо хийх болжээ. Тэгэхээр өнөөг хүртэл, нийгэмд ёс суртахуун ба ёс зүйн хэм хэмжээ байхгүй байсан ба одоо ч байхгүй байна. Энэ нь ямар ч сонголт хийж болох нөхцөлийг бүрдүүлж байна. Хамгаалах хэрэгсэл дээр түшиглэсэн бэлгийн хүмүүжлийн хамгийн өргөн тархсан хэлбэрийг голдуу түгээмэл бэлгийн хүмүүжил олгох хэлбэр гэж нэрлэж байна. Энэ нь бэлгэвч болон бусад хамгаалах хэрэгсэл дээр үндэслэсэн “аюулгүй секс”-ийг ухуулан сурталчилдаг ба залуучуудын эсэргүүцлээс зайлсхийхийн тулд захиргаадалтын бус сургалтын хэлбэрийг ашигладаг. Хамгаалах хэрэгсэл дээр түшиглэсэн хүмүүжил нь тодорхой зүг чиглэлийг зааж өгдөггүй. Орчин үеийн нийгмийн судалгаа улам бүр баталж байгаачлан, ийм маягийн хүмүүжил нь олон мянган жил хуримтлагдан ирсэн өвөг дээдсийнхээ үнэт өв соёлыг уландаа гишгэхэд хүргэж буй юм. Цаашлаад энэ нь багш хүний хариуцлага болоод нэр хүндийг унагааж байна. Эцэст нь энэ нь нийтийн үйл хэргээс илүүтэй өөрийн эрх ашгийг илүүд үзэх нөхцөлийг бий болгож байна. Мөн, залууст аль болох их мэдээлэл өгөхийн тулд ёс суртахууны талаархи ухуулгыг золиослох ёстой гэцгээдэг. Гэвч энэ талаар явуулсан сургалтын үр дүнг үзэхэд хамгаалах хэрэгсэл дээр түшиглэсэн сургалт нь бэлгийн идэвхийг зогсоож чадаагүй байна. Өнөөдрийн Америкт бараг сүүлийн 20 гаруй жил хамгаалах хэрэгсэлийг төв болгосон хүмүүжлийг олгож байгаа ба өнөөдөр шаталсан сургалтын хэлбэртэй болжээ. Энэхүү хичээлээр бэлгийн харьцааны тухай, хамгаалах хэрэгслийн тухай, хүний дархлалын вирус болон бусад бэлгийн замын халдварт өвчний тухай зааж мэдүүлдэг ажээ. Гэвч хүний дархлалын вирус болон ДОХ-ын тухай мэдлэг нь асуудлыг зөвөөр шийдэхэд онцын нөлөө үзүүлээгүй байна. Үнэн хэрэгтээ, нийт орон даяар явуулсан, хамгаалах хэрэгслийг төв болгосон 14 курсийн дүнг аваад үзэхэд, суралцагсдын бэлгийн идэвхи болон бэлгийн харьцааны тоонд огтхон ч өөрчлөлт гараагүй байна. Үнэндээ, эдгээр сургалт нь бэлгийн идэвхийг өсгөн, бэлгийн харьцааны талаархи асуудлыг хүндрүүлж байгаа ажээ. “Гэр бүл төлөвлөлт”-ийн газраас өсвөр насныханд зориулан төрөлтийг хэрхэн хянах талаар удирдамж, зөвлөгөө өгч байгаа ч тэдний хийсэн туршилт, судалгааг аваад үзэхэд энэ бүхэн нь өсвөр үеийнхний бэлгийн харьцаанд орох хүслийг өдөөж байна гэдэг нь тодорхой болж байна. Энэхүү сургалтанд хамрагдсан14-15 насны охидын дунд бэлгийн харьцаанд орох явдал 50%, 16 насны охидын дунд 25% болж нэмэгдсэн байна. Мөн сурагчдад бэлгэвчийг ихээр тараах явдлыг судлаад үзэхэд мөн л ийм хэмжээний өсөлт харагдсан байна. Жишээ нь: “Гэр бүл, төлөвлөлт” сэтгүүлийн судалгаа буюу Гэр бүл төлөвлөлтийн газрын мэдээлснээс үзвэл, бэлгэвч түгээж байсан Далласын нэгэн дунд сургуулийг, ийм сургалт явуулаагүй өөр нэгэн сургуультай харьцуулж үзэхэд жирэмслэлтийн тоо хэмжээ 47%-иар илүү байжээ. Колорадогийн дунд сургуульд бэлгэвч тараах болсны дараа өсвөр үеийнхний жирэмслэлтийн тоо хэмжээ 66%-иар нэмэгдсэн байна. Ийнхүү хамгаалах хэрэгслийг дэмжигсэд хүртэл энэхүү арга барил нь өсвөр үеийнхнийг БЗХӨ болон гэрлэлтээс өмнөх жирэмслэлтээс сэргийлэх боломжгүй юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна. Харин ч бүр эсрэгээр, энэ нь байдлыг хүндрүүлж байгаа билээ. Өөрөөр хэлбэл, хамгаалах хэрэгслийг төв болгосон бэлгийн хүмүүжлийн уршгаар бэлгийн идэвхи өсөж, цаашлаад өсвөр үеийнхний жирэмслэлт болон БЗХӨ газар авсан байна. Дээрх арга барил бүтэлгүйтсэний нэгэн шалтгаан нь залуусын дунд хамгаалах хэрэгслийг их хэмжээгээр сурталчилж, түгээсэнд оршино. Хамгаалах хэрэгслээр залуучуудыг хангаж өгсөн нь тэднийг бэлгийн замбараагүй харьцаа руу улам л татах болсон гэдгийг Америкийн эмч мэргэжилтэн нарын 81% нь хүлээн зөвшөөрч байна. Хэрвээ энэхүү хүчин зүйлийг анхааралтай нягтлан үзвэл өөр нэгэн зүйлийг ажиглах боломжтой. “Хүүхэд хөгжил-гэр бүл” судлалын мэргэжилтэн Баруун Виржиний АУИС-ийн профессор Ванда Франц “Хүүхэд хөгжил~гэр бүл” судалгаандаа: “Ингэж ямар ч тодорхой удирдамж, чиглэлгүйгээр хамгаалах хэрэгслийг сурталчилж байгаа нь өсвөр үеийнхний оюун ухааны хэрэгцээ болон танин мэдэхүйд зохицохгүй байна” гээд “Залуу хүмүүс өөрсдөө биеэрээ амсаж үзээгүй зүйлийнхээ үр дүнг төсөөлж чаддаггүй” гэж тэмдэглэжээ. Төрөлтийг хянах арга нь оюун ухааны чадварыг шаарддаг ба энэ нь тэдний хувьд тийм ч таатай зүйл биш ажээ. Үнэндээ, сурагчид заримдаа гэрийнхээ даалгаврыг хийхээ мартдагийг багш нар бишгүйдээ л ажигладаг байх. Гэтэл яаж тэд тэсч ядан тачаангуйдсан үедээ жирэмслэлтээс хамгаалах хэрэгслийн талаар бодож чадах билээ? Үүнээс гадна, ухуулга сурталчилгааны өөр нэгэн хэлбэр бол бэлгэвч хэрэглэх нь эрсдэл багатай бөгөөд аюулгүй хэмээн үздэг явдал юм. Чухам ийм учраас БЗХӨ болон хүсээгүй жирэмслэлтээс хамгаалж болно гэдгийг баталсан реклам зар хаа сайгүй дэлгэрч байна. “СЕКУС” хэмээн нэрлэгддэг олны танил болсон хувийн байгууллагын гүйцэтгэх захирал Дебре Хафнер энэхүү “эрсдэл багатай секс”-ийг “гадаад сургалт” гэж нэрлэсэн ба тэрээр хэлэхдээ: “Өсвөр үеийнхнийг бэлгийн харьцаанд идэвхитэй орох болон түүнээс гарч болох уршгаас сэргийлэхийн тулд тэдэнд гар хангалга