Дахин онцлон хэлье.
Хүн үхээд сүнсэн хүн боллоо ч эрэгтэй нь эрэгтэйгээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ байдаг. Тэгээд газар дээр эхнэр нөхөр бололцсон хүмүүс мөнхөд тэр хэвээрээ байна. Энэ бол бүтээлийн зарчим. Диваажинд нялх багадаа ирсэн сүнсэн хүмүүс өсч том болоход сүнсэн ертөнцөд тэднийг гэрлүүлдэг. Гэрлэлт нь диваажингийн амьдралын цөм учраас тэр юм. Шведенбург хайр бол сүнсэн ертөнцийн амь амьдрал гэсэн. Тэгээд, сүнсэн ертөнцөд очиход сүнсэн биеийн төрх нь даруй хайрын төрх гэжээ. Эрэгтэй хүн ч бай эмэгтэй хүн ч бай хүний мөнхөд тээж явах зүйл, мөнхөд өөрчилж чадахгүй зүйл нь газар дээр хуримтлуулах хайр билээ. Тэр дундаас хамгийн чухал хайр нь гэрлэлтийн хайр буюу. Эхнэр нөхрийн хайр газар дээр зангилагдана. Гэтэл газар дээр эхнэр нөхөр болсон хүмүүсийн дундаас гэрлэлтийн хайрыг бодотоор хэрэгжүүлсэн эхнэр нөхөр олон биш. Гэрлэлтийн хайраар зангилагдаагүй бол диваажинд эхнэр нөхөр болж чадахгүй. Асуудал нь энд байгаа юм. Хүний өвөг дээдсийн уналт байгаагүйсэн бол нялх хүүхдүүдээс бусдад нь сүнсэн ертөнцийн гэрлэлт байх хэрэггүй байсан. Тэгвэл сүнсэн ертөнцөд ч бэлгийн амьдрал байдаг уу.Мэдээж юм. Эрэгтэй нь эр хүнийхээ, эмэгтэй нь эм хүнийхээ чадавхийг бүрэн дүүрэн хадгалж байдаг. Энэ нь эрэгтэй нь эр хүйсээ, эмэгтэй нь эм хүйсээ хадгалж байдаг гэсэн үг билээ. Гагцхүү сүнсэн ертөнцөд бие махбодоор биш, сүнсэн биеэрээ амьдардаг учраас бэлгийн амьдрал ч сүнсэн биеэр явагдана. Гэхдээ диваажингийн эхнэр нөхрийн амьдрал ба газар дээрх эхнэр нөхрийн амьдралыг харьцуулах аргагүй юм. Яагаад гэвэл сүнсэн хүмүүсийн мэдрэмж нь бие махбодтой байх үеийн мэдрэмжээс маш их, хурц болсон байдаг учраас. Гэхдээ диваажинд очих эхнэр нөхөр нь гэрлэлтийн хайрыг газар дээр байхдаа бодотоор хэрэгжүүлсэн үед л боломжтой. Зуун настай эхнэр нөхөр тэнгэрийн дэлхийд орлоо ч тэд залуу үе рүүгээ буцан очиж, бэлгийн чадавхи нь ч тэрхүү залуу үеийнхтэйгээ адил оргилон байдаг байна.Тэгвэл одоо бэлгийн хайрыг Шведенбургийн үгээр ялган зааглаж тайлбарлая.
Секс буюу бэлгийн хайр гэж юу вэ.
