Яруу найрагчид, гүн ухаантнууд хайрын талаар зуун зууны турш ярьдаг байсан бөгөөд бид ч энэ сэдвийн нууц болоод ид шидийг шавхах боломжгүй нь мэдээж. Хүний мөн чанарт гүйцэтгэх хайрын үүргийг ойлгохыг оролдохдоо бид түүний зөвхөн нэг талыг авч үзнэ. Тэгвэл хайр гэж юу вэ? Бид хайрыг олж хардаггүй ч мэдэрдэг. Энэ бол биднийг татдаг соронзон юм. Хайр ямархуу харагддаг вэ гэсэн асуултанд “Хайр нь сар шиг нууцлаг, далай шиг агуу том юм” хэмээн хэн нэг нь хариулж болох юм. Үл итгэх үзэлтэн хайрыг аглаг цөлтэй, романтик хүн сайн сайхантай, дөнгөж дэлбээлсэн цэцэгтэй зүйрлэх бол хайранд Ниагарын хүрхрээний хүч бий хэмээн өөр нэг нь хэлж болно. Эдгээр хүмүүсийн бүгдийнх нь зөв, учир нь хайрыг өөр өөр талаас нь ярьж байгаа юм. Үүнд л хайрын мөн чанар оршдог. Хүн бүр хайрыг өөрийнхөөрөө нээж, энэ нь хайрын гүн гүнзгий, шавхагдашгүй чанар болон сайхныг тодорхойлдог. Иймд бид хэзээ ч хайранд ханахгүй.
Хайр нь зарим утгаараа очир эрдэнэсээс ч хатуу, нөгөө талаараа ноолуураас ч зөөлөн. Зөвхөн хайр л ертөнцийг нэгтгэн өөрчлөх хүчтэй. Хайр нь хүмүүсийн зүрх сэтгэлийг татдаг, соронзонгоос ч хүчтэй, хайр нь бидний бүх мэдрэмжийг нэгтгэн хайрлаж буй хүн рүү чиглэдэг. Энэ үед бид өөрсдийгөө мартаж, бүх сэтгэл санаа, итгэл найдвар, байгаа бүхнээ өөр хүний сайн сайхны төлөө төвлөрүүлэхэд бэлэн байдаг билээ. Энэ утгаараа жинхэнэ хайр нь аминч үзлийн эсрэг зүйл юм. Энэ тохиолдолд бид зөвхөн эхнэр нөхрийн, романтик хайрын тухай яриагүй. Энэ нь хүүхдээ хайрлах хайр бөгөөд ийм харилцаа нь жинхэнэ найзуудыг холбодог. Хайр нь бидний мэдрэхүйнүүдийн нэг болохынхоо хувьд төдийгүй өөрт байгаа амьдрах бүхий л сонирхлоо өөр хүнд дамжуулж, хувийн амьдралын төвийн сольцол болохынхоо хувьд чухал юм. Та ямар хайрыг хүсэх вэ? Эрт хаврын тэнгэр шиг тогтворгүй хайрыг та хүсэх үү? Эсвэл хоёр сар үргэлжлээд, дараа нь ул мөргүй арилах сэтгэлийг та мөрөөдөж байж ч болох юм. Тогтворгүй, цаг зуурын бөгөөд болзол тавьдаг хайрын тухай яривал бид ямар дуу дуулах байсан бэ? ‘’ Чи надад хоол хийж өгч, юм угааж өгч байгаа цагт л би чамайг хайрлана “ … гэсэн шүлгийг та төсөөлөөд үз. Гэвч хоёр хүн бие биенээ хайрлавал энэ сэтгэлээ мөнхөд хадгалахдаа амладаг. Хэрэв энэ нь ямар нэг хүрч болшгүй зүйл байсан бол дэлхий дээрх бүх дурласан хүмүүс яах гэж бие биедээ андгай тангараг өргөх билээ? Хүн мөнхөд хайрлах чадвартай байдