11/30/10

ХАЙР

Хайр  
Бид цөмөөрөө хайрлаж, хайрлуулах хүсэл эрмэлзлэлээр төгс байдаг. Хайр гэдэг бол бидний үргэлж хүсэн мөрөөдөж байдаг, зохиолчдын зуун зуун жил бичсээр ирсэн, дуучдын зуун зуун жил дуулсаар ирсэн тэр зүйл мөн. Аль ч орны радио өргөн нэвтрүүлгийг хагас цаг сонсоход нэвтрүүлдэг дууны олонх нь хайр дурлалын сэдэвтэй байгааг төвөггүй мэднэ. Эдгээр дуунууд хайр дурлалын баяр баясгалангийн тухай өгүүлнэ. Түүнчлэн мартагдсан хайр, хуурамч хайр, хүмүүс бие биеэ хэрхэн хайрладаг, хайр яаж ирдэг, хэрхэн холддог тухай дуу хэдэн арваараа бий. Бид яагаад хайрын тухай ном уншиж, кино үздэг билээ? Хайрын түүх хүмүүсийн зүрх сэтгэлд тогтсон хөвчийг доргиодогт биз ээ. Бид бүхий л амьдралын турш үргэлжлэх хайрыг хүсэж хүлээж байдаг.
Хэнд ч хэдэн сар, хэдхэн жил үргэлжлэх түр зуурын тийм хайр хэрэггүй. Үүнийг хайр гэх үү? Бид амьдралын минь турш үлдэх, бие биеэ нөхөн дүүргэж байх тийм л хайрыг мөрөөдөж байна. Үүнийг хүсдэггүй хэн нэгэн хорвоо ертөнц дээр байдаг гэж үү? Үүний хамт хайр яагаад тэгж тааж болшгүй нууц, олж болшгүй нандин байна вэ? Үнэн хэрэгтээ бид хайр гэж чухам юу юм бэ? гэдгийг мэдэхгүй байна. Хайр яагаад гялсхийн ил гарч, далд орж байна вэ? Яагаад ийм их хуурамч хайр байна вэ? Хайр их мөрөн шиг тунгалаг арвин хэрнээ хайр найргүй эвдлэн сүйтгэгч хүч болдгоос тэр биз ээ. Тэр бол тодорхойлж болдоггүй зах хязгааргүй зүйл бөгөөд тэр тусмаа хүн түүнд живж болохоор эд юм. Хайр мөс мэт ариухан, өнгөлөг хэрнээ үүл мэт арилчихдаг эд. Тэр тусмаа хайр бол ус мэт бидний амьдралыг тэтгэгч үндэс бөгөөд түүнгүйгээр бид нэгээхэн хоромч амьдарч чадахгүй билээ. Ингэхлээр байнга хувьсаж байдаг хайр гэгч чухам юу юм бэ? Түүнийг эрж хайх хэрэгтэй юм уу, өөрийг нь хүрч иртэл зүгээр хүлээгээд байж байх хэрэгтэй юм уу? Зарим хүнд хайр олддог, заримд нь олддоггүй гэдэг үнэн үү? Энэ хайр мөн үү биш үү, яаж итгэх вэ? Ер нь түүнийг эрэх нь зөв үү? Хайр гэж юу вэ? Ер нь бид хайрыг тодорхойлж чадах уу? Хайрын үндсэн шинж элементүүд нь ямар байдаг вэ? Хайр үүсгэхийн тулд ямар ч байсан хоёр хүн байх ёстой: Нэг нь нөгөөдөө хайраа бэлэглэж , нөгөө нь тэр хайрыг хүлээн авна. Тэр үед хайрыг нь хүлээн авсан хүнд хариулах эрмэлзэл төрнө. Үүгээр тэр хоёрын хооронд холбоо бий болох ба түүнийгээ салгахыг хэн нь ч хүсдэггүй. Ингэснээр энэхүү холбоос нь бэхжиж, энэ ертөнц дээр ямар ч хүн үүнийг салгаж чадахааргүй болдог билээ. Хоёр бие маань нэгэн цул болж нэгдэнэ. Тэд өөрсдийн