Бэлгийн хайр гэдэг нь секстэй хамаа бүхий олон харилцагчтай байх ба, тэдэнтэй бэлгийн сэдлээр холбоотой байхыг хэлдэг. Бэлгийн хайр нь бүх амьтанд байх төрөлхийн чанар болой. Энэ нь амьтны ертөнцийн бүх амьтанд байдаг байгалаас заяасан бэлгийн харьцаа юм. Энд ёс суртахуун, ёс зүй гэж байхгүй. Бэлгийн хайр нь олон харилцагчтай байх төдийгүй байгалын, адгууслаг шинжтэй тул хүний ёсонд таарахгүй, цэвэр бус юм. Бэлгийн хайр нь тэнүүчлэх шинжтэй ба тэсвэр тэвчээргүй ихэнхдээ завхайрах шинжийг агуулна. Гэвч амьтдын ертөнцөд энэ нь үр удмаа үлдээхийн төлөөх үйлдэл тул нүгэл биш юм. Гэвч хүмүүн бэлгийн хайраар биш гэрлэлтийн хайраар амьдрахаар байдаг. Энэ нь бүтээлийн Эзэний оргил бүтээл болох хүнд л өгсөн хууль. Хүний гэрлэлтийн хайр амьтны бэлгийн хайраас ялгаатай. Гэрлэлтийн хайр нь Бурханы бүтээлийн хүслэнг төгс төгөлдөржүүлдэг хайр болохынхоо хувьд мөнхөд нэг эрэгтэй нэг эмэгтэйн хоорондох хайр болой. Энд туйлын ариун ёс журам байх ёстой. Тиймээс гэрлэлтийн хайранд амь амьдралын үр болох зүйл нь “ариун ёс журам” юм. Энэхүү ариун ёс журам үгүй бол эхнэр нөхрийн хайрыг гэрлэлтийн хайр гэхгүй. Ариун ёс журам гэдэг бол нөхөр нь өөрийн эхнэр гэдэг ганц л эмэгтэйг, эхнэр нь өөрийн нөхөр гэдэг ганц л эрэгтэйг хайрлах явдал. Шведенбург бэлгийн хайр ба гэрлэлтийн хайрыг ийнхүү тодорхой ялган зааглажээ. Тиймээс диваажинд орж байгаа эхнэр нөхөр гэдэг бол газар дээр энэхүү гэрлэлтийн хайраар амьдарч ирсэн л эхнэр нөхөр байдаг. Газар дээрх эхнэр нөхөр ба диваажингийн эхнэр нөхрийн нэгэн том ялгаатай тал нь газар дээр гэрэлсэн эхнэр нөхөрт хүн амыг өсгөн үржүүлдэг ариун үүрэг байна. Энэхүү хүн ам нь эхлээд газрын хүн ам болох ч эцэстээ диваажингийн хүн ам юм. Тиймээс газар дээрх эхнэр нөхрийн ариун үүрэг хариуцлагын нэг нь тэнгэрийн улсын хүн амын өсөлтөнд хувь нэмрээ оруулах явдал билээ.Тэгээд газар дээр зуун жил аз жаргалтай амьдарсан эхнэр нөхөр ч бие махбодоо тайлан диваажинд орвол орь залуу нас руугаа буцан очдог. Тиймээс бүгдийнх нь орь залуу насны хайрын чадвар нь эргэн ирдэг ажээ. Гэрлэлтийн хайраар зангилагдсан эхнэр нөхрийн диваажин дах баяр баясгалан ба аз жаргалыг үгээр хэлэхийн аргагүй. Тэдний бэлгийн амьдралыг газар дээрх бэлгийн амьдралтай харьцуулахад төсөөлөөс давсан дэндүү амттай, баяр цэнгэл болой. Жинхэнэ эхнэр нөхрийн амьдрал тэнгэрийн дэлхийд байдаг.Диваажинд гэрлэлтийн хайраар зангилагдсан эхнэр нөхөрт цутган ирдэг Бурханы хайр бол хайрын туйл билээ. Диваажингийн бүх хайрын тэргүүнд байдаг хайр бол диваажингийн эхнэр нөхрийн хайр болой. Баяр баясгалангийн диваажин, хайранд согтож амьдардаг диваажин бол даруй энэхүү гэрлэлтийн хайраар нэгдсэн эхнэр нөхрийг хараад хэлсэн үг юм. Тэгээд тэрхүү ариун ёс журамт хайр нь гүнзгийрэх тусам баяр баясгалан нэмэгдэн эхнэр нөхөр улам бүр нэгдэн нэгэн бие болдог.
Ийм дээдийн баяр баясгалан ба аз жаргал диваажинд байдаг нь энэхүү гэрлэлтийн хайранд Бурхан хамт оршдгийн учир юм. Эхнэр нөхөр нэг болж байж сая Бурхантай бүрэн төгс адилхан болох тул тэнд Бурханы төгс хайр буун ирж нэгдэнэ. Хүн ба Бурхан бүрэн төгс нэгдэх мөч бол зөвхөн гэрлэлтийн хайр болой. Бурхан ба гэрлэлтийн хайраар холбогдсон эхнэр нөхрийн хувьд гурван бие нэг төгс бие болдог. Тиймээс диваажингийн дээдийн баяр баясгалан ба аз жаргал нь энд байхаас өөр аргагүй. Энэ нь даруй энэ номны дэд гарчигт байсан “үхлийн дараа үеийн үед мөнхийн залуугаараа байх” билээ. Гэрлэлтийн хайр диваажингаас өөр газар байдаггүй. Тамд гэрлэлтийн хайр байх боломжгүй, тэнд нүгэлт садар самуун л байдаг. Гэхдээ газар дэлхийн эхнэр нөхөр гэрлэлтийн хайрыг төгс төгөлдөржүүлээд диваажинд орсон жишээ маш ховор гэсэн.
