12/20/10

ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ

Бие ба сэтгэл 
Хүн гэж юу вэ гэдэг талаар бодохдоо бид бүхэн өөрийн гэсэн биетэй гэдгийг итгэлтэй хэлж болно. Бид 4 мөч, толгой, их бие, дотор эрхтнүүдтэй. Гэвч ингээд л болоо юу? Үгүй ээ. Бидэнд бас дахиад нэг, сэтгэлийн хэмжээс бий гэдгийг бид мэднэ. Бид гоо сайхан, үнэн, сайн сайханд тэмүүлдэг бөгөөд энэ нь бие махбодоор бус сэтгэлээр нөхцөлддөг. Чухам сэтгэлийн эхлэл нь л бидний бүхий л үйлдлийг утга учиртай, зорилготой болгодог. Бидний сэтгэл хоосон бодолд автаж байх хооронд бие нь тайван, хөдөлгөөнгүй оршиж байж болно. Бие махбод үргэлж одоо цагт байдаг бол сэтгэлдээ өнгөрсөн үеийн дурсамжийг хадгалан, ирээдүйг зөгнөж, хэдхэн мөчийн дотор бидний сэтгэл Африк эсвэл Хятадаар аялж, саранд хүрч болдог. Гэвч бие ба сэтгэл нь бие биенээсээ хамааралгүй байдаг уу? Гэвч хүний энэ хоёр туйл нь салшгүй бөгөөд бидний зан чанар, онцлог нь бие, сэтгэлийн нэгдлийн үр дүнд бий болдог байна.
Иймд хүний зан байдал болон дохио зангаа, аяг аашаар өөрийгөө хэрхэн илэрхийлж, ярьж байгаа зэргийг ажиглах нь түүний зан чанарыг мэдэж авах хамгийн сайн арга юм. Энэ үед бидний нүдэнд үл үзэгдэгч сэтгэлийн биеийн илэрхийллийг бид ажигладаг. Бие нь бидний сэтгэлийн эхлэлийн тусгал юм. Гэвч энэ бүгдэд үргэлж нууц байдаг, байх ч болно. Хүний нарийн ээдрээтэй байдлыг бид хэзээ ч бүрэн ойлгож чадахгүй. “Хүний эх сурвалжийг бүрэн хэмжээгээр ойлгож, оновчтой болгож чадахгүй. Хувь хүний нууцыг хэн ч бүрэн ойлгохгүй. Хувь хүн нь дэлхий ертөнцөөс илүү нууцлаг. Хүн нь бүхэл бүтэн ертөнц юм. Хүн бол микроскоп бөгөөд бүх зүйлийг агуулсан байдаг.” Н.А.Беляев. Хүний ухамсар гэж юу вэ? Хүний дотоод ертөнц юунаас бүрэлддэг талаар дахин нэг бодож үзэцгээе. Хамгийн энгийнээс эхэлье. Хүн болгонд амьтдаас олж авсан инстинкт байдаг бөгөөд энэ нь хоол боловсруулах, амьсгалах, тэнцвэрээ хадгалах гэх мэт бие организмын физиологи үүргийг гүйцэтгэх үндсийг хангадаг. Энэ нь ямар нэг “гэмтэл”-тэй болох хүртэл автоматаар явагдана. Бид уушгаа цаг тухай бүрт хүчилтөрөгчөөр дүүргэх талаар байнга санаж байх болбол тааламжгүй байна биз дээ, тийм үү? Бид дугуй унахдаа өнцөг тойрох үеийн биеийн налуугийн хэмийг бодох шаардлагагүй. Өвлийн хүйтэн өдөр бие организмд илүү удаан ялгаруулахын тулд бодисын солилцоог хэрхэн өөрчлөх талаар бид удаан тунгаан бодох хэрэггүй. Энэ бүхэн нь бидний ухамсарын оролцоогүйгээр явагддаг. Ийм замаар бидний ухамсарын инстинкт хэсэг нь хоол, нойр, биеийн температурыг тогтвортой байлгах гэх мэт бие махбодын хэрэгцээг хангадаг билээ. Энэ бүгд нь өөрийгөө хадгалах, амьдралаа тэтгэн хөгжүүлэхтэй холбоотой. Гэвч бидэнд зөвхөн бие махбодын хэрэгцээ байдаггүй. Бидэнд сэтгэлийн хүсэл, тэмүүлэл бас бий. Сэтгэлийн тэмүүлэл нь хүний соёл иргэншлийн үндэс суурийг бүтээдэг. Сэтгэл зүйчид оюун ухаан, мэдрэмж, зориг гэсэн 3 үндсэн бүрэлдэхүүн