болон аман сексийн тухай заах ёстой” гэжээ. Бэлгийн идэвхийг ийм байдлаар хэрхэн хойшлуулах нь ойлгомжгүй юм. Тэр тусмаа дээрхи арга барилын эерэг үр нөлөөний тухай ямар ч мэдээ баримт байхгүй байгаа билээ. Үүнээс гадна, амны салст бүрхэвчээр дамжиж ДОХ-ын вирус болон бусад БЗХӨ халдварлах аюул байдаг. Энэхүү үзэл бодлын үүднээс аваад үзвэл бэлгийн хүслээ барих нь өсвөр үеийнхний хувьд ч гэсэн эрүүл бус зүйл болж байна. Америк болоод бусад орнуудад бэлгэвч хэрэглэх явдал нь эрүүлийг хамгаалах бодлогын гол барих цэг болж байна. Америкийн засгийн газрын нэгэн агентлаг: “1986 оноос эхлэн олон нийтийн эрүүлийг хамгаалах салбар нь ДОХ-ын вирусын халдварыг багасгахын тулд бэлгэвчийг хэрэглэхийг зөвлөж байсан. Гэвч тэд одоо энэ нь тийм ч төгс сайн бодлого биш юм гэдгийг хүлээн зөвшөөрч байна” хэмээн тэмдэглэжээ. Дахин сонирхуулж хэлэхэд, бэлгэвчийг тогтмол хэрэглэдэг хүмүүс ч ДОХ-ын халдвар болон бусад БЗХӨ-өөр халдварлах, мөн үр тогтох боломжтой байдаг учраас бэлгэвч нь БЗХӨ болон жирэмслэлтээс хамгаалах хамгийн ядмаг хэрэгсэл юм гэж Гэр Бүл Төлөвлөлтийн Газрын мэдээнд дурьджээ. Жирэмслэлтээс хамгаалахад бэлгэвч үнэхээр ач тусгүй ажээ. Иймээс ч хүнсний бүтээгдэхүүн болон эм хангамжийн үйлдвэрийн захиргаа бэлгэвч үйлдвэрлэгчдэд хандан бэлгэвчийг үр тогоохоос хамгаалах хэрэгсэл гэж сурталчилахыг хориглосон байна. Хожим нь аман хамгаалах хэрэгсэл хангалттай болсон үед Гэр бүл Төлөвлөлтийн Газраас мөн хамгаалах хэрэгсэл болох эмний бүтэлгүйдлийн тухай мэдээлэх болсон билээ. “Гэр бүл төлөвлөлт” сэтгүүлийн 1992 онд хэвлэгдсэн нэгэн өгүүлэлд бэлгэвч нь үр тогтолтоос хамгаалах чадваргүй болох талаар маш дэлгэрэнгүй бичжээ. Хэрэглэгчийн бэлгэвчийг ашиглах чадвар болоод бэлгэвчийн чанараас үл хамааран, бэлгэвчийн 15% нь бат бөх бус, нэвтэрдэг нь илэрсэн юм. Дараах өгүүлэлд 20 нас хүртэлх оюутан сурагчдын жирэмслэлтээс хамгаалах зорилгоор хэрэглэсэн бэлгэвчийн 13-27% нь найдваргүй байсан нь батлагджээ. Эдгээр судалгаанд бэлгэвчийг жилийн турш хэрэглэхийн ач холбогдлын тухай яригдаж байгаа нь мэдээжийн хэрэг билээ. Жирэмслэх боломжийг бэлгийн замын халдварт өвчнөөр өвдөх боломжтой харьцуулж үзье. Нэгдүгээрт: зөвхөн эмэгтэй хүн л үр тогтох боломжтойг дурдахын хэрэггүй бизээ. Үүнээс гадна, эмэгтэй хүн жилийн 56 өдөрт л жирэмслэх боломжтой ба энэ тохиолдолд бэлгэвч цорын ганц удаа бүтэлгүйтвээс шинэ амьдралын эхлэлийг тавих билээ. Гэхдээ, халдварлах боломжын хувьд арай өөр юм. Ямар ч харьцагч хэдийд ч халдвар авч болох ба харин энэ нь жирэмслэх боломжоос хэд дахин илүү юм.