хайраа хэзээ нэгэн цагт үгүй болчих вий гэж бодохоос ч айдаг болно. Ийм хайранд юу нөлөөлөх вэ? Ямар нэгэн харилцаа хайр шиг санагдах мөртлөө хайр биш байх уу? Яагаад зарим хайрын холбоос тасардаг вэ? Тасарахааргүй байлгаж болох уу? Хайртай төстэй үзэгдлүүд олон бий. Гэвч тэр болгон хайр биш. Манай дэлхий дээр хайраас болж зүрх зүсэм зүйл олон гардаг. Сэтгэл сэвтээдгийн гол шалтгаан нь энэ байж болзошгүй юм. Тиймээс ч олон хүн зүрх сэтгэлээ хайрын галд өртөөхгүй байх нь дээр гэсэн дүгнэлтэд хүрсэн биз ээ. Энэ тухай нэгэн зохиолч бичихдээ: “Хайрлах гэдэг бол эмзэг байх гэсэн үг. Хэрэв та хайр сэтгэлээ тохиолдлын хүн болгонд өгөх юм бол зүрх чинь ямар нэгэн хэмжээгээр шархалж болно. Эцэст шархадсан зүрхтэй үлдэж ч магадгүй” гэжээ. Хүмүүсийн элэгсэг дотно харилцааны үндэс нь хайр юм. Хайр: Хүнд эрч хүч өгч, баяр хөөр авчирдаг Хүнд уйтгар гунигийг төрүүлдэг Хайр сэтгэл 2 талтай: Зүрх сэтгэл, оюун ухаан нягт холбоотой мөртлөө ялгаатай. Оюун ухаан: Хүний бодол санааг хянан зохицуулж зөв сонголт шийдвэр гаргахад туслана. Зүрх сэтгэл: Сэтгэлийн хөдлөлийг хязгаарлан барьж аз жаргал, баяр баясгаланг бэлэглэдэг. Гэвч энэ хоёр нь амьдралд хоорондоо зөрчилдөөнтэй байдаг. Хайр дурлалд зүрхээ алдаж болно. Харин ухаанаа алдаж болохгүй. Хэрвээ чи ухаанаа алдах л юм бол өөрийгөө болон найз нарыгаа алдах болно. Жинхэнэ хайр дурлалтай учирхад тэвчээртэй бай цаг хугацаа чамд хэлээд өгнө. Тухайн 2 хүн бие биенээ харилцан ойлгосон хэн нэгнийхээ эрх ашигийг хүндэтгэсэн нөхцөлд л хайр сэтгэл урт удаан хугацаагаар үргэлжилж жинхэнэ аз жаргал, баяр баясгаланг авчирдаг. Бие биедээ нэмэр болох Ертөнцөд бүх юмс хос хосоороо оршдог. Аливаа амьд ба амьгүй биет бие биенийгээ нөхөн гүйцээж, нэмэр болсон хосын харилцан үйлчлэлд оршин байдаг шүү дээ. Гарагууд нарыг тойрно, электрон протонтой харилцан үйлчилнэ. Эр эм хүйс үргэлжлэн оршсоор байна. Нэг туйлаас нөгөө туйлд нь хамрахгүйгээр амьдрал үргэлжлэхгүй. Тийм ч учраас хүн зөвхөн эмэгтэй эсвэл эрэгтэй болж төрдөг, гурав дах хүйс гэж байдаггүй. Гайхамшигтай нь, эрэгтэй эмэгтэй хоёр бүхий л талаар бие биедээ нэмэр болдог бөгөөд, манай дэлхий дээр жил болгон бараг тэнцүү тооны эр эм хүүхдүүд төрдөг явдал юм. Яг л бие биендээ нэмэр болцгоо гэсэн шиг. Зүг чигийн хувьд эрэгтэй нь гадагшаа, эмэгтэй нь дотогшоо чиглэх жишээтэй. Эрэгтэй нь байлдан дагуулж, гаднах байдлыг энх байлгах үүрэгтэй бол эмэгтэй нь үр тариа тарьж, доторхи байдлаа