“Бид энэ амьдралдаа юу суулгана тэр мөнх ургана. . .” Төгсгөлд нь бас нэг агшны тухай ярихыг хүсэж байна. Бидний газар дэлхийн амьдралыг дараагийн амьдралдаа бэлтгэх бэлтгэлийн үе гэсэн ойлголт нь ямар нэгэн эмх цэгцгүй зүйл биш шүү дээ. Харин ч энэ нь хүний хөгжлийн жам ёсоор үүдэн гарсан юм. Бидний амьдрал юунаас эхэлдэг вэ? Хүн амьдралын эхний 9 сараа эхийн хэвлийд өнгөрөөдөг. Энэ үед бүх эрхтэн үүсэн бий болдог учраас эхийн хэвлий дэх хөгжлийн үе шат маш чухал юм. Амьдралын энэ үед үүсэн бий болж буй ихэнх эрхтнүүд ямар ч утгагүй юм шиг санагдана. Жишээ нь: үр хөврөлд уушиг болон нүд ямар хэрэгтэй юм бэ? Тэрээр шингэн дотор байдаг бөгөөд орчинд нь юуны л гэгээ байв гэж. Гэвч дараагийн үл мэдэх амьдралдаа бэлтгэхэд хүний энэ 9 сарын амьдралын зорилго оршино. Ингээд эцэст төрөх цаг боллоо. Гэвч нярай хүүхэд хорвоод мэндлэхийгээ үхэл шиг мэдэрдэг. Хүүхэд эхээсээ тасран, багтрах ба уушиг нь нээгдэх хүртэл түүнд амь тэмцэн тарчлахтай адил зүйл тохиолдоно.Ингээд амьдралын хоёрдахь үе эхэлнэ. Хүн шинэ хуулиуд үйлчлэх, амьдралын шинэ зорилго бүхий цоо шинэ орчинд орно. Нэг талаас бие бялдрын авьяас чадвар түргэн хөгжиж, түүнтэй хамт бидний оюун санааны хөгжлийн эхлэл, хайрлах чадварын хөгжил эхэлдэг. Эхийн хэвлий дэх амьдралд зарим эрхтний хөгжил онц шаардлагагүй мэт байсантай адил амьдралын энэ үед оюун санааны өсөлт тийм ч чухал биш мэт санагдана. Эцсийн эцэст дүүрсэн хар амиа хичээгч хүртэл гаднаас харахад тун аз жаргалтай амьдрал туулж болно.Гэвч бидний газар дэлхий дээрх амьдрал мөн л дараагийн амьдралдаа бэлтгэх бэлтгэлийн үе байвал яах вэ? Энд бидэнд огт хэрэггүй мэт санагддаг байсан зүйлс гэнэт тэдэнд хамгийн чухал зүйл байвал яах вэ? Бодож тунгаах шаардлагатай учраас л эдгээр асуултууд урган гарсан байх, тиймгүй гэж үү? Хойт насанд бидний амьдрал ямар байх талаар төсөөлөхийг оролдох нь одоо бидний хувьд тийм ч чухал биш байж магадгүй. Эхийн хэвлийгээс ертөнцөд мэндлэхээс нэг их ялгаагүй тийм хязгааргүй боломж, тийм нийцэл ба гоо сайхан байж магад шүү дээ. Бид энд байхын утга учир юунд байна вэ гэсэн өөр зүйлийг л бид санах нь хамаагүй илүү чухал. Утга учрын эрэлд Таны амсах гэж хүссэн бүх мэдрэмжийг мэдрүүлэх машинд таны тархийг холбох боломжийг танд олгосон байлаа хэмээн төсөөлөгтүн. Та зөвшөөрөх үү? Анхны таашаал, баяр баясгаланг амссаны дараа та аз жаргалтай байх уу? Үгүй л болов уу. Хүний мөн чанар нь ямар нэг зүйлийг зөвхөн мэдрэх бус үйлдэхийг хүсэх хүсэл багтдаг. Мөн бид хувь хүн байж, өөрийнхөө оролдлого чармайлтаар амьдралдаа амжилт гаргахыг хүсдэг билээ. “Сэтгэл хөдлөлийн машин” нь юу ч өгч чадахгүй. Хүн өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, зорьсон санаагаа хэрэгжүүлэхийн тулд зовлон, хүндрэл амсаж туулах (энэ зовлон нь утга учиртай байх тохиолдолд л гэдэг нь мэдээж) -ад бэлэн байдаг. Утга учрыг олохын тулд заавал зовлон амсах ёстой гэсэн үг биш хэдий ч зарим тохиолдолд зовлонгоос зайлшгүй бөгөөд зовлон зүдгүүрийг үл харгалзан амьдрал нь утга учраар дүүрэн байж болно. Социологийн судалгаагаар өөрсдөд нь юуг “хамгийн чухал” гэж үздэгийг 8000 орчим оюутнуудаас асуужээ. Тэдгээрийн 16% нь “их мөнгө олох” гэсэн бол 78% нь “амьдралынхаа утга учрыг олох” гэдгийг гол зорилгоо хэмээн хариулсан байна. Заримдаа амьдрал утга учиргүй мэт хүмүүст санагддаг. Хүмүүсийн амьдрал хоосорч, ямар ч зорилгыг олж хардаггүй. Босох, өглөөний цайгаа уух, ажилдаа явах, гэртээ ирэх, оройн хоолоо идэх, телевизор үзэх, унтахаар хэвтэх зэргээр өдөр бүр утга учиргүй зүйлүүд давтагдан Даваа, Мягмар, Лхагва, Пүрэв, Баасан гаригууд, магадгүй Бямба, Ням гаригууд ч ингэж өнгөрдөг. Энэ бүгд нь уулын оройд гаргасан чулуу хэрхэн буцаж өнхрөхийг харах гэж уг чулууг байн байн оройд нь гаргах үйлтэй Сизифийг санагдуулна. Энэ бүгд нь ямар утга учиртай байна вэ? Мөнгө үрэх завгүй бол яах гэж олдог вэ? Зарим хүмүүс хүүхдүүдийнхээ төлөө ажилладаг. Гэвч яах гэж хүүхэдтэй болдог вэ? Бүх зүйл шал дэмий байдаг энэ утга учиргүй ертөнцөд яах гэж хүүхэд төрүүлэх вэ? Амьдралаа хий хоосон өнгөрөөж, амьдрал нь ямар ч утга учиргүй, үнэ цэнэгүй байсныг мэдрэхийг хүсэхийн тулд бүхий л насаа элээж, дараа нь бие барж байгаа хүний хувьд ямар нэг эмгэнэлтэй зүйл байна. Амьдралынхаа утга учрыг олоогүй хүмүүс мөнгө, эрх мэдлээр хоосон амьдралаа нөхөхийг оролддог. Эсвэл өөрийнхөө утга учиргүй бодол санааг эзэмдэж, өөрийгөө чагнахын оронд ажил, уншлага, дуу хөгжим, ярилцлага гэх мэт үйл ажиллагаанд бүхий л цаг заваа зарцуулдаг. Гэвч сэтгэлийн гүнд хаа нэгтээ хоосон зай үлддэг байна. Амьдралын утга учир Хүн бүр амьдралыг өөр өөрөөр хардаг бөгөөд бид бүхэн амьдралынхаа утга учрыг олох хэрэгтэй. Хүн хийсвэр утга учрыг эрж хайх хэрэггүй хэдий ч өөрийн, давтагдашгүй амьдралыг бүрэн дүүрэн өнгөрүүлэх хэрэгтэй. Ингээд хүмүүс амьдралын утга учрын талаар юу гэж боддог бол? O Амьдрал нь ялалтанд хүрэх зам юм. “Veni, vedi, vici – ирлээ, үзлээ, яллаа”. Юлий Цезарь. O Амьдрал бол үүрэг даалгавар юм. “Утга учрын эрэл гэдэг нь зорилго, даалгавар, ерөнхий үүргийн төлөөх эрэл юм”. Н. Ф. Федоров, XIX зууны оросын шашны гүн ухаантан. O Амьдрал бол тоглоом юм. “Ертөнц театр бөгөөд хүмүүс түүний жүжигчид юм”. Уильям Шекспир. O Амьдрал бол Бурхны эрэл юм. “Чи биднийг бүтээсэн бөгөөд хүмүүс Таны оронд очихоос нааш тайван байдлыг үзэхгүй”. Амгалан Августин O Амьдрал гэдэг нь өөрийгөө бусдад зориулах явдал юм. “Хэрэв амьдралд утга учир, зорилго гэж байдаг бол энэ утга учир, энэхүү зорилго нь бидний аз жаргалд бус харин түүнээс хамаагүй илүү ухаалаг, агуу зүйлд бий. Сайн сайхан зүйл хийцгээ!” А.П.Чехов. O Амьдрал бол хайр юм. “Хэнийг ч үл хайрлана гэдэг нь амьдрахгүй байна гэсэн үг”. Франсуа Фенелон, XVII зууны Францын зохиолч, сурган хүмүүжүүлэгч O “Бид хайрлаж байгаа цагт л энэ ертөнцөд амьдарна”. Рабиндранат Тагор, XIX зууны сүүл, XX зууны эхэн үеийн энэтхэгийн зохиолч O Амьдрал бол аз жаргал юм. “Амьдрал гэдэг нь хором бүр нь үүрдийн аз жаргал байж болох бэлэг, аз жаргал юм”. Ф.М.Достоевский O Амьдрал бол лабиринт юм”. “Амьдрал гэдэг нь тэгш бус, зөв бус, олон хэлбэр бүхий хөдөлгөөн юм”. Мишель Монтень, XVI зууны Францын гүн ухаантан O Амьдрал бол мөнхийн шинэчлэл юм. Амьд зүйлд бус барималд…хэрэгтэй“. Игорь Северянин, ХХ зууны эхэн үеийн яруу найрагч O Амьдрал бол хөдөлмөр юм. “Хөдөлмөр нь уйтгар, муу муухай болон хэрэгцээ гэсэн гурван том муугаас чөлөөлдөг”. Вольтер, XVIII зууны францын гүн ухаантан O “Хөдөлмөр нь хүний бүхий л амьдралын үндсэн нөхцөл бөгөөд энэ нь: хөдөлмөр хүнийг бий болгосон гэсэн утгаараа илүү утгатай юм” Ф.Энгельс O Амьдрал бол тэмцэл юм. “Тэмцэл нь амьдралын үндсэн нөхцөл бөгөөд тэмцэл дууссан цагт амьдрал мөхдөг”. В.Г.Белинский O Амьдрал нь үүргээ ухамсарлан дагах явдал юм. “Амьдралын хамгийн дээд таашаал нь биелүүлсэн үүргээ ухамсарлах явдал юм” Уильям Гэзлитт, ХХ зууны эхэн үеийн английн нийтлэлч O Амьдрал нь зовлон юм. “Төрөөд, нулимсан дунд амьдарч, нулимсан дунд үхдэг”. А.