Харин ХДХВ-ийн хувьд, хэрвээ бэлгэвч найдвартай биш бол энэ нь амьдралаараа хохирно гэсэн үг. Бэлгийн замаар халдварлаж болох өвчний тохиолдолд бэлгэвч хэрэглэх нь ямар ч найдваргүй гэдгийг тогтоосон баримт олон байдаг билээ. Нэгэн судалгаанд бэлгэвчтэй эсэхээс үл шалтгаалан халдварладаг гэдэг нь нэгэнтээ батлагдсан юм. Хэдийгээр бэлгэвчийг зөв, тогтмол хэрэглэж байгаа ч халдварладгийг мэргэжилтнүүд дахин, дахин баталж байна. Нийгмийн алба болон Эрүүлийг Хамгаалах Хэлтсийн хүн ам хариуцсан нарийн бичгийн орлогч дарга асан, анагаах ухааны доктор Уильям Р. Арчер хэлэхдээ: “Хэдий бэлгэвчинд ямар нэг нян байхгүй ч гэсэн энэ нь эрүүл биед нян нэвтрэхгүй гэсэн баталгаа биш” гэж тэмдэглэжээ. Тухайлбал: ХДХВ-ийг бэлгэвчээр хамгаалах боломжгүй учраас ДОХ-ын эсрэг бэлгэвчийг хэрэглэх нь ямар ч хэрэггүй юм. Харин ямар ч БЗХӨ-ний халдварын үед ДОХ-ын вирус халдварлах боломж их болдог. Залуучууд “аюулгүй секс”-ийн тухай мэдээлэл буюу бэлгэвчийг үр тогтохоос хамгаалах зорилгоор хэрэглэж болохоос биш харин өвчнөөс урьдчилан сэргийлж чадахгүй гэдгийг сонсоод маш гайхдаг. ДОХ өвчний эсрэг бэлгэвчийг хэрэглэх нь дэндүү амь өрссөн хэрэг юм гэсэн дүгнэлт 1987 онд хийгджээ. Бэлгэвчийг ДОХ-ын халдвараас хамгаалах хэрэгсэл болгож ашиглах ёстой гэсэн санал ийнхүү батлагдаагүй юм. Өөр нэг жишээ авч үзье. Америкийн “Анагаах ухаан” хэмээх сэтгүүлийн 1987оны нэгэн дугаарт: “Харьцагч нь ДОХ-оор өвчилсөн хосуудын 17% нь бэлгэвч хэрэглэсэн боловч 18 сарын дотор халдвар авсан” гэж бичжээ. Мэдээж, эдгээр хосууд нь бүгд бэлгэвчийг хэрхэн зөв ашиглах вэ гэдэг талаар үндсэн мэдлэгтэй байсан ч гэсэн 6 хосын нэг нь халдвар авсан байв. Энэхүү аймшигт өвчнөөр 6-аас нэг нь халдвар авах нь байх л зүйл гэж хэн үзэж байна вэ? Та нар агаарын бөмбөлөгөөр нисэх байлаа гэж бодоход, 6 бөмбөлгийн нэг нь тэсрэх бөмбөгтэй байвал та нар нисэх үү? ДОХ -оос урьдчилан сэргийлэх Хяналтын Албаны мэдээнээс үзэхэд, бэлгэвчийг хэдий нямбай, зөв хэрэглэсэн ч харьцагч хосын нэг нь ДОХ-ын халдвартай бол бэлгэвчийн өчүүхэн согог, гажигаас болж олонхи тохиолдолд бүтэлгүйтдэг. Иймээс бэлгэвчтэй тохиолдолд ч гэсэн бэлгийн харьцаанд орохоос татгалзахыг санал болгож байна. Америкийн “Анагаах ухааны Холбоо” сэтгүүлийн нэгэн өгүүлэлд “Маш их эрсдэл бүхий нөхцөл байдалд аюулгүй гэсэн хуурамч мэдрэмж төрүүлж, бэлгэвч хэрэглэхийг өөгшүүлэх нь зарим нэг тохиолдолд хортой байдаг. Хэдийгээр ийм байдлаар азаа турших эсэх нь хувь хүний эрхийн асуудал боловч эмч нарын