төвхөнүүлэх үүрэгтэй байдаг. Эр хүний үр гадагшилж байхад, эм хүнийх дотроо хадгалагдаж байх жишээтэй. Энэ хоёрын холбооноос шинэ амьдрал үүсдэгийг бид мэдэх билээ. Эрэгтэй эмэгтэй хамт байж байгалиас суралцдаг. Энэ бүхний эхлэл нь төрсөн үеэс тавигдах бие биеэсээ шаардах байнгын халамж дэмжлэг бөгөөд энэ харилцаагаар сая хүн болон төлөвшинө. Ингэж бие биедээ нэмэр болох зорилгоор ертөнц дээр эсрэг хүйст хүмүүс бий болжээ. Тогтвортой үзэл бодол Тогтвортой үзэл бодол нь хайрын салшгүй нэг хэсэг юм. Жишээлбэл: Эх хүн хүүхдээ хооллох, өсгөх гэж бүх сэтгэл, хүч чадлаа өгч, шөнийн нойрондоо ч харамсдаггүйн дээр үр хүүхдийнхээ сайн сайхны төлөө ямагт санаа зовж явдаг. Тиймдээ ч хүүхдээ том болсон хойно нь юу ч нэхдэггүй билээ. Эх хүнд хүүхэддээ зориулсан бүх зүйлээс чухам юу нь үлддэг юм бэ? Зөвхөн түүний хайр энэрэл л үлдэнэ. Эх хүнд өөр юу ч хэрэггүй. Хүүхэд нь эхээсээ өвлөж авсан энэ бүх хайрын сэтгэлээ хүүхдүүддээ дамжуулна. Хайрлах сэтгэлд хүний сайн муу чанарыг харьцуулан хэмжих ойлголт байдаггүй. “Дурлал сохор байдаг” гэсэн эртний зүйр үг нь дурлал хэмээн андуурч өөрийгөө хохироохгүй байхыг сануулсан хэрэг. “Би чамд хайртай яагаад гэвэл энэ бол чи” гэж ярьдаг. Бодоод үз л дээ. Ямар ч эх хүн хайртай хүүгийнхээ эсрэг шүүхэд мэдүүлэг өгч чадна гэж үү? Буруу юм хийснийхээ төлөө шоронд сууж байгааг нь мэдсэн ч эх хүн зүрх сэтгэлийнхээ гүнд хүүгээ ямагт зөвтгөж, түүнийгээ хайрын нүдээр ширтэж байдаг. Ийм хайрын сэтгэлтэй хүн өөрт нь зовлон учирсан ч гэсэн хүүгээ хайрлаж чаддаг билээ. Жинхэнэ эхнэр хүн эр нөхрөө хүнд байдалд байхад, мөнгө төгрөгний гачаал, ажил төрөл, нэр хүнд нь муудсан ямар ч үед хайрлаж чаддаг. Эр нөхөр нь ч мөн адил, эхнэрээ өтөлж бууралтсан үед ч хайрласаар байдаг. Жинхэнэ хайр сэтгэл гэдэг бол: “Чи минь наддаа амьдралаас минь илүү үнэтэй, чамайг хайрлах нь миний оршин байгаагийн бүхий л утга учир юм” гэж мэдэрч чадсан үед л байдаг болов уу? Үүрд мөнхийн чанар Хүн төрөлхтөн хойч үеийнхээ төлөө амьдарсаар ирсэн билээ. Хайр сэтгэл өөрөө өөрийгөө үргэлжлүүлэх жамтай байдаг. Тэгээд ч хайр хүнийг утга учиргүй зүйлээс хамгаалж амьдралыг нь улам сайхан болгодог учиртай. Иймээс зарим хүн “хайр сэтгэл бол амьдралаас ч илүү үнэтэй” гэж ярьдаг. Арга ч үгүй юм, хайр дээр тогтож байж сая амьдрал үүсдэг бус уу. Чамайг төрөхөөс өмнө аав ээж хоёр чинь хайр сэтгэлтэй болоод энэ хайр нь дээд цэгтээ хүрсний үр дүнд чи энэ газар дэлхий дээр мэндэлсэн