П. Сумароков, XVIII зууны оросын яруу найрагч, жүжгийн зохиолч O Амьдрал нь үхэлд хүрэх зам юм. “Балчир хүүхдийн анхны алхам нь үхэл рүү явах түүний анхны алхам юм”. Козьма Прутков O “Бүх хүн ах дүү бөгөөд бүгдийг үхэл гэдэг нэг л зүйл хүлээж байдаг”. Альбер Камю ХХ зууны эхний хагасын Францын гүн ухаантан O Амьдрал нь бүтээлч байдал юм. “Бүтээж туурвих жаргалаас өөр жаргал байхгүй л болов уу”. Н.В.Гоголь Дээрх хэлсэн үгнүүдийн алинтай нь та санал нийлж байна вэ? Танд эвгүй сэтгэгдэл төрүүлж байгаа үгс байна уу? Та амьдралын талаарх өөрийн тодорхойлолтыг гаргахыг оролдоод үз. Таны гаргасан тодорхойлолт нь та болон та амьдралыг хэрхэн хүлээж авдаг болохыг хэлж өгнө. Та ямар зорилготой вэ? Та амьдралаас юу хүсэн хүлээдэг вэ? Та юунд итгэж найддаг вэ? Та юунаас айдаг вэ? Утга учрыг хайж яах вэ? “Хүний мөн чанар” гэсэн бүлэгт хүн, амьтнаас юугаараа ялгаатай болох талаар ярьсан. Хүн өөрийгөө бие даасан хувь хүн хэмээн ухамсарласнаар хүн бүхэн өөрийн амьдралд болон эргэн тойронд юу болж байгааг ойлгохыг хичээдэг нь хамгийн бодит ялгаануудын нэг юм. Амьдрал тань утгагүй болсныг ухамсарлахаас өөр юу ч хүнийг цөхрүүлдэггүй. Ялангуяа хүн боломжгүй зүйлийн ирмэгт ирэх зэрэг ноцтой нөхцөлд энэ нь тод илэрдэг. Жишээ нь: дэлхийн хоёрдугаар дайны үед нацистын хорих лагерьт хоригдож байсан сэтгэл зүйч Виктор Франкл юу үзэж харсныг авч үзье. Тэрээр лагерьт байхдаа амьдралынхаа утга учрыг олохоо байсан хүмүүс маш хурдан цөхөрч, итгэл найдвараа алдан, үхэж байхыг хараад цочирдож байлаа. Лагерьт ч гэсэн амьдрал нь утга учраар дүүрэн байсан хүмүүс амь гарч байжээ. Иймээс хорих лагерийн нөхцөлд утга учраа олох нь амьдрал, үхлийн асуудал байв. Амьдрах зориг, тэрчлэн амьдралаас залхах нь тухайн хүн амьдралынхаа утга учрыг олж харсан эсэхээс л хамаардаг. Гэхдээ тухайн хүн лагерьт байсан хэцүү нөхцөл байдалд биелүүлэхийн төлөө өөрийгөө зориулахаар шийдсэн тэр л утга учир нь амьдрал, төдийгүй үхэл, зовлонг хамарсан байх ёстой. Гэхдээ эгэл жирийн амьдралаа эргэн харцгаая. Болж буй үйл явдлын шалтгаан, ач холбогдлын талаар бодож тунгаалгүй “зүгээр л” амьдарч яагаад болохгүй гэж? Нэгдүгээрт, бараг хүн бүр амьдралдаа утга учир өгдөг, энэ нь хааяа ухамсартай явагддаг бол заримдаа бид ухаардаггүй. Амьдралынхаа утга учрын талаар хэзээ ч тунгаан бодож байгаагүй хүнийг төсөөлцгөөе. Энэ тохиолдолд ч гэсэн өглөөний цай, ажил руугаа автобусаар явахаас эхлээд амьдралын чухал шийдвэр гаргах хүртэл үйлдэж буй бүхий л үйлдлээ утга учиртай хэмээн үзэж байгаа нь цорын ганц шалтгаан юм. Амьдрал гэж юу вэ, амьдралын ямар хэв маяг нь “зөв” бэ гэдгийг ухамсаргүйгээр төсөөлж байгаатай зохицдог. Болж буй явдлыг ухамсарлах нь бидэнд итгэлтэй, тайван байдлын мэдрэмжийг төрүүлдэг. Тэгвэл асуудал чухам юунд байна вэ? Ямар нэг “дээд матери”-уудын талаар бодох ямар шаардлага байна? Нэгдүгээрт, би яах гэж амьдарч байна? гэсэн эргэлзээ хүн бүрийн өмнө хэзээ нэгэн цагт төрөх болно. Хэрэв бид залуу насандаа эдгээр асуултуудыг эргэцүүлэн бодвол ирээдүйдээ болж буй үйл явдлын утга учрыг олж харахад тусална. Хувь заяаны цохилтонд нугарахгүй, янз бүрийн бэрхшээл, шалгуурыг зохих ёсоор даван гарах хүчийг бидэнд олгох юм. Таныг сургасан учраас л сайн сайхан, хайрын хуулийн дагуу та амьдардаг гэж бодъё. Амьдралын ийм хэв маяг нь бусдаас юугаараа дээр, та яагаад өөрөөр биш яг ийм маягаар амьдрахыг хүсч байгаа талаар та хэзээ ч бодож байгаагүй. Гэтэл хэцүү цаг үе болж, таныг найз тань хуурч, эсвэл та хүндээр өвчилж эсвэл шударга бус ямар нэг зүйл тохиолджээ. Гэнэт таны өмнө хэцүү асуултууд тулгарна. Яагаад энэ бүхэн тохиолддог вэ? Үүнд ямар утга учир байна вэ? Хариултыг нь мэдэхгүй байж та өмнөх итгэл үнэмшлээсээ татгалзаж, “Амьдрал надад хатуу ширүүн хандаж байгаа бол би ч харгис хатуу байх эрхтэй” гэсэн амьдралынхаа философийг өөрчлөхөд бэлэн байдаг. Мөн ухаж ойлгоход илүү хэцүү нөхцөл байдал байж болно. Таны эргэн тойрны хүмүүс “хүчтэй нь амьд гарна” гэсэн дүрмийн дагуу амьдардаг хэмээн төсөөлөгтүн. Амьдралын энэхүү зарчмыг та идэвхгүйгээр хүлээн аваад олон жилийн турш дагаж мөрджээ. Хэний ч амийг хороогоогүй, засашгүй хэрцгий зүйл үйлдээгүй гэвч энэ зарчмыг баримталсан. Сургуульд байхдаа ангийнхаа сул дорой хүүхдүүдээс илүү гэдгээ байнга мэдэрч, хамт ажиллагсдынхаа сонирхлыг золиослон байж албан тушаал хурдан дэвшжээ. Гэтэл амьдрал таны өмнө гэнэт ёс суртахууны шинж чанартай маш хэцүү нөхцөл байдлыг тулгаж, та насан туршдаа дагаж мөрдөж байсан зарчим тань буруу байсныг мэдэв. Тэгвэл яах вэ? Өөрийн гаргасан алдааны төлөө хэнийг буруутгах вэ? Иймд хэн нэгний үзэл бодлыг хүлээн авч, өмнө нь хэн нэгний олсон хариултыг хэрэгжүүлэхийн оронд амьдралынхаа утга учрыг ухамсартайгаар эрж хайх нь чухал. Зөвхөн энэ үед л энэ нь таны амьдралын утга учир болох юм. Дэмий яриа гэж үү? Амьдралын утга учрын талаарх яриа нь бидний олонхийн хувьд хий хоосон, утгагүй, цаг нөхцөөсөн мэт санагдаж магадгүй. Өндөр дээд бодлын цаана хий хоосон, амьдралын тодорхой асуудлуудыг шийдвэрлэхгүй байх хүсэл нуугдаж байх нь олонтаа. Бүх зүйлд зохицол нийцэл гэж байх хэрэгтэй нь мэдээж хэрэг. Буйдан дээр хэвтээд ертөнцийн нийтлэг асуудлын талаар тунгаан бодоод насыг барах нь ямар ч ашиггүй. Тодорхой нэг асуудлыг бидний хувьд утга учиртай болгохын тулд үүнийг ямар нэг илүү том зүйлийн нэгэн хэсэг мэтээр харах шаардлагатай гэдгийг бид ойлгох нь чухал. Жишээлбэл та дараах зүйлийг төсөөлөөд үз. Та дээд сургуульд элсэн сурах зорилгыг өмнөө тавьжээ. Гэвч шалгалтандаа та нэг ч оноо авсангүй. Энэ тохиолдолд та ямар нэг утга учир олж харах уу? Хэрэв дээд сургуульд суралцах гэсэн зорилгынхоо талаас авч үзвэл шалгалтанд амжилт үзүүлээгүй нь нэг их сайн юм биш. Сайн талаас нь үзвэл дараа жилийн элсэлтийн шалгалт хүртэл нэг жил алдах юм. Хэрэв та болж буй явдлыг илүү өргөн хэмжээгээр авч үзвэл таны өмнө шинэ утга учир нээгдэж магад бөгөөд сургуульд элсээгүйн ачаар та ажилд орж, таны өмнө шинэ шинэ боломжууд бий болно. Та амьдралын туршлага сууж, дээд сургуулийг сонгосон нь хэр зэрэг зөв зүйтэй байсныг шалгаж, та шинэ найзуудтай болж, магадгүй та мэргэжлийнхээ хувьд гэнэт өсөх төлөвтэй болно. Гэвч дээд сургуульд элсээгүйгээ эмгэнэл мэтээр хүлээж авахгүй, жилийн дараа оюутнуудын эгнээнд нэгдэхийн тулд ажил хийхийг албадан хөдөлмөрлөсөн мэт харахгүй байхаас энэ бүхэн шалтгаалах юм. Аль нэг нөхцөл байдлыг бид хэрхэн хүлээн авч байгаа нь амьдралд хандах бидний хандлага, түүний утга учир, зорилгын ойлголтоос хамаардгийг дээрх энгийн жишээнээс харж болно. Хүн амьдралынхаа утга учрын талаар асуулт тавьдаггүй, харин амьдрал хүний өмнө тавьдаг бөгөөд хүн өдөр болгон, цаг тутам үгээр бус, үйлдлээр энэ асуултанд хариулах хэрэгтэй болдог. Хүн бүрийн зам хосгүй байдаг Хэн нэгний зөвлөгөөнд бүрэн найдах юм уу эсвэл өөрийн үүрэг хариуцлагыг бусдын нуруун дээр тохох хүсэл танд олонтаа төрдөг. Энэ нь таны найз, эцэг эх эсвэл уран зохиолын дүр байж болно. Амьдралын туршлага ихтэй, илүү