Шведенбург ингэж хэлжээ.
Эртний үеийн эхнэр нөхрүүд бараг бүгдээрээ диваажинд орсон байтал эрт дээр үеэс наашлах тусам газар дэлхийн хүмүүсийн сонирхол нь эд юмс ба шинжлэх ухааны тал руу хэлбийж улмаар диваажингийн эхнэр нөхрийн тоо багассан. Цаашлаад орчин үед ирэхэд хүний ёс суртахуунлаг чанар маш доройтосон байна. Хүмүүсийн сонирхол илүү биеийн зугаа цэнгэлд автаж, сүнсэн ертөнц, диваажингийн эхнэр нөхрийн хайр байдаг ч гэж мэдэхгүй байгаа нь бодот байдал билээ. Хүмүүсийн бэлгийн ухамсар ба үйлдэл нь аажмаар амьтны бэлгийн хайранд ойртож байна. Энэ нь газар дээр дээрх амьдралыг хараад сууж буй Бурханы уй гуниг болой.
Шведенбург, эхнэр нөхөр байлаа ч нэг нь диваажинд очиж, нөгөө нь тамд унадаг тохиолдол олон гэж хэлсэн. Бүгд бие биенээ үнэнчээр хайрлаагүй нөхрүүд юм. Эхнэр нөхөр сүнсэн хоёр ертөнцөд ирвэл юун түрүүнд эхнэр нөхрийн амьдралаас эхэлнэ. Энэ нь дундын сүнсэн ертөнцийн 1 дэх үе шатанд болдог явдал юм. Гэтэл газар дээр байхдаа бэлгийн хайраар л амьдарсан, гэрлэлтийн хайр байгаагүй эхнэр нөхөр гарцаагүй салдаг. Тэгвэл тэрхүү эхнэр нөхрүүд хоорондоо хамаагүй хүмүүс болж дан ганц биеэрээ байж байгаад тус бүртээ өөр сүнсэн ертөнц рүү явдаг. Зарчмын үүднээс тэнгэрийн хүсдэг зүйл нь газар дээр бүгдээрээ хүслэнт харилцагчтайгаа учран, төгс гоо гэрлэлтийн хайрыг хэрэгжүүлээд хамтдаа диваажинд ирэн диваажингийн эхнэр нөхөр болох явдал билээ. Энэ нь диваажин руу явдаг үндсэн хэлбэр болой.
Газар дээрх гэрлэлт нь хүний нийгмийн хийгээд биемахбодын нийлбэр ихэнх нь.
Газар дээрх бүх гэрлэлт нь 100 хувь хүслэнт байх нь ховор.
Тэгээд бие махбодтойгоор амьдрах үеийн газар дэлхийн гэрлэлт нь гадаад орчноос шалтгаалах нь олонтаа. Газар дэлхийн гэрлэлт нь юун түрүүнд бэлгийн хайраас эхэлдэг. Тэгээд эхнэр нөхөр болон амьдрангаа сүнсээрээ холбоотой болохын зэрэгцээ тэрхүү бэлгийн хайр нь гэрлэлтийн хайр болон хөгжих ёстой байдаг. Ингэх ч ёстой. Гэтэл гэрлэлтийн өмнөх үеийн амттай сайхан байдал ба гэрлэлтийн дараах бал сарын сайхан үе ч цаг хугацаа өнгөрөхөө дагаад мартагдаж ч болох юм.
Энд шалтгаан янз бүр байх ч хамгийн түрүүнд гэрлэлт гэдэг хичнээн чухал зүйл болохыг ухамсарлан, тэрхүү гэрлэлтээ мөнхөд хадгална гэх шийдвэр эхнээсээ учир дутагдалтай байх нь эхний шалтгаан юм. Гэрлэлтийн талаар хүн төрөлхтөн ноцтой ханддаггүй. Энэ нь мэдээж сүнсэн ертөнцийн талаарх мэдлэггүй байдлаас болж байгаа. Эхнэр нөхрүүдийн гал халуун хайр хөрөн, хөндий хүйтэн харилцаатай болж, эцэстээ салдаг.
Бас өөр тохиолдолд, эхлээд халуун байсан хайр нь гэрлэлтийн хайр болон хөгжиж чадалгүй бараг хэлбэр төдий, үүрэг төдийгөөр амьдрах эхнэр нөхөр болон хувирдаг. Энд янз бүрийн шалтгаан байдаг нь гэр бүлээ бусинуулахыг хүсээгүй, чимээгүй амьдрахын тулд, хайртай хүүхдүүдийнхээ төлөө, бас нийгэмд нэр төрөө хадгалж үлдэхийн тулд, өмч хөрөнгөнөөс болж ...салахгүйгээр хайр байхгүй ч хүчээр эхнэр нөхрийн нэр зүүн амьдран байдаг.