билээ. Энэ утгаараа хайр сэтгэл амьдралаас өмнө үүссэн байж таарна. Чи эцэг эхдээ алт, мөнгөнөөс ч илүү үнэ цэнэтэй болж, тэд ч гэсэн чамайг энэ хорвоод юугаар ч солихгүй нь мэдээж. Энэ дэлхийн хүн бүхэн эр эм хүйсийн хайр сэтгэлээс л үүсвэрлэн төрсөн байж таарна. Хүүхэд төрөхөд аав ээж нь: “Хүүхэд төдийгүй шинэ ертөнц мэндэллээ” гэж хэлэх нь олонтаа байдаг. Бүхэл бүтэн ураг төрөл хайр дээр бүтэж босдог, хайр сэтгэл ийнхүү үнэ цэнээ алдалгүйгээр үеэс үед дамжиж иржээ. Хайр сэтгэлийн хүч Хүмүүс хайрын зам мөр, түүний хүчийг мэдэх ёстой. Америкийн судлаачдын тогтоосноор хайр сэтгэл 5 зүйлээр хэмжигддэг байна. Үүгээр тухайн хүн өөрийн амьдралдаа хайр дурлалыг хир зэрэг гүнзгий хүртэн авч байгааг мэдэж болох юм. Нэгдэх шинж: Эрчимжилт /хайрын хүч ба гүнзгийрэлт/ Хайрын тухай олон зохиол бүтээл уншсан хүнтэй бид тааралддаг. Гэхдээ хайр, хайрын тухай энэхүү үзэл бодлыг амьдралд хэрэгжүүлж чаддаггүй хүн ч байдаг. Ийм хүний хайрын эрчимжилт нь тэгтэй тэнцүү шахам байна гэсэн үг. Хэрэв бид автобусанд настай хүнд суудал тавьж байгаа, ядуу гуйлгачинд мөнгө өгч байгаа хүний сэтгэлийн эрчимжилт бага байна гэсэн үг. Хайр сэтгэлийн их эрчимжилт гэж юу вэ? гэвэл, бидний сэтгэлийн дээд илэрхийлэл түүний дотор амиа ч хүний төлөө өгөхөд бэлхэн байх явдал юм. Хоёрдахь шинж: /Үргэлжлэх хугацаа/ Дайны үед нэг цэрэг амь өрсөн байж нөгөөгийнхөө амийг аварсан тохиолдлууд байдаг. Гэтэл хэдэн цагийн дараа амь аврагдсан цэрэг нэг их юм болоогүй юм шиг, амийг нь аварсан цэрэг ч нэг их юм бүтээгээгүй юм шиг өнгөрөх нь бий. Яагаад ингэв? Түүний хайр нь богинохон үргэлжлээд өнгөрсөн хэрэг. Энэ бол хоёрдахь шинж. Мэдээжийн хэрэг бидний хэн нь ч ганцхан цаг, ганцхан өдөр буюу ганц жил үргэлжлэх хайр сэтгэлийг хүсэхгүй нь лавтай. Бид удаан хугацааны хайр сэтгэлийг мөрөөдөж явдаг юм. Энэ бол жинхэнэ хайр. Гуравдахь шинж бол түүний хамрах хүрээ юм. Зөвхөн өөрийн гэр бүл болон өөртөө хайртай хүн цөөнгүй байдаг. Таны хайр сэтгэлийн хүрээ хэр өргөн байдаг вэ? Хайрлах хүрээ нь зөвхөн таны таньж мэддэг найз нөхөд, ахан дүүсээр дуусдаг уу, аль эсвэл яс үндэс, шашин шүтлэг, арьс өнгөний ялгаварлал хамаарахгүй байх уу? Та хичнээн хүнд чин сэтгэлээсээ хайртай вэ? Таныг олон хүн хайрладаг уу? Таны оршуулган дээр хир олон хүн нулимс дуслуулах бол? Энэ бол хамрах хүрээний асуудал. Дөрөвдэх шинж бол цэвэр тунгалаг байх явдал юм. Энэ нь хүнийг байгаагаар нь л хайрлана гэсэн үг өөрөөр хэлбэл, түүний байр