ухаалаг хүнтэй тааралдвал зөвлөгөөг нь сонсож яагаад болохгүй гэж хэмээн санагдаж магад. Тийм ээ, зөвлөгөөг сонсох хэрэгтэй, шинэ төлөвийг олж харахад бидэнд туслах үүднээс өөр хүн нөхцөл байдлыг илүү өргөнөөр харж болно шүү дээ. Гэвч бид амьдралдаа өөрсдөө олж болох цорын ганц утга учрыг өөр хэн ч өгч чадахгүй гэдгийг мартаж болохгүй. Хүн болгон цорын ганц байдгийн адил бидний амьдралын зам давтагдашгүй байдаг. Бид бусад хүмүүсээс олон зүйл сурч авч болох хэдий ч тэдний амьдралыг сохроор дагалдах нь утгагүй. Энэ нь бид өөрсдийн олсон хариугаа бусдад тулган хүлээлгэх эрхгүй гэсэн үг; бидний хувьд зөв бөгөөд туйлын чухал санагдсан зүйл нь өөрийн замыг эрж хайхаа зогсоосноос нөгөө хүнийн хувьд хөнөөлтэй байж болно. Бид бусдад туслахаас татгалзах эрх байхгүй, тухайн хүн өмнө анзаарч байгаагүй зүйлд нь нүдийг нь нээж өгч чадах хэдий ч түүний амьдралаар амьдрахыг эрмэлзэх хэрэггүй. Зовоход утга учир байж болох уу? Амьдралдаа зовлон үзээгүй хүн гэж байхгүй л болов уу? Амссан зовлонд утга учир олж болох уу? Юуны өмнө иймэрхүү зовлонд биш харин түүнд хандах бидний хандлагад учир байгаа гэдгийг бид онцлон тэмдэглэх хэрэгтэй. Нэг ижил нөхцөлд нэг хүн бусдыг өрөвдөн, гүнээ харамсаж байдаг бол нөгөө нь дааж давшгүй ачаа үүрдэг. Бидний итгэл үнэмшил, амьдралд хандах хандлага л ямар нэг асуудалд бид хэрхэн хандахыг тодорхойлдог. Бурханд итгэснээр амьдралыг учир утгатай, зорилготой болгож, зовлон гуниг, урам хугаралтыг даван гарахад нь тусалдаг хэмээн сүсэгтэн хүмүүс хэлэх нь олонтаа. Өөрийн амьдралд туулж амссан зовлонгийн утга учрын талаар Английн нэгэн лам хэрхэн бодолхийлснийг дор үзүүлэв. Зовлон гунигийн эцэст хүний зан чанар гайхалтай гүнзгийрч, амьдралыг ухаалгаар харж, хүмүүсийг жинхэнээсээ өрөвдөн, баялаг оюунтай болдог. Өвчтөнүүдийг эдгээж, дарлуулагчдыг чөлөөлөхийн төлөө бид тэмцэх ёстой бөгөөд эцсийн дүнд тэнгэрийн оронд очоод зовлон зүдүүр, нулимснаас чөлөөлөгдөнө гэдэгт баярлах хэрэгтэй. Гэвч хэсэг нүүрс нь хэт их дарамт, тэсвэрлэшгүй халууныг мэдэрснээр хэзээ ч очир эрдэнэ болохгүй. Харин хясаанд санамсаргүй орсон шорооноос сайхан сувд ургадаг. Зарим үед зөвхөн зовж шаналсны улмаас л бид Бурхныг сонсож эхэлдэг. Бидний угийн бардам зан, өөртөө итгэх итгэл алга болж, бид жинхэнэ хэрэгцээгээ анх удаа мэдэрч эхэлнэ. Тэр ч бүү хэл зарим үед бид зовлонгийнхоо эсрэг тэмцэх юм уу эсвэл өөрсдийн тайлбар дээр бат зогсохын оронд Бурхнаас тусламж эрж эхэлдэг. Бурхан яагаад намайг хорт хавдартай болгосныг би урьдын адил мэдэхгүй байгаа ч энэ нь урьдын адил миний санааг зовоохоо больсон. Би Бурхны дуу хоолойг сонсдог болсон бөгөөд үүнд л хамгийн том тус оршиж байгаа юм. Дэвид Ватсон Бидэнд хэн нэг хүнд бүрэн итгэдэг, гэвч тэр нь биднээс урвах тохиолдол байдаг. Эсвэл бид хөгширч, бидний өнгө үзэмж үгүй болно. Эсвэл үйлдээгүй хэргийн төлөө биднийг шударга бусаар гүтгэх ч юм уу эсвэл бид ямар нэг байгууллагад мөнгөө оруулаад бүгд шатах ч тохиолдол бий. Эдгээрийн аль ч байдалд амьдралынхаа гол утга учрыг олж харахгүй л бол бид зовж, тэвчишгүй шаналанг амсдаг. Ийм ч учраас өдөр тутам амьд яваагийнхаа тогтворгүй байдлыг даван гарахын тулд олон хүн амьдралынхаа утга учрыг олохыг эрмэлздэг билээ. Энэ эрэл хайгуул нь итгэл үнэмшилд хүргэнэ. Амар хялбар арга замыг хайхгүй байх Хувь заяаныхаа талаар бодож, амьдралынхаа утга учрыг олохоор шийдсэн хүнийг юу хүлээж байна гэж та бодож байна? Утга учрыг эрж хайх нь үргэлж хэцүү байдаг гэсэн ганц л зүйлийг