бий гэцгээдэг. Суралцах юм уу эсвэл математикийн бодлого бодох явцад оюун ухаан бидэнд зайлшгүй хэрэгтэй. Оюун ухаан нь ирээдүйн төлөвлөгөө зохиох, мэдээллийн зөв, буруу эсэхэд анализ хийх бололцоог бидэнд олгодог. Бидний оюун ухаан нь угаасаа үнэнд тэмүүлдэг бөгөөд үнэний энэ эрэл хайгуул нь шинжлэх ухаан, хөгжихөд хүргэдэг. Бидний ухамсарын сэтгэл хөдлөлийн хэсэг нь гоо сайханд тэмүүлдэг. Ийм ч учраас бид цэцэг хараад гоё байгааг нь мэдэрч, баясдаг билээ. Эсвэл бид хөгжмийн сайхан бүтээл сонсож байхдаа буруу нот сонсогдвол чихэнд тааламжгүй байдаг. Гоо сайхныг бий болгож, үнэлэх эрмэлзэл нь урлагийн олон төрлийн эх булаг болдог байна. Харин зоригийн талаар юу хэлж болох вэ? Бидний хүсэл зориг нь угаасаа сайн сайханд чиглэдэг учраас бид сайн ба муугийн ялгааг тодорхой мэдэхийг хүсдэг. Бид шийдвэр гаргах хэрэгтэй болоход энэ нь зөв байхыг хүссэн үед юу зөв, юу буруу вэ гэдгийг мэдэхгүй байвал аймшигтай. Сайн сайханд хүрэх энэ эрмэлзэл нь хүний ертөнцийн салшгүй хэсэг юм. Ийм учраас бид буруу үйлдэл хийж байхдаа ч энэ нь үнэн хэрэг дээрээ сайн, наад зах нь тийм ч муу зүйл биш хэмээн өөрсдөдөө итгүүлдэг. Гэмт хэрэгтнүүд муу үйлдлээ янз бүрээр зөвтгөх зүйлийг бодож олдог. Гэсэн ч ихэнх хүмүүс сайн сайхан гэж юу байдгийг тодорхой мэдэхийг эрмэлздэг нь шашин үүсэхийн эхлэл юм. Шашин болгон нь сайн ба муугийн ойлголтыг яв цав томъёолдог бөгөөд ёс суртахуунтай амьдрахыг сургадаг байна. Бидний хүсэл зориг нь мэдрэмж ба оюун ухааны нэгдлээр хэлбэрждэг. Иймд ямар нэг зүйлд хүрэх тодорхой ойлголт (оюун ухаан) ба маш хүчтэй хүсэл (мэдрэмж) бидэнд байвал бид чанга хүсэл зоригтой болно гэсэн үг. Харин бид үүнийг бага хүсэх юм уу хэрхэн хүрэхийг мэдэхгүй бол хүсэл зориг сул байх болно. Ийм учраас ухамсарын бүх талууд тэнцвэртэй, бие биетэйгээ нийцтэй хөгжих нь маш чухал. Зан чанарт нь оюун ухаан давамгайлж байдаг хүн хэтэрхий шүүмжлэлтэй, шаардлагатай байдаг бөгөөд хүмүүстэй ойр дотно, итгэлтэй харьцаа тогтоож чадахгүй. Хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй хүн уян сэтгэлтэй, уйламтгай байж болох бөгөөд энэ тохиолдолд ухаалаг шийдвэр гаргах чадваргүй байна. Хэрэв хүсэл зоригийн хөгжил нь оюун ухаан ба мэдрэмжинд зохисгүй байвал гөжүүд хүн болох бөгөөд ямар ч нөхцөлд өөрийнхөөрөө зүтгэдэг болно. Тэгэхлээр хүний дотоод ертөнц нь нэлээд хэмжээгээр бидний оюуны хэрэгцээг хангахтай холбогдсон биологийн амьдралыг тэтгэхэд чиглэсэн инстинктээр төлөөлөгддөг. Гэхдээ амьдралын энэхүү оюуны талд хоёр бүрэлдэхүүн байгааг харж болно. Үүний нэг нь бидний сэтгэлийн хөгжил, өөрийгөө хөгжүүлэхэд чиглэгдэж байгаа бол нөгөө тал нь хүмүүсийн сайн сайхны төлөө амьдрахтай холбогддог. Энэ хоёр бүрэлдэхүүн хэсгийн зохицлыг яаж олох вэ? Ёс суртахууны үнэт зүйлст үндэслэгдсэн амьдрал нь өөрийн оюуны хүслийг биелүүлсэн баяр баяслыг агуулдаг хэдий ч эдгээр үнэт зүйлсийг амьдралдаа