суурь, эд хөрөнгөнөөс нь хамаарч хувийн зорилгодоо хүрэхэд ашиглах явдал огтхон ч биш юм. Тэгээд ч хүнийг өөрийн зорилгодоо ашиглах гэж байгаа хүн шууд л танигддаг. Тавдахь шинж бол адил тэнцүү байх явдал. Өөрөөр хэлбэл хайр сэтгэлийн зорилго ба үр дүнгийн хоорондын холбоо юм. Жишээ нь: Миний хэн нэгнийг хайрласан хайр сөрөг үр дүнд хүргэх тохиолдол байдаг. Эрх хүүхдийг авч үзье. Бид хэтэрхий их хайрласнаар хатуужил тэсвэр олж чадахгүйд хүргэдэг. Зарим үед хайр хатуу ширүүн байж үр дүнгээ өгөх явдал цөөнгүй тохиолддог. Өөрөөр хэлбэл хэтэрхий зөөлөн юмуу, хатуу байж болохгүй гэсэн үг. Монголчууд бидний “Хайр нь дотроо, хал нь гаднаа” гэдэг үгээр үүнийг тайлбарлаж болох юм. Эндээс хайр болоод дүрэм журам тэнцүү байх ёстой гэдгийг ойлгох нь зүйтэй. Зөв хослуулаагүйгээс хайрын жинхэнэ үнэ цэнэ алдагдан утга учиргүй болж эхэлнэ, тиймээс сөрөг буруу зам руу оруулах, зорьсон зорилгоосоо хазайхад хүрдэг жишээтэй. Жинхэнэ хайр бол ямар ч үед замаа зөв олоод явж чаддаг юм. Харамгүй хайр Хайр дотроос хамгийн хүндлэгддэг, бусдаас дээгүүр хайр бол харамгүй хайр юм. Учир нь хүнд хайраа өгөөд оронд нь хариу нэхдэггүй. Мэдээжийн хэрэг, бид хүнийг хайрлаад оронд нь бас хайр халамж хүлээх эрхтэй. Насанд хүрсэн хүмүүст хариу хайр ирэхгүй ч гэсэн хүнийг хайрласаар байх чадвар байдаг. Ийм хайр ихэвчлэн сайхан сэтгэлт эцэг эхчүүдэд байдаг юм. Тэд хэзээ ч “одоо боллоо”, “зөндөө хайр халамж өглөө”, “одоо үүгээр болъё, зогсооё” гэж санадагггүй. Энэ бол хариу тооцоо шаарддаггүй харамгүй хайр мөн. Хүний нэгэн эрмэлзэл бол харамгүй хайрыг эрж олох явдал юм. Гэвч хөгжлийн явцад, бид ямар нэгэн тодорхой нөхцөл тавьсан хайрыг шалгаж үзэх нь зөв билээ. Ёс суртахууны зарчим дээр үндэслэгдсэн хайрамгүй хайр биднийг оюун санааны өсөлтийн замаар явангаа бүтээж чадашгүй юмыг бүтээх эрмэлзэл төрөхөд уриалан дууддаг. Жишээ нь: Эцэг эх нь хүүхдийнхээ ажил үйлс, авир араншингаар нэг бол бахархаж, нэг бол гутардаг. Ямар ч үед эцэг эхийн хайр зайлшгүй хэрэгтэй. Учир нь хүүхдүүдэд их тус болж, тэднийг бие даасан байдалтай, өөрийн хийсэн бүхэндээ эзэн нь болж сургахад тус дэм үзүүлдэг. Бид хэн нэгнийг аз жаргалтай болгож чадвал хэмжээлшгүй баяр баясгаланг мэдэрдэг. Энэ нь бидний өөрсдийгөө үнэлэх үнэлгээг ахиулж, үнэ цэнээ мэдрэхэд тустай юм. Эцэг эхийн хайр бол тэвчээр, уучлал, өршөөлөөр дүүрэн хайр юм. Гэхдээ бидний хөгжилд тодорхой нөлөө үзүүлж, зохих хэмжээний шаардлагыг бидний өмнө тавьж