яг хэлж болно. Утга учрыг эрж хайх төдий бус, түүний төлөө тэмцэх хэрэгтэй бөгөөд энэхүү тэмцэл нь тийм ч хялбар биш. Яагаад энэ вэ? К. С. Льюисын “Хүний мөн чанарын хууль” гэсэн хэсэгт хүнд байдаг хамгийн бодит зөрчлүүдийн талаар тодорхой дүрсэлжээ. Амьдралыг утга учиртай болгодог хайр ба сайн юмны дотоод хуулийг дагаж мөрдвөл бид бүгдэд амьдрах хүсэл эрмэлзэл бий. Хэрэв хүн сайн ба муу хоёрын тэмцэлд ялагдвал хуурч мэхлэх, урвах, тэр ч бүү хэл аллага үйлдэх нь амьдралын утга учир болж болно. “Бид дотоод сэтгэлдээ байгаа сахиусан тэнгэрийг дарвал тэр нь чөтгөр болж хувирна” В. Франкл Тэгвэл энэ зөрчлийг даван гарч чадна гэсэн найдвар бидэнд байна уу? Энэ замд бидэнд юу тус болж болох вэ? Хүн бүрийн хувьд ийм удирдагч нь хүн чанар байх бөгөөд энэ нь бидний хамгийн итгэлт туслагч юм. Хэрэв бид хүн чанараа сонсохгүй бол утга учрын эрлийн зам нь биднийг харгис хэрцгийлэл, бусдыг доромжлох “шугуй”-д хүргэхгүй. Аз жаргал гэж юу вэ? Төгс төгөлдөр омог бардам байдал… Дөнгөж цэцэглэж байгаа, залуу сэтгэлтэй байхад хязгааргүй таашаал бий! Энэ нь сайхан үнэр нь нарны эхний цацрагийг тосон агаарт уусаж байгаа цэцэг шиг. энэ цэцгийг шууд тасдан авч ханатлаа үнэрлээд зам дээр шидэх хэрэгтэй. Тэгэхгүй бол хэн нэг өөр хүн авчихна! Замд тааралдсан бүхнийг шингээж буй энэхүү ханашгүй шуналыг би мэдэрч байна. Би бусдын жаргал, зовлонг өөртэйгөө төдийгүй сэтгэлийн хүчийг сэлбэн тэтгэж буй хоол шиг харж байна. Би өөрөө шуналын нөлөөнд ухаан санаагаа алдахгүй, нэр хүндэд дурлах нь нөхцөл байдлын улмаас дарагдсан хэдий ч энэ нь эрх мэдэлтэй болох хүсэл гэсэн өөр хэлбэрээр илэрсэн. Эргэн тойрныхоо бүх зүйлсийг эрх мэдэлдээ оруулж, хайр, үнэнч байдал ба айдас гэсэн мэдрэмжийг өөртөө бий болгох нь эрх мэдлийн шинж тэмдэг бөгөөд агуу ялалт биш гэж үү? Ямар ч эрхгүй байж хэн нэгний зовлон, жаргалын шалтгаан байх нь бидний бардам зангийн амтат тэжээл биш гэж үү? Тэгвэл аз жаргал гэж юу вэ? Бүрэн омог бардам байдал юм. (М. Ю. Лермонтов. “Манай үеийн баатрууд”) Энэ хэсэгт Печориний амьдралын философийг харуулжээ. Та энэ талаар юу гэж бодож байна вэ? Амьдралын утга учрын талаарх ийм ойлголттой та санал нийлж байна уу эсвэл танд тааламжгүй санагдсан зүйл байна уу? Та Печоринтой адилхан байхыг хүсч байна уу? Урт удаан бөгөөд хялбар бус эрлийн эцэст утга учир, чухам амьдралынхаа утга учрыг олсон бол та ингээд л тайвширч болохгүй харин амьдралдаа хэрэгжүүлэх нь чухал. Иймээс хэрэв та шинжлэх ухааны эрэлд бүхий л насаа зориулахаар шийдсэнээ мэдэрвэл зорилгодоо хүрэхийн тулд тодорхой зүйл хийх хэрэгтэй. Их дээд сургуульд элсэх, оюутан үедээ эрдэм шинжилгээний ажил хийх, энэ талын сэтгүүл унших гэх мэт. Энэ замаар замнахдаа бид туршлага хуримтлуулахаас гадна юуны өмнө энэ зам нь биднийг илүү өргөн ойлголтод хүргэж, бидний өмнө шинэ зүйл нээгдэнэ. Ийм учраас утга учраа олонгуутаа олж авсан тэнцвэрт байдлыг ганхуулах зүйлсээс өөрийгөө хаацайлах хэрэггүй харин ч эсрэгээр дараачийн эрэлд нээлттэй хандах нь чухал. Амьдралдаа олон саадтай учирч, цөөнгүй бэрхшээлийг давж гарч байсан хүн л зөвхөн нэг хүний эрэлт хэрэгцээг бус харин амьдралыг багтаасан утга учрын талаарх гүн гүнзгий бодолд хүрдэг. Жишээ нь дээр гарсан Печорины үзэл онол болон Орост төрөөд 23 насандаа Баруунд цагаачлах шаардлагатай болсон нэрт социологчдын нэг, бодит хүн болох Питирим Сорокиний амьдралын талаарх ойлголт хоёрыг харьцуулж үзээрэй. Ирээдүйд юу ч болох байсан би гурван зүйлийг мэдэж авч