Заримдаа ханиасаа айснаас, нэр нүүрээ бодож, гэр бүлтэй хүн шиг харагдан нууцаар хүнтэй явалдахын тулд, тусламж авдаг эхнэрийнхээ ар гэртэй холбоотойн улмаас, эдийн засгийн хувьд яах ч аргагүйгээсээ ... эхнэр нөхрийн хайр огт үгүй амьдрах хэцүү ч ийм тийм нийгмийн хориг хязгаарлалтаас улбаалан нэр төдий эхнэр нөхөр хүмүүс бодсноос ч их.
Үүнтэй адил гадаад талын, хэлбэр төдий эхнэр нөхрүүд сүнсэн ертөнцөд очоод гарцаагүй өөр замаар явдаг. Нэг нь диваажинд орж, нөгөө нь там руу унах тохиолдол тоолж барамгүй олон. Энд гэрлэлтийн хайрын ул мөрийг ч олж чадахгүй. Мэдээж эхнэр нөхөр хоёулаа тус тусдаа тамд унах тохиолдол ч мөн тоогүй олон.
Диваажингийн үзэсгэлэн гоо нь гэрлэлтийн хайрын үзэсгэлэн
Диваажинд гэрлэлтийн хайраас илүү эрхэм нандин хайр байдаггүй.
Бие биенээ мэдэж танихгүй байж байгаад зуучлалаар гэрлэлээ ч гэсэн гэрлэлтийн амьдралаар дамжуулан жинхэнэ хайр соёолж Бурханд итгэн, бусдыг хайрлаж, үхсэн ч хагацаж салахгүй эхнэр нөхөр болон үзэсгэлэн төгс гэрлэлтийн хайрыг бий болгож болно. Тэрхүү эхнэр нөхөр бол газар дээр аль хэдийн диваажингийн амьдралаар амьдарч байгаа эхнэр нөхөр юм. Ийм эхнэр нөхөр үхвэл гарцаагүй диваажинд очно.
Диваажинд гэрлэлтийн хайраас тэнгэрийн элчүүдийн бүх үзэсгэлэн гарч ирдэг.
Анхилуун сайхан үнэр ханхална. Гэрлэлтийн хайраас гарч ирдэг баяр баясгалан ба аз жаргал нь эрдэнэсийн туяатай адилхан ба үүнийг газар дээрх ямар ч баяр баясгалантай зүйрлэхийн аргагүй билээ. Дүрслэхийн аргагүй, диваажинд л байдаг баяр баясгалан, аз жаргал ажээ.
Хайр ба үнэний гэрлэлт
Диваажингийн тэнгэрийн элчүүдийн эхнэр нөхрийн амьдрал нь даруй диваажинд “хайр ба үнэний гэрлэлт” гэж нэрлэгдэх ба нөхөр нь үнэнийг, эхнэр нь хайрыг төлөөлдөг. Нөхөр нь гэрлийг, эхнэр нь халуун дулааныг бэлэгдэнэ. Эхнэр нөхрийн нэгдэл нь даруй гэрэл ба дулааны нэгдэл, гэрлэлт юм. Шведенбург бас ухаан ба хүсэл сэтгэлийн гэрлэлт ч гэж хэлсэн. Ухаан нь нөхрийг, хүсэл сэтгэл нь эхнэрийг бэлэгдэх болой.
Үнэн ба хайр нь салшгүй нэг юм. Ухаан ба хүсэл сэтгэл ч адил. Тиймээс үнэн ба хайрыг бэлэгдэх диваажингийн эхнэр нөхөр нь мөнхөд салшгүй үеийн үед мөнхийн залуу сайхнаа дуурсган байдаг. Диваажингийн үзэл санааг хамгийн сайн илэрхийлдэг зүйл нь даруй гэрлэлтийн хайрын хүслэн болой.
Шинээр ирсэн сүнсэн хүмүүстэй ярилцсан диваажингийн бэлгийн амьдрал
Нэгэн өдөр Шведенбург шинээр ирсэн гурван сүнсэн хүмүүстэй уулзжээ.