хэрэгжүүлснээр бусдад баяр хөөр бэлэглэх хүсэл эрмэлзэл нь илүү бодит зүйл гэдэг нь ойлгомжтой. Өөрөөр хэлбэл үнэт зүйлст тулгуурласан амьдрал нь “бусдын төлөөх” амьдрал юм. Тэгвэл материаллаг ба оюуны, хувийн хөгжил ба бусдын төлөөх амьдралын хооронд ямар холбоо байх ёстой вэ? Эн тэргүүнд юу байх ёстой вэ, бие махбодын хэрэгцээ юу эсвэл сэтгэлийн хүсэл тэмүүлэл үү? Бие махбодын хэрэгцээ нь жам ёсных юм. Энэ хэрэгцээ нь хүн болгонд байдаг бөгөөд үүнд ямар ч муу юм байхгүй. Гэвч үүнийг бидний сэтгэл оюун удирдаж байгаа үед л үнэн юм. Иймд биеэ хамгаалах хүсэл эрмэлзэл нь жам ёсных бөгөөд ёс суртахууны хувьд саармаг юм. Гэвч үүнийг эрхэм дээд үнэт зүйл хэмээн үзэж болохгүй. Хулчгар хүн гэдэг нь дээрх хүсэл эрмэлзлээ удирдах чадваргүй, илүү дээд хүсэлд захирагдсан хүн байдаг тул аюулаас зугтдаг. Бие махбод ухамсарыг дарангуйлбал бид оюуны үнэт зүйлсээс илүү биеийн хэрэгцээгээ эн тэргүүнд тавих болно. Ийм байдлаар бид бүр ч их амиа хичээсэн болж, ариун сэтгэл унтарна. Оюун сэтгэл нь бидний бие болоод аминч үзлийг удирдах үед л бид амьдралд зохицлыг олно. Хэрэв бид хувийн хөгжил ба бусдын төлөө амьдрах гэсэн оюуны хоёр категорийг авч үзвэл эдгээрийн хооронд харилцааны ижил зарчмууд байгааг олж харна. Өөрийгөө төгөлдөржүүлэх нь хувийн зорилгоо биелүүлэхэд тусалдаг бол бусдын төлөө амьдрах нь нийтийн хөгжлийн зорилгыг хангахад түлхэц болдог. (Бид энэ 2 категорийн талаар “Харилцааны ертөнц” гэсэн бүлэгт ярилцсаныг эргэн санаарай). Өөрийгөө боловсруулж, бидэнд байгаа авьяас, чадвараа нээн илрүүлэх нь туйлын чухал хэдий ч бусад хүмүүсийн төлөө үйлчлэх замын нэгэн хэсэг болгосон тохиолдолд л энэ хөгжил нь сайн сайхан луу чиглэгдэх болно. Ахуй нь ухамсарыг шийдвэрлэдэг гэдэгтэй би санал нийлдэг. Гэвч “ахуй” гэдгээр юу ойлгох вэ? Амьдралын гаднах дуу чимээ бус харин жинхэнэ эрхэм дээд ахуй болох бурханлаг ахуйг анхаарч сонсох хэрэгтэй. Энэ чимээ нь ахуй биш харин бидний “би” урсдаг түргэн урсгал юм. Александр Мень Бие сэтгэлийн нэгдэл нь биеийн амьдралыг оюуны үнэт зүйлс дүүргэж, өргөмжлөхөд хүргэдэг. Тухайлбал: амьтны арьс өмсөж, агуйд амьдарснаар толгой хоргодож, дулаан байх хүслээ хангаж болох хэдий ч архитекторууд сайхан, тохилог барилгыг хэрхэн төлөвлөж, барих талаар суралцахад олон жил зарцуулдаг бол загвар зохион бүтээгчид шинэ маягийн хувцас бий болгохдоо түмэн янзын бөс даавуу, өнгө стилийг хэрэглэдэг. Хоол хүнс олон нийгэмд сайхан зассан ширээ, тансаг хоол гэх мэт жинхэнэ ёслол болж хувирсан бол үр удмаа үлдээх инстинкт нь хүний оюуны өөрчлөлтийн дүнд хайр болсон. Чухам энэ л биеийн хэрэгцээ нь оюунлаг болсон нь хүнийг амьтнаас ялгаж өгч байгаа юм. Иймээс хүний нийгмийн амьдрал нь хүмүүсийн оюунлаг амьдралын илрэл гэж бид ойлгож болно. Эдийн засаг нь үйлдвэрийн эзний бүтээлч авьяас болон худалдагч, худалдан авагчийн харьцаанаас шалгаалдаг учраас оюуны