үнэн худал янз бүрийн баталгаа нотолгоон дээр үндэслэж ийм сонголт хийх хэрэггүй юм.” гэжээ. Бэлгийн хүмүүжлийг зааж сургадаг хүмүүс өөрсдөө бэлгэвчинд итгэдэг үү? Америкийн бэлгийн хүмүүжлийг олгох нийгэмлэгийн ерөнхийлөгч асан доктор Тэрэза Креншоу 800 сексологич оролцсон олон улсын бага хурал дээр: “Та санаандгүй насан туршдаа мөрөөдөж явсан хүнтэйгээ учирлаа гэж бодъё. Гэтэл тэр хүн чинь ДОХ-ын вирус тээгч байвал, та бэлгэвчинд найдан түүнтэй бэлгийн харьцаанд орох уу?” гэж асуухад нэг ч хүн гараа өргөөгүй байна”. Гэтэл тэд бусад нөхцөл байдалд бэлгэвч хэрэглэхийг санал болгодог мэргэжилтнүүд шүү дээ. Эндээс үзэхэд бэлгэвчийг хэрэглэх талаархи үзэл бодлууд зөрчилдөөнтэй гэдэг нь тодорхой байна. Хэрэв тухайн харьцагчаа халдвартай эсэх талаар огт мэдэхгүй тохиолдолд азаа үзэж болох бөгөөд харин халдвартай гэдгийг нь мэдсээр байж азаа туршиж үзэх нь байж болшгүй зүйл юм. Хэрэв эмч нар хүртэл халдвартай хүмүүс болон тэдгээрийн харьцагчдад нь бэлгэвч хэрэглэхийг дэмжээд байвал энэ нь яаж залуусын эрүүлийг хамгаалах зөв бодлогын үндэс байж таарах вэ? Харамсалтай нь, анагаах ухааны олон нэртэй эрдэмтэд, амьдрал үхэлтэй холбоотой энэ асуудлын талаар төөрөлдөөн бүхий мэдээллийг өгч буй юм. Тэр ч бүү хэл, олон нийтийн хэвлэл мэдээллүүд болон бусад шоу бизнесүүд “Аюулгүй секс”-ийг суртачилдаг ба эрүүлийг хамгаалах систем нь өөрийнхөө хэвлүүлж, бэлтгэсэн судалгаа шинжилгээтэй үл зохицох зүйлстэй эвлэрэх нь зохисгүй юм. Чухам ийм зөрчил бүхий саналд дараах хариулт тохирох буй заа. Бэлгийн идэвхтэй амьдрал эхэлж байгаа болон үргэлжлүүлж байгаа хүмүүс бэлгэвчийг байнга зөв хэрэглэснээр аюулын түвшинг бууруулах боломжтой гэсэн мэдээллийг түгээдэг шигээ мөн ингэж аяглах нь ер нь дэмий зүйл гэдгийг хүлээн зөвшөөрч түгээх учиртай. Мэдээж, үүнд нөлөөлж буй хамгийн гол хүчин зүйл бол залуучууд өөрсдийн хүндэлж явдаг хүмүүсээс энэ талаархи мэдээллийг олж авдагт байгаа юм. ОХУ~ын Боловсролын Яамны хэвлэлийн сүүлчийн дугаарт, өсвөр үеийнхэн бэлгийн амьдралд хэт идэвхитэй орж байгаа явдлыг тайлбарлахдаа, бэлгэвч хэрэглэхийг өргөн сурталчлах нь томчууд тэднээс ийм байдлыг хүсээд байгаа юм байна, энэ ч утгаараа тэд бидний үйлдлийг зөвшөөрөх юм байна гэсэн буруу ойлголтонд хүргэж байгаа юм гэжээ. Бэлгэвчийг тарааж буй засаг захиргааны болон сургуулийн байгууллага нь эргэн тойрондоо чухам иймэрхүү л сэтгэгдлийг төрүүлж байна. Мөн Дэлхийн Эрүүлийг Хамгаалах Байгууллагын хэвлэлд гарсан “Бэлгэвч- Энэ бол ДОХ-оос хамгаалах хамгийн шилдэг хэрэгсэл