Тэд нар газраас сүнсэн ертөнцөд дөнгөж ирээд байсан сүнсэн хүмүүс байсан учраас дундын сүнсэн ертөнцөд байлаа. Тэд өөрсдийгөө үхэлгүй сүнсэн ертөнцөд өмнөх шигээ үргэлжлүүлэн амьдарч байгаадаа маш гайхан байлаа. Тэд үхвэл авсанд ороод, Эзэн дахин ирэх сүүлчийн шүүлтийн өдөр яс махтайгаа яг тэр хэвээр дахин амьдарна гэж итгэж байсан хүмүүс. Тэд өөрсдийгөө үнэхээр амьдарч байгааг баттай мэдэхийн тулд гурвуулаа бие биенээ ээлжлэн хараад барьж базлан, чимхэж үзжээ. Тэгээд өөрсдийгөө амьд байгааг баттай мэдээд маш ихээр баярласан ба сүнсэн ертөнц нь газраас хэд дахин гэрэл гэгээтэй төгс дэлхий болохыг мэдлээ. Хараахан тэнгэрийн дэлхий биш байхад л тэр шүүдээ. Эд нарын сүнсэн ертөнцөд ирээд хамгийн ихээр сонирхсон зүйл нь “сүнсэн ертөнцөд бэлгийн амьдрал байдаг уу” гэдэг асуудал байв. Шведенбург диваажингийн хоёр тэнгэрийн элчийг дуудаж ирээд тэдгээр шинэ сүнсэн хүмүүст тэнгэрийн элчүүдээс хүссэн зүйлээ асуу гэж хэллээ.Тэнгэрийн элчүүд тэдгээр 3 шинэ сүнсэн хүмүүсийг хартал тэдний нүдэнд эсрэг хүйстнээ сангалзах шунал тачаал гал шиг дүрэлзэн байв.
Шинэ сүнсэн хүмүүсийн нэг нь тэнгэрийн дэлхийн эрэгтэй ба эмэгтэй тэнгэрийн элчүүд гарцаагүй эр эм хүйстэй юу гэсэн асуулаа. Тэд диваажингийн сүнсэн хүмүүс бүгдээрээ манин болдог гэж сонссоноо хэлэв.
Тэнгэрийн элч ингэж хариулжээ.“Нэг үгээр хэлэхэд диваажинд эрэгтэй нь эрэгтэйгээрээ, эмэгтэй нь эмэгтэйгээрээ байдаг. Бүтээгдсэн хүнд цогцолсон тэрхүү төгс чанараа бүгд агуулан байдаг. Та бүхэн энэ асуултанд эргэлзэж байвал нэг алхам ухраад өөрсдийнхөө эр хүний чадавхиа шалгаад үз. Та нар бол эрэгтэй хүмүүс, алга болж дутсан зүйл байна уу?
Шинээр ирсэн сүнсэн хүмүүс мөн ийнхүү асуулаа.
“Газар дээр ингэж сонсч байсан юмаа, тэнгэрийн элч болчихвол бэлгийн амьдрал байхгүй, бас тэнгэрийн дэлхийд гэрлэлт байхгүй гэсэн, энэ үнэн үү?”
“Диваажинд та нарын бодож байгаа бэлгийн хайр байхгүй. Тэр бол тамд байдаг. Диваажинд бол зөвхөн гэрлэлтийн хайр л байдаг. Диваажингийн бэлгийн харьцаа нь бие махбодын хүслээс гарч байгаа хүсэл тачаалын шинжтэй бус, гагцхүү гэрлэлтийн хайраас гарч ирдэг ариун сүнсэн хайр юм.”
Энэ үед диваажингаас газар дээр харж байгаагүй тийм үзэсгэлэнтэй залуу эрэгтэй эмэгтэй хүмүүс бууж ирлээ.
Тэнгэрийн элч тэднийг танилцуулав.