байдаг. Бие хүний хувьд хайрлахаасаа илүүтэй ямар нэгэн тустай зүйл хийснийх нь төлөө хайрлах болзолтой хайр бол зохисгүй үр дагавар, гашуун юманд хүргэдэг. Ийм хайр бол үнэнч биш, хувиа бодсон шинжтэй байх бөгөөд ердөө л хянаж шалгах зэвсэг болж “Би” гэгч өөрийн мөн чанарыг нээн илрүүлэхэд саад болдог. Бид тодорхой нөхцөл болзолыг ханган байж хайрлах явдал байдаг. “Хэрэв чи намайг хайрлавал, би чамайг хайрлана”, “Хэрэв чи миний найз болох юм бол, би чиний найз болно” гэх мэт. Тийм ээ, бидний хайр заримдаа харамгүй байж чаддаггүй. Бидний олонхи нь өөрийн дотоод айдас, хязгаартайгаа тэмцэлдэх хэрэгтэй болдог. Бид өөрийн хайр сэтгэлийг чөлөөтэй илчилж чадахгүй, айдаг. Бидний өмнө олон тооны эргэлзээ бий болдог. Би сэтгэлээ онгойлгож чадах болов уу? Энэ хүнд итгэж болох уу? Юу хүсэж мөрөөддөгөө энэ харьцаанаасаа олж чадах болов уу? Өөр хүнийг түгшүүлж байгаа өөрийн сул талыг давж чадах болов уу? гэх мэт олон янзын асуулт тулгардаг. Энэ бүх эргэлзээ нь биднийг тодорхой хүрээ хязгаарт баригдахад хүргэдэг. Ийм нөхцөлд хайр сэтгэл агуулсан зүрх сэтгэлээ хамгаална гэдэг амаргүй. Харамгүй хайр бидний сэтгэлд гүн гүнзгий ул мөр үлдээж сэтгэл санааг амар тайван болгодог. Харамгүй хайрыг бид хийснээр нь биш, ямар байгаагаар хүртэн хүлээж авдаг. Биднийг ямар нэг нөхцөл хангасны төлөө бус бие хүний төлөө байвал сайнсан. Энэ бол өөрийгөө байнга нээн харуулахгүй байна гэсэн үг биш. Харамгүй хайрын орчинд бид өөрсдийгөө хөгжүүлж, өөртөө итгэх итгэлийг бий болгодог билээ. Харамгүй хайрын үед бид өөрсдийгөө шалгах бололцоотой болж, өөрийгөө үнэлж, хувийнхаа давуу талыг илүүтэй мэдрэх боломжтой болдог. Харамгүй хайртай учирлаа гэдгээ та яаж мэдэх вэ? Таныг хайрладгийг мэдэхгүй бол санаагаа бүү зовоо. Та алдаа гаргалаа ч гэсэн ийм хайрыг алдахгүй. Та бусдыг уучилж сур, бусдад хайраа өг, тэгж байж харамгүй хайр ирдэг билээ. Бид зүрх сэтгэлээ нээж тэр нь хүнд таалагдвал бидний бодит харилцаа ямар байхаас үл хамааран амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл тэр л хүнтэйгээ холбоотой байж чадна. Бид бие биеэ хайрлаж чадвал бүх ертөнцийг хайрлахаар барахгүй хүн бүхэн бидний ах эгч нар болно. Хүн бүхэн бусдыг өөрийн төрсөн ах эгч шигээ хайрлаж чадвал зөвхөн шашны төдийгүй хүмүүн бидний гол зорилго хэрэгжих нь тэр. Хуурамч хайр Ийм юм байдаг гэж үү? Бид үнэнч хайрыг туйлын зорилго болгон төсөөлдөг боловч бодит байдал дээр олонхи хүмүүсийн хайр тийм байж чаддаггүй. Бид