мөн.” гэсэн уриаг энд дурдаж болно. Гэхдээ бид энэ бүх соёлын төөрөгдөл, нийгмийн хуурмаг үнэ цэнийг үл харгалзан бодит байдлыг үзвээс, өнөөгийн өсвөр үеийнхний ихэнхи нь хэлэхдээ, тэднийг бэлгийн идэвхитэй харьцаанд үл ороход үндсэн 3 хүчин зүйл нөлөөлдөг ажээ. Үүнд: 1). бэлгийн замаар халдварлах өвчнөөс айх, 2). жирэмслэлтээс зайлсхийх, 3). эцэг эхээсээ эмээх явдал юм. Үнэндээ бэлгэвчийг сурталчлахын хамгийн хортой зүйл бол, хамгаалах хэрэгслийн тухай хөтөлбөрүүд нь, залуусыг сексийг хойшлуулахад нь тус болдог болоод тэднийг элдэв бусармаг үйлд орооцолдохоос нь хамгаалж өгдөг тэр ухаан бодлыг саармагжуулдагт оршино. Чухам ийм учир шалтгааны улмаас, ихэнхи эмч мэргэжилтэн нар аз туршилтыг бүрмөсөн устгахыг эрхэмлэж байгаагаараа бэлгэвчийн эсрэг зогсож байгаа билээ. Спермицидтэй бэлгэвчийг зохион бүтээгч, доктор Мальколм Поттс хэлэхдээ: “Ямар ч ёс суртахуунгүй хүнийг бэлгэвч хэрэглэ гэж ятгах нь согтуу жолоочийг хамгаалалтын бүс бүсэл гэж ятгахтай ижил юм” гэжээ. Өөр нэгэн эмч хэлэхдээ: “Сексийг бүрмөсөн хориглохгүй, харин зөвхөн багасгах төдий байх нь хүн амын бүрэн бус тарилгатай адил ба энэ нь хувь хүнд ч, нийгэмд ч ашиггүй юм.” гэжээ. ДОХ-ын мэргэжилтэн Pичард Смит хэлэхдээ: “ДОХ-оос урьдчилан сэргийлэх зорилгоор аюулгүй секс хэмээх зүйлийг хэрэглэх нь үнэндээ үхлийг дуудаж байгаа явдал юм. Учир нь аймшигт үр дагавар бүхий үзэл санааг сурталчлан дэлгэрүүлж байгаа юм.” гэсэн байна. Харамсалтай нь, бэлгийн харьцаа нь өсвөр үеийнхэнд зайлшгүй хэрэгтэй гэх буруу ойлголт давамгайлж байна. Насанд хүрэхээс өмнө буюу гэрлэхээсээ өмнө бэлг ийн харьцаанд орох явдалд залуус эрх чөлөөтэй байх ёстой гэсэн бараг хэн ч маргахын аргагүй бичигдээгүй хууль байдгаас ихэнхи хүмүүс гэрлэлтээс өмнө бэлгийн харьцааг тэвчих нь алив сэтгэл санааны хямрал, өвчин болон үхлийн аюулаас ч эрс хортой гэж үзэх болжээ. Өсвөр үеийнхний гэрлэлтээс өмнөх бэлгийн харьцааг хөхүүлэн дэмжсэн дараах хэдэн жишээг авч үзье. Нью-Иорк хотын Эрүүлийг хамгаалах яамны “Өсвөр үеийнхний эрхийн тухай” гэсэн нийтлэлд бичихдээ: залуус бэлгийн харьцаанд орох эсэхээ эсвэл орох болбол хэнтэй гэдгээ өөрсдөө шийдэх эрхтэй гээд үүнд зориулан бэлгэвчийг хэрхэн ашиглах тухай тайлбар зураг хавсаргасан байв. Пенсельваны эрүүлийг хамгаалах хөтөлбөрийн дагуу гаргасан номнуудад өсвөр үеийнхэн нь нэг зэрэг хэд хэдэн бэлгийн харьцагчтай байж, ам болон анальны сексээр харьцах эрхтэй гэж дээрхи номуудад дурьджээ. Эдгээр жишээнүүд нь эцэг эхийн зүрх сэтгэлтэй харшилдах эгдүүцэл зэвүүцлийг төрүүлсний улмаас хэрэглэгддэггүй ажээ. Аймшигтай нь энэ бол мөсөн уулын зөвхөн оргил хэсэг юм. Гэр Бүл Төлөвлөлтийн Төвийн ажилтан Пегги Блэк SIECUS-1989 оны тайланд өөрийн үзэл бодлыг илэрхийлэхдээ: “Дур хүсэл, бэлгийн таашаал, дур тавих гэх мэт ойлголт нь өсвөр үеийнхний гэрлэлт ба гэр бүлийн асуудалд хамаарахгүйгээр зайлшгүй мэдэх ёстой чухал зүйлс юм гэжээ. Иймээс ч бэлгийн хүмүүжил олгодог ихэнхи тэргүүний мэргэжилтнүүд маань өнөөгийн өсвөр үеийнхэн өөрийгөө хянах болон хариуцлага гэх мэт хэт их ачаалалтай тулгарч байгаа учраас бэлгийн хүсэл таашаалын талаар тэднийг мартуулахгүйн тулд томчууд энэ талаар дэмжих ёстой үзэж байна. Гэрлэлтээс гадуурхи жирэмслэлт болоод өвчний талаар авч буй эмч мэргэжилтэн нарын тодорхой хэмжээний буруу хандлагаас болж байдал хүндэрч байгаа юм. Бэлгийн хувьсгал нь баяр баясгалан, эрх чөлөө, эрүүл мэндийг амласан .Эрүүлийг хамгаалах үүднээс үзвэл, үүний үр дүн нь сүйрэл болон хувирсан. Олон хүмүүс өнөөдөр ч мөн ялгаагүй энэхүү хуурамч амлалтыг өгсөөр байна. Бэлгийн чөлөөт харьцаанаас хаана ч хэзээ ч сайн үр дүн гараагүйг баталсан нэгэн эмчийн хэлсэн үгийг бид санаж байна. Хэрвээ хамгаалах хэрэгсэл дээр түшиглэсэн бэлгийн хүмүүжил нь байдлыг хүндрүүлж байвал юу хийх хэрэгтэй вэ? Үр дүнтэй байж болох аргын үндэс нь юу байж таарах вэ? Бид залуучуудад маань өнөөдөр болон ирээдүйдээ дагаж мөрдөх амьдралын эрүүл, зөв хэвшил болон гэр бүлийн үнэ цэнийг өндөржүүлэх бэлгийн харьцааны үзэл төлөвшөөсэй гэж хүсч байна. Тэгвэл үүнд ямар хариулт байж таарах вэ? Цорын ганц харилцагчтай байх бэлгийн харилцааны тусламжтайгаар аюулыг устгах нь эрүүл мэндийн хувьд хамгийн оновчтой зөв сонголт гэж үзэж байна. Иймээс гэрлэлтээс өмнөх бэлгийн харилцааг тэвчиж ариун журмыг сахих явдлыг үндэс болгосон бэлгийн хүмүүжлийн хэлбэрийг даган мөрдөх хэрэгтэй юм. Өөрөөр хэлбэл, үүнийг бид эр эмийн бэлгийн хүмүүжил гэж нэрлэж болно. Ариун ёс журмыг сахихыг эрхэм болгож буй хүмүүжил нь өсвөр насныхны жирэмслэлт, бэлгийн замын халдварт өвчин гэх мэт уршгийг араасаа дагуулдаг асуудлыг бүрмөсөн шийдээд зогсохгүй, мөн ирээдүйн бат бэх гэр бүлийг төлөвшүүлэн бий болгох үндсэн суурь, үзэл санааг тавьж өгөх юм. Бэлгийн харьцаа гэдэг бол маш эрхэм сайхан зүйл боловч гал мэт бүтээн байгуулах болон устган сүйрүүлэх чадвартай билээ. Бэлгийн харьцаанаас таашаал авах явдал зөвхөн гэр бүлийн хүрээнд байх нь хамгийн зөв зүйл юм. Ийнхүү, ХДХВ болон бусад бэлгийн замын халдварт өвчнөөс бүрэн зайлсхийх боломжтой болж байгаа юм.