“Эд нар бол диваажинд амьдардаг залуучууд, бүсгүйчүүд юм. Нялх бага байхдаа диваажинд ирээд ийм үзэсгэлэнтэй идэр залуус бүсгүйчүүд болсон. Удахгүй Эзэн хүслэнт харилцагчийг нь олж мөнхийн адислалын гэрлэлтээр гэрлүүлэх ариухан эрэгтэй эмэгтэйчүүд юм.”Шинээр ирсэн сүнсэн хүмүүс диваажингийн бүсгүйчүүдийн үзэсгэлэнд амаа ангайн хэсэг хугацаанд үг хэлж чадсангүй. Тэр зуур өөрсдөө ч мэдэлгүй бэлгийн хүсэл нь асч тачаангуй харцаар тэднийг харж байлаа. Диваажингийн бүсгүйчүүд тэдэнд дөхөж очихдоо могой харсан мэт дотор нь палхийн зогтуслаа. Тэгээд ийнхүү хэлэв.“Эдэн рүү ойртуулахгүй байж өгөөч. Эд бол ариун ёс журамгүй хүмүүс. Муухай үнэр нь хамар цоргиж, дүр төрх нь ч муухай байна. Тал нь хүн тал нь араатан хувилгаан сатирус юмуу эр бэлгийн хүч чадлын хувилгаан приапус шиг харагдаж байна.” Тэнгэрийн элчүүдийн нүдэнд тэд адгуус шиг харагдаж байлаа. Шинээр ирсэн сүнсэн хүмүүс дуу алдан асуулаа. “Диваажинд ариун ёс журам л байдаг юм бол юуных нь сонирхолтой байх вэ. Тийм амьдрал бол хатсан навч зажлахтай адил биш гэж үү. Сэтгэл татах юм огт алга. Эмэгтэй хүн хичнээн үзэсгэлэнтэй байлаа гээд ямар хэрэг байгаа юм бэ. Харахын заяа байвч хазахын заяа байхгүй гэдэг шиг юм биш үү. Та нар гэрлэлтээс гадуурх хайр гэж сонсож байсан уу?” Диваажингийн бүсгүйчүүд нүдээ эргэлдүүлэн чанга дуугааа хэллээ. “Юу гэнэ ээ? Гэрлэлтээс гадуурх хайр аа? Та нар юу ярьж байнаа? Хүний чих халууцах тийм үг та нарын амнаас гарч байх гэж. Бурханы бүтээгээгүй хайр яаж үүсч болдог юм бэ?” Энд тэнгэрийн элч дэлгэрэнгүй тайлбарлав. “Диваажинд хүний ёсонд таарахгүй зүйл гэж юу байдгийг мэдэхгүй. Тийм зүйл оршин байдаг гэдгийг ч мэдэхгүй байгаа. Тэнгэрийн элчүүд бол хүний ёсонд таарахгүй хайр ч юмуу гэрлэлтээс гадуурх хайр гэдэг үгийг сонсох төдийхөнд ч бүх бие нь царцаж орхидог. Түүний эсрэгээр ариун ёс журамт хайр, гэрлэлтийн хайрын талаар сонсох үед бүх биед нь гал цог огшдог. Диваажингийн эрэгтэйчүүд биеэ үнэлэгч эмэгтэйг харах төдийд л бүх ухаан мэдрэл нь хөрч, өөрийн эхнэрийн дүр төрхийг харах төдийд л бүх биед нь эрч хүч мэдрэгдэж байдаг.”
Шинээр ирсэн сүнсэн хүмүүс дахин асуулаа.
“Шууд л асууя. Диваажинд бэлгийн амьдрал байдаг юм уу, үгүй юу?”
Тэнгэрийн элчүүд чангаар инээв. “Жинхэнэ бэлгийн амьдрал гэдэг бол диваажинд л байдаг. Энэ бол газрын бэлгийн амьдралтай харьцуулашгүй. Гэвч энэ бол зөвхөн гэрлэлтийн хайраар холбогдсон эхнэр нөхөрт л байдаг. Та нарын бодож байгаа бэлгийн хайр байхгүй. Яагаад бэлгийн амьдрал диваажинд л байдаг вэ гэвэл Бурханы хайр буун ирж гэрэл цацруулахад тэнгэрийн элчүүдийн хайр ба амьдралын хүч нь газрын хүнтэй харьцуулахад илүү хурц, тансаг байдаг ба мэдрэмжийнх нь гүн гүнзгий байдал нь газрынхаас хэдэн арав дахин илүү юм. Гэрлэлтийн хайранд амьдралын хүч ба бэлгийн хүч халгин цалгин байдаг. Гэрлэлтийн хайр хүчтэй байх тусам тэнгэрийн элчүүдийн бэлгийн хүч нь төсөөлж ч чадахааргүй их болдог. Диваажинд бэлгийн амьдрал байхгүй гэвэл тэр нь диваажин биш сүм хийд, там болох билээ. Гэрлэлтийн хайраас ирж байгаа бахдал хөөрөлд умбасан байдлын баяр баясгалан ба сэтгэл ханамжаас болж диваажин гэж хэлж байгаа юм. Диваажингийн хүний гэрлэлт бол сайн ба үнэний гэрлэлт бөгөөд, энэ гэрлэлтээс гарч байгаа хүүхэд нь “хайр ба ухаан” билээ. Үүнийг диваажингийн сүнсэн хүүхэд гэж хэлдэг. Энэхүү хайр ба ухааны үр жимс нь диваажингийн эхнэр нөхрийг илүү төгс төгөлдөр болгож, мөнхөд үргэлжлэх тусам эцэс төгсгөлгүй төгөлдөржиж байдаг. Та нар бол төсөөлж ч чадахгүй байгаа биздээ.” Тэгээд тэнгэрийн элч эрч хүчтэйгээр яриагаа дуусган хэллээ.“Та нар өөрсдөө ариун ёс журамгүй хүмүүс болохоороо ариун ёс журам гэж юу байдгийг мэдэхгүй. Тэнгэрийн элчүүдийн ариун хайр нь эрэгтэй эмэгтэй аль нь ч бай хүсэл тачаалын шинжтэй бие махбодын хүслээс гардаг бэлгийн дур хүсэл биш дотоод гүнээс оргилон гардаг сүнсэн хайр юм. Нөхөр нь үргэлж ёс журамтай байдаг ба эхнэрийн үзэсгэлэн нь тэр чигээрээ ариун журам байж хоорондоо сүнсээрээ мэдрэгддэг баяр баясгалан билээ. Харамсалтай нь та бүхэн диваажинд орж чадахгүй хүмүүс байна. Өөрсдийнхөө явах газар луу явцгаана уу.”