бүгдээрээ туйлын үнэнч хайрыг эрмэлздэг ч хичнээн олон хүн хайр дурлалаас хагацаж, гомдон хоцорч байна вэ? Жил бүр салж сарниж байгаа гэр бүлийн тоо шинээр гэр бүл бологсдын тооноос дутахгүй байна. Яагаад ийм бүтэлгүй зүйл гарч байна вэ? Хүмүүс бие биендээ хайртай гэж бодох тэр чанараараа эр эмийн ажил үйлдэх буюу гэр бүл болдог. Хэрэв энэ жинхэнэ хайр байсансан бол ийм хурдан алга болно гэж байхгүй биз ээ. Тийм болохоор жинхэнэ, хайр хуурамч хайр хоёрийн ялгаа маш их байдаг. Жинхэнэ хайр, хуурамч хайр хоёрын эхлэл нь адилхан энэ шинж нь нэлээд хугацааны туршид үргэлжилдэг. Гэвч удалгүй ялгаатай болох нь мэдэгдэнэ. Жинхэнэ хайр бол ямар ч болзол нөхцөлгүй, өөрчлөгдөн хувиршгүй байж, баяр баясгалан аз жаргалыг авчирдаг. Тэгвэл хуурамч хайр нь хань нөхрөө бодолгүй зөвхөн амиа хичээж, өөрийн хүсэл хэрэгцээг хангахад чиглэсэн байдаг. Иймээс хуурамч хайр болзол нөхцөл тавьж хувирч өөрчлөгдөж байдаг. Эхэн үедээ хуурамч хайр нь харамгүй хайр шиг ойлгогддог ч эцсийн эцэст ямар ч баяр баясгаланг авчирдаггүй. Учир нь түүний үндэс суурь нь “Би тийм ийм юм хүсэж байна”,. “Тэгмээр байна”, “Надад тийм юм хэрэгтэй” гэсэн хувиа бодсон шинж чанартай, хувирч өөрчлөгдөмтгий байдагт оршино. Хувийн ийм хүсэл хэзээ ч ханадаггүй. Хуурамч хайрыг хэн ч хүсдэггүй хэр нь түүнээс болж хичнээн олон хүн зовж шаналж байна вэ? Гэр бүлийн туйлын зорилго үүсч бий болох нь Эртнээс эхлэлтэй хуурамч хайр нь үеэс үед дамжсаар өнөөгийн бидэнд хадгалагдан үлджээ. Тэрхүү хайрыг өөрчлөн хувиргах, амин хувиа бодсон дурлалаас салгах нь тийм ч амаргүй. Өнөөдөр олон хүн хуурамч хайраас уйдаж гэр бүлийн туйлын зорилго хэрэгжихийг хүсэн хүлээж байна. Хүмүүс амьдралынхаа эхний 20 жилийг гэр бүлдээ өнгөрөөдөг. Энэ нь биднээс гадна эцэг эхээс илүү хамааралтай. Иймээс гэр бүл нь бидний амьдралыг гүн гүнзгий утга учиртай болгож, цаашдын амьдралд зохих нөлөөгөө үзүүлдэг билээ. Гэр бүлийнхээ дотор бид харилцаагаа яаж бүтээж бий болгох, яаж хайрлаж дурлах, биеэ хэрхэн авч явах, сайхан муухайг ялгахыг мэдэж авдаг. Олонхи сэтгэл судлаачдын үзэж байгаагаар хүүхдийн зан чанарын үндэс нь тав хүртэлх насандаа тавигддаг бөгөөд энэ насанд нь л хүнийг хайрлах чанар, өөрийгөө үнэлэх чадвар бий болж эхэлнэ. /Монголын зүйр цэцэн үг олж авах 5 хүртэл хаан мэт хүндэл гэх мэт/ Үнэн хэрэгтээ нялх хүүхэд хүртэл хүнд хайрлагдаж байгаа эсэх, хүнд хэрэгтэй байгаа эсэхээ мэдэрдэг. Туслан дэмжих, хайрлан энэрэх нь хүний хувь