талтай. Нийгмийн соёл болон соёл иргэншлийн төвшин нь хүмүүсийн оюуны болоод сэтгэл санааны эрүүл мэндээс шалтгаалдаг. Хүний мөн чанарын аль тал нь нэн чухаг вэ? Оюун ухаан, сэтгэл хөдлөл ба хүсэл зоригийн зохицолд хүргэсэн бидний чанарын хамгийн чухал хэсэг нь юу гэдэг талаар эргэцүүлэн бодоцгооё. Таны хувьд хамгийн чухал болох үнэт зүйлсийн жагсаалт гаргаж байсан дасгалыг санаж байна уу? Хайр нь тэргүүн эгнээнд байсан байх магадлалтай. Гэр бүл, найз нөхдөө хайрлах, амьтдыг хайрлах нь хүнд юу юунаас ч чухал үнэт зүйл юм. Энэ нь эрх мэдэл, эд хөрөнгө, ухаан, гоо сайхнаас ч илүү чухал. Хайранд тэмүүлдэггүй хүн гэж байхгүй. Гоо сайхан, үнэн, сайн сайхан нь бүгд хайрын илрэл хэмээн Оросын гүн ухаантан Владимир Соловьев хэлсэн: Буян, үнэн, гоо сайхан нь эв нэгдлийн төрөл бүрийн дүр дүрслэл юм.Иймээс хайр нь гоо сайхныг бий болгодог бөгөөд бид сайхан бүхэнд дуртай. Үнэн ч гэсэн сайхан бөгөөд яруу сайхан юм. Хүчтэй хайр нь буян хишгийг бий болгоно. Ингэж хайр нь үнэт зүйлсийн үндэс, эх сурвалж болдог. Хайранд тэмүүлэх нь бидний сэтгэлийн хамгийн гүн гүнзгий бөгөөд хүчтэй тэмүүлэл юм. Бид бүгд л хайрлаж, хайрлуулахыг хүсдэг. Энэхүү хэрэгцээ нь зориг, оюун ухаанаас ч гүн, тэр ч бүү хэл мэдрэмжээс илүү гүн үндэслэж байдаг юм. Чухамдаа бид хайранд тэмүүлж байгаа нь эрүүл ухамсартай зөрчилддөг. Энэ тэмүүлэл нь бидний сэтгэлийн гүнээс, өөрөөр хэлбэл бид зүрх хэмээн нэрлэдэг хэсгээс, хайрын баяр баясгаланг хайх хэрэгцээ болон ундардаг билээ. Бидний зүрх сэтгэлийн хүсэл биелэгдвэл баяр баясгаланг мэдэрч, хэрэв биелэгдэхгүй бол уйтгар гуниг эсвэл уур хилэнг мэдэрдэг ч оршин байгаагаа ухамсарлахдаа зүрх сэтгэл нь сэтгэлийн хөдөлгөөнөөс гүн юм гэдгийг бид харж байна. Бид хайраар бялхаж байхад бидний амьдрал бүрэн дүүрэн, төгс төгөлдөр мэт санагддаг. Хэрэв хүн эргэн тойрондоо хайрын уур амьсгалыг мэдрэхгүй бол эрх мэдэл, мөнгө эсвэл нэр алдар зэрэг өөр зүйлээс баяр баясгаланг эрж хайх болно. Гэвч энэ нь гүн гүнзгий аз жаргал авчрахгүй, бид зүрх сэтгэлдээ хоосролыг мэдэрч, энэ нь зовлонгийн эх булаг болдог. Үүний дээр зүрх сэтгэлийн хоосрол нь зовлон төдийгүй уур хилэн, хөндийрэл, үзэн ядалт болон хувирах нь бидний зан чанар өөрчлөгдөхөд хүргэдэг билээ. Хайрлах эрмэлзэл болон хайраас баяр баясгаланг эдлэх эх булаг нь зүрх сэтгэл юм. Зүрх сэтгэл нь хувь хүн бидний үндсэн мөн чанар юм. Хүний ухааныг өндрөөр үнэлж, сэтгэх чадвартай байгаа нь хүнийг амьтнаас ялгаж өгдөг хэмээн онцлон тэмдэглэдэг хэдий ч бидэнд илүү их зүйл заяагджээ. Хүн бол Homo sapiens буюу ухаант хүн төдийгүй Homo Amans буюу хайрлагч хүн юм. Бид зүрх сэтгэлтэй байснаар хайрын баяр баясгаланг мэдэрч болно. “Тэр сайхан сэтгэлтэй хүн” гэж хэлж байхыг та сонссон байх. Бусад хүмүүст сайн, нигүүлсэнгүй ханддаг хүний талаар ингэж ярьцгаадаг. Зүрх сэтгэл нь бидний бүхий л үйлдлийн зорилго болоод шалтгааныг тодорхойлдог юм.