Энэ үгийг хэлээд тэнгэрийн элч ба ариухан залуус бүсгүйчүүд диваажин руу буцлаа.Шинээр ирсэн энэхүү гурван сүнсэн хүмүүс газар дээр байхдаа хүмүүний ёсонд таарахгүй садар самууныг зугаагаа болгож байсан хүмүүс учраас тамд унахыг нь Шведенбург харжээ.
Зүй бус хайрын төрөл
Бүх зүй бус хайр тэнгэрийн хуулинд харшлах тул тэнгэрийн дэлхийд хүлээн авахын аргагүй. Зүй бус хайрын нүгэл нь хүний хүн чанарыг эвдэн сүйтгэж, оюун ухаан ба бие махбодыг хэлэхийн аргагүй шархлуулдаг. Цаашлаад ариун цусан удмыг сүйтгэдэг ба энэ нь бүтээлийн эзэн Бурханы хамгийн их жигшдэг зүйл болой. Өмнө өгүүлсэнчлэн садар самууныг үйлдсэн хүний явдаг там нь хамгийн адгийн там байна. Гэрлэхээс өмнөх бэлгийн харьцааг садар самуун гэдэг. Гэрлэлтийн дараа бол үүнийг завхайрал гэх ба Шведенбург үүнийг гурван төрөлд ангилсан.
1. Дангаар завхайрах
· Ганц бие эрэгтэй юмуу эмэгтэй хүн гэрлэсэн эрэгтэй юмуу эмэгтэй хүнтэй харилцах
2. Давхар завхайрал
· Гэрлэсэн эрэгтэй гэрлэсэн эмэгтэйтэй, гэрлэсэн эмэгтэй гэрлэсэн эрэгтэйтэй харилцах
3. Гурвалсан завхайрал
· Цусан төрлийн хамаатантайгаа завхайрах. Цус холилдох ч гэдэг.
Садар самуун явдлаас завхайрал нь илүү хүнд нүгэл ба завхайрлын дундаас цусан төрлийн хамаатантайгаа завхайрах нь хамгийн хүнд нүгэл юм. Бас садар самуун ба завхайрлын аль нь ч байсан ийм үйлдлийг нүгэл гэж бодолгүй өөрийн санаан зоргоор ичгүүргүйгээр үйлдэх нь бүр илүү хүнд нүгэл болой. Гэтэл тэрнээс муухайгаар завхайрах үйлдэл байдаг.
· Эмэгтэй хүнийг хүчирхийлэх
· Гэрлэсэн эмэгтэйг уруу татахдаа мэргэших
· Бэлгийн дарамт
· Цайлган цагаан жаахан охиныг бэлгийн дарамтанд оруулах
Эдгээр нь солиотой зугаа болохын хувьд үнэхээр галзуурсан зүйл ба хамгийн хатуу чанга тамын замнал эд нарыг хүлээж байдаг. Ийм завхайрлын гэмт хэрэгтэй хүмүүс үхвэл бараг бүгдээрээ дундын сүнсэн ертөнцийг дамжилгүй гуравдугаар там руу явдаг. Тэнд оршин суудаг сүнсэн хүмүүс араг ясандаа арьс нөмөрсөн дүр төрхтэй байдаг ба тэдний гаслах чимээ тэнгэр газрыг доргиулж байдаг байна. Тэд уранхай хувцас нөмөрч, муухай үнэр нь холоос үнэртэн байдаг.Гэтэл хамгийн жигтэй, аймаар нь тэдний биенд бүсэлхий, өгзөгний хэсэг байдаггүй. Энэ нь гэдэсний хэсгээсээ хоёр хөл нь гарах ба цээжнээс доошоо бараг хүний дүр төрх гэмээр зүйл үгүй.