чанар төлөвших, оюун санаа нь боловсрон бүрэлдэх, хувийнхаа давуу талыг ойлгодог болоход нь зохих нөлөө үзүүлнэ. Ийм учраас бие даасан амьдралд орж байгаа хүн бүрийн өмнө гайхамшигтай, сайн сайхан, хамгийн бат бэх, хагацашгүй хайрыг яаж бүтээх вэ?, хамгийн үнэтэй, хамгийн ариун хайрыг хэрхэн бий болгох вэ?, үүрд мөнхийн хайрыг яаж олж авах вэ? гэдэг асуудлууд зүй ёсоор тавигддаг. Ямар аргаар харамгүй хайртай учрах вэ? Ямар ч болзол тулгаж, биелэгдэшгүй зүйл нэхдэггүй, таныг үнэлдэг, хайр халамжтай хүмүүсээ та өөрөө анзаардаг уу? Өөрөө өөртөө итгэлтэй хүмүүс таныг яг байгаагаар чинь хүлээж авдаг юм. Та ийм хүмүүсийн дэргэд байвал маш зохистой, яагаад гэвэл та тэр хүмүүстэй адил байхыг хичээнэ. Энэ ертөнц дээр асар их шүүлт байдаг. Иймээс таныг шүүмжилдэггүй хүмүүстэй хамт байсан нь дээр. Тэгвэл та амар амгалан байх болно. Та ямар шүүхэд очсон биш дээ. Гэхдээ та ч мөн адил бусдыг бүү буруутгаж, шүүгээрэй! Бид бие биеэ шүүх биш хайрлаж сурах хэрэгтэй. Нэг зүйлийг анхааран бодож тунгаан үзэгтүн! Танд харамгүй хайраа өгсөн тэр хүн тантай байнга санал нэгтэй байдаг уу?, танаас юу ч хүсдэггүй юу? Харамгүй хайр, сайхан харилцаа хоёр хоорондоо их ялгагддаг. Заримдаа нөгөө хүн чинь хоорондын харилцаагаа муутгахгүй эсвэл таныг уурлуулахгүйн тулд тантай санал нэг байж болох юм. Хэрэв тэр хүн танд харамгүй хайртай бол үргэлж таныг сайн сайхан байлгахыг хичээнэ. Ийм хайртай хүнийг та буруу зүйл хийсэн ч гэсэн хайрласан хэвээр байх болно. Танаас их зүйлийг хүлээж таныг их зүйлд зүтгүүлэхэд та түүнийг нь бүтээж чадахгүй байлаа ч гэсэн хайрласан хэвээр байх болно. Тийм учраас та бусдад мөн тийм байдлаар хандах хэрэгтэй гэдгээ мартаж болохгүй. Юуны өмнө өөрөө өөртөө итгэ, өөрийгөө хүндэлж сур. Өөрийгөө жижиг юмны төлөө дэмий шүүмжлээд хэрэггүй. Өөрийн сайн талыг олж хар, сайн чанар бага ч гэсэн сайн юманд хүрэх замдаа олсон амжилтыг тэмдэглэж бай. Та өөртөө аль зэрэг сайн хандаж чадна вэ тэр хэрээр өөрөө өөртөө итгэх итгэл тань бат бэх болно. Энэ бүхний эцэст та бусдыг хүндлэх болно. 
ДАСГАЛ 
Та өөртөө болон найз нөхдөд чинь тохиолдсон явдал мөн уран зохиолоос хайр дурлалыг илэрхийлсэн янз бүрийн жишээ олоод, ямар нэгэн болзол тавьсан хайр дурлалын тохиолдлыг доорхитой төстэй томъёогоор илэрхийлнэ үү? - Чи аятайхан харагдаж байгаа цагт Би чамайг хайрлах болно. - Чи намайг уурлуулахгүй бол Би чамайг хайрлах болно. - Чи ….-тай найзлахаа боливол Би чамтай найзлах болно.