тархи, зүрхэндээ хадгалсан. Хамгийн хүнд хэцүү амьдрал ч гэсэн ертөнц дээрх хамгийн нандин эрдэнэ юм. Амьдралыг аз жаргалтай болгож, туйлын хүслэнгээ өөрчлөхгүй байх хүчийг өгдөг өөр нэг эрдэнэ нь үүргээ биелүүлэх явдал юм. Хэрцгийлэл, үзэн ядалт ба шударга бус байдал нь оюун ухааны ч, ёс суртахууны ч, материаллаг байдлын хувьд ч мөнхийн юмыг хэзээ ч бий болгож чадахгүй гэдэг нь миний мэдэж авсан гуравдахь зүйл юм. Питирим Сорокин “Орос хүний өдрийн тэмдэглэлийн хуудсууд”. Л. Н. Толстойн “Наминчлал” дахь амьдралын утга учрын эрэлд Оросын сонгодог зохиолчдын дунд уран бүтээлдээ хүний амьдралын талаарх ойлголттой холбогдсон хамгийн ноцтой сэдвийг хөндөөгүй зохиолч байхгүй л болов уу.Л. Н. Толстой өөрийнхөө амьдралын утга учрыг ойлгохыг оролдсоноо бүрэн нээлттэй илэрхийлсэн “Наминчлал” зохиолоо 1881 онд дуусгажээ. Толстойн эрэл хайгуул нь хүн бүр өөрийн амьдралаа эргэцүүлэн бодож, энэхүү оюуны эрэл хайгуул нь ямар хэцүү болох талаар бодож тунгаахад бид бүхэнд туслаж болох юм. Амьдралын утга учрын эрэл хайгуулын талаарх яриагаа төгсгөхийн өмнө Толстойтой хамт энэ замаар явахыг оролдоцгооё. Түүгээр ч барахгүй хүн бүр их бага ямар нэг хэмжээгээр туулдаг, өөрийгөө болон амьдралаа ухамсарлах үе шатыг “Наминчлал”-аас олж харахыг хичээцгээе. Толстой хүүхэд насныхаа тухай бичихдээ эцэг эхээсээ авсан ертөнцийг үзэх үзэл өөрийнх нь байсан гэдгийг онцлон тэмдэглэжээ. “Надад зааж сургасан юм болон томчууд наминчилсан юманд би хэзээ ч бүрэн итгэж байгаагүй, зүгээр итгэл өгч байсан”. Хүүхэд насны дараа өсвөр нас, тэгээд хүүхэд насны төсөөллийг өөрийнхөөрөө үгүйсгэдэг залуу нас ирдэг. Сэтгэл санаа сэргэж, эргэн тойрон болж буй үйл явдлын утга учрын талаар асуултууд урган гарна. “Хүүхэд байхад минь хэлдэг байсан зүйлд одоо итгэхээ больсон боловч би ямар нэг юманд итгэж байсан. Одоо тэр үеийг санахуйд миний цорын ганц итгэл нь боловсроход байсан гэдгийг би тодорхой харж байна. Гэвч юунд боловсорч, ямар зорилготой байсныг би хэлж чадахгүй байсан”. Дайнд оролцож, Петербургт эргэн ирж, зохиолчийнхоо ажлыг эхэлсэн жилүүд өнгөрнө. “Энэ үед би ихэрхэг нэрэлхүү зан, ховдог шунахай сэтгэл болон бардам занг бичдэг болов. Эрх мэдэл, мөнгөний төлөө бичиж байсан би, сайн сайхныг нуун дарагдуулж, муу муухайг ил гаргах хэрэгтэй байсан. Би ч ингэж л хийсэн”. Ихэнх хүмүүс амьдралдаа чухал ийм л замыг сонгодог. Мэргэжлээ тодорхойлж, нийгэмд тодорхой байр суурь эзлээд, нийгэмд ноёрхож байгаа хэм хэмжээ, дүрэм журмыг сохроор дууриагаад гэнэт амьдралын хэмнэлээс гарч, “цагаан хэрээ” болбол аймшигтай. Гэвч Толстойд эргэлзээ төрөөд зогсоогүй аажмаар гүн хямралд орсон. Хамгийн гайхалтай нь түүний авъяас цэцэглэн хөгжиж, амжилтын оргилд гарсан үед нь энэ хямрал тохиолджээ. (Туйлын аз жаргал хэмээн үзэгддэг бүх юм надад байх үед энэ бүхэн надад тохиолдсон. Надад сайн, хайртай эхнэр, сайхан хүүхдүүд болон миний ямар ч оролцоогүйгээр хөгжин дэгжиж байсан томоохон эзэмшил газар байлаа. Миний ойр дотны болоод таньдаг хүмүүс намайг хүндэтгэж, бусад хүмүүс урьд өмнө байгаагүйгээр магтаж байсан бөгөөд сэтгэлээ хууралгүйгээр нэрд гарсан гэдгээ хүлээн зөвшөөрч болох байв… Гэтэл ийм байдалд амьдарч чадахгүй гэсэн дүгнэлтийг би хийлээ . . . Би ямар ч үйлдэлд, бүхий л амьдралдаа ч ямар ч утга учрыг олж харсангүй). Миний амьдрал юу болох вэ? Би яах гэж амьдарч, яах гэж ямар нэг юм хүсэж, юм хийх ёстой вэ? Ингээд би хүмүүсийн олж авсан мэдлэгээс эдгээр асуултын тайлбарыг эрж хайлаа. Тэгээд би зөвхөн хий хоосон хэрэгт дурлаад биш харин зовуурьтайгаар, удаан эрсэн, тийм ч идэвхгүй биш, өдөржин, шөнөжин зовуурьтайгаар, шаргуугаар, мөхөж буй хүн аврал эрж буй мэт эрж хайсан”. Утга учрыг зовуурьтайгаар эрж хайсан нь түүнийг мэдлэг, туршлагын хүрээнд, хожим нь философид хүргэсэн ч хаана ч хариуг олоогүй гэдгээ Толстой бичсэн байна. Амьдралд утга учир гэж байна уу? “Янз бүрээр илэрхийлэгдсэн энэ асуултын хариуг би хүний мэдлэгээс эрж хайсан. Энэ асуултын хувьд хүний бүх мэдлэг нь эсрэг тэсрэг хоёр хэсэг болон хуваагдах шиг. Нэг хэсэг мэдлэг нь асуултыг хүлээн зөвшөөрөхгүй ч туршлагатай хүмүүсийн тавьсан бие даасан асуултуудад хариу өгөх шиг, нөгөө хэсэг мэдлэг нь асуултыг хүлээн зөвшөөрөх ч хариулахгүй, энэ нь ухаалаг хүмүүсийн мэдлэг юм. Туршлагатай мэдлэг нь амьдралын асуултыг шууд үл тоомсорлоно. Тэд: “Чи юу вэ, яах гэж амьдарч байна вэ гэсэн асуултанд хариулт байхгүй. Харин дэлхий, химийн нэгдэл, бие организмын хөгжлийн хуулиудын талаар мэдэх хэрэгтэй бол бүгдэд нь тодорхой, яв тав, эргэлзээгүй хариултууд байна” гэж хэлж байна. Мэдлэгийн нөгөө тал буюу ухаалаг мэдлэг нь асуултанд шууд хариулснаараа зуун зууны турш, хаана ч “ертөнц нь хязгааргүй, ойлгомжгүй зүйл юм. Хүний амьдрал нь ойлгогдошгүй “бүх зүйл”-ийн ухааршгүй хэсэг юм” гэсэн хариултыг өгч байсан. Харин хариултын оронд нөгөө л асуулт илүү ээдрээтэй байдлаар бий болно. Утга учрыг амь тавин эрж байсан нь Толстойг амиа хорлоход хүргэсэн бөгөөд хүүхэд насандаа орхисон байсан итгэл нь дахин амьдрахад нь тусалжээ. “Урьд нь зөвхөн цорын ганц гэж бодож байсан ухаалаг мэдлэгээс гадна хүн төрөлхтөнд амьдрах итгэлийг өгдөг ухаалаг бус мэдлэг байдгийг би туйлбартай олж мэдсэн. Итгэл нь амьдралын хүч юм. Хэрэв хүн амьдарч байгаа л бол тэрээр ямар нэг юманд итгэж л байгаа. Итгэлгүйгээр амьдарч болохгүй. Би төөрч, ямар их будилснаа ойлголоо. Би буруу сэтгэж байснаасаа бус буруу амьдарч байсан учраас төөрч будилжээ. Амьдралын утга учрыг ойлгохын тулд юуны өмнө амьдрал утгагүй, муу байж гэмээ нь түүнийг ойлгохын тулд ухаан хэрэгтэй гэдгийг би ойлгосон. Би өөрийгөө болон миний сэтгэл дотор юу болж байсныг хараад миний дотор хэдэн зуу дахин мөхөж, амьдарч байсан зүйлийг эргэн саналаа. Би бурханд итгэж байсан болохоороо л амьдарч байснаа санав. Тэгвэл энэ сэргэлт, мөхөл гэдэг нь юу вэ? Би бурханд итгэхээ больвол амьдрахгүй, энэ итгэлийг олох найдваргүй болбол аль хэдийнэ амиа хорлох байсан. Би итгэлийг мэдэрч, хайж байгаа үед л жинхэнээсээ амьдарч байгаа юм. Тэгвэл би өөр юуг эрж хайж байна вэ? хэмээн миний дотоод дуу хоолой хашгирлаа. Тэгвэл энэ байж. Үүнгүйгээр амьдрах боломжгүй. Бурхныг мэдэж, амьдрах нь нэг л ижил юм. Бурхан бол амьдрал юм. “Бурхныг хайж амьдар, тэгвэл бурхангүй амьдрал гэж байхгүй болно”. Тэгээд өмнөхөөсөө илүү хүчтэйгээр миний дотор болон миний эргэн тойронд гэрэл гэгээтэй болж, түүнээс хойш энэ гэрэл намайг орхиогүй юм. Тэгээд л амиа хорлохоос аврагдсан юм даа”. Гэвч энэ нь төгсгөл бус харин Лев Толстойн амьдралын утга учрын эрэлийн шинэ эргүүлгийн эхлэл байлаа. Гэхдээ Лев Толстойн олсон хариултанд бидний оюуны эрэл хүргэх явдал биш. Гол нь шинэ зам хайх нь бидний өмнө нээлттэй байгаад тайвширч болохгүй. Дүрэм нь та бүхэнд зөвхөн эхлэхэд л хэрэгтэй. Ингээд номоо уншчихаад хажуу тийш тавиад зөв шийдвэрийг олж, ухрахгүйгээр шийдвэрлэх бөгөөд бүх шийдвэр нь зүрхнээс шууд гарах ёстой. Харин би та бүгдэд аз хүснэ. . . Д. С. Лихачёв “Сайн сайхны тухай захидал”