Шведенбург хөтөч тэнгэрийн элчээс асуулаа.
“Тэд яагаад тийм сонин гаж байгаа юм бэ?”
Тэнгэрийн элч хэлэв.
“Хүний бүсэлхий ба өгзөгний хэсэг бол Бурханы бүтээлийн хүслэн болох гэрлэлтийн хайрын хэсэг юм. Гэтэл тэд ариун ёс журмыг гутааж гэрлэлтийн хайрын ул мөр ч үгүй хүмүүс учраас сүнсэн биед нь бүсэлхий ба өгзөг байхгүй байгаа юм.” Холоос харвал тэд нар хүн гэж ч харагдахгүй, мангас гэж ч харагдахгүй царцмалыг бөөрөнхийлөөд тавьчихсан юм шиг харагддаг гэнэ. Өөрсдөдөө байсан гэрлэлтийн мөн чанарыг хэсэг хэсэг болгон тасдаж хаяад хүмүүн бусын завхайралд адгуусны шинжтэй бие махбодын хүсэлдээ автвал тийм амьдрал хүлээж байдгийг Шведенбург онцгойлон ойлгуулахыг хүсч байна гэж тэмдэглэжээ.
Гэрлэлт бол ариун зүйл бөгөөд эхнэр нөхрийн ариун журамт нэгдэл нь сансар хорвоогийн хамгийн үнэ цэнэтэй зүйл ба цаашлаад гэрлэлт нь диваажингийн иргэнийг үйлдвэрлэн гаргах мод үржүүлэх газар юм. Бурханы бүтээлийн хүслэнд хамгийн ихээр харшилдаг завхайрал, садар самуун нь Бурханы хамгийн ихээр жигшдэг зүйл гэдгийг мэдэх хэрэгтэй. Гэвч завхайрлын дотроос дангаар завхайрах юмуу давхар завхайрах нь мэдлэггүй байдлаас үүсэх тохиол олон байх ба сайн явдал уу муу явдал уу гэдгийг шийдэхийн өмнө шунал тачаалын шинжтэй, гэнэтийн байдлаар явагдах юм. Тийм ухамсаргүй, гэнэтийн байдалтай нүгэл нь гэмшил, дахин амьдрал хүртэх боломжтой гэж Шведенбург хэлж байна. Өршөөгдөшгүй нүгэл нь “садар самуун яаж нүгэл болох юм бэ” гэж айж эмээх зүйлгүй зугаацаж буй ичгүүр сонжуургүй явдал юм. Өөрийн ухамсар сэтгэхүйгээр завхайрлаа зөвтгөж, санаан зоргоороо үйлдсэн садар самуун нь өршөөгдөх замгүй. Гэвч хүн газар дээр бие махбодтой амьдарч байхдаа ямар нэг хэмжээгээр гэмшиж нүглээ арилгах боломжтой.Гэтэл нэгэнт бие махбодоо тайлан сүнсэн ертөнцөд ирвээс тийм боломж байдаггүй ажээ. Шоо аль хэдийн шидэгдсэн учраас юм. Улаан нүглийг цас адил цагаан болгож угаахаар Есүс газар дээр ирсэн нь ийм нүгэлт хүмүүсийн төлөө билээ.Энэ адислалын дээд адислал юм. Тиймээс газар дээр Эзэнд итгэж нүглээ наманчлан дахин төрж, үхэхийнхээ өмнө газар дээр гэрлэлтийн хайрыг бий болгоход бүх хүчээ дайчилж буй хүний нийгэм бол даруй газар дээрх диваажин юм.Шведенбургийн хамгийн чухал захиас бол “Хүнд үхэх өдөр хүртэл боломж байдаг.” гэдэг зүйл юм. Гэмшиж нүглээ арилгах боломж гэсэн үг. Дахин төрж, өөрийгөө шинэчлэх нь газар дээр бие махбодтой байхад л боломжтой. Бие махбод нүглийг үйлддэг ч бас нүглийг угаадаг. Газар дэлхий ба бие махбод ашигтай алтан боломж юм. Өөрийгөө нүглээс, муугаас чөлөөлөх нь эцэстээ миний санаа зоригийн асуудал. Үхэх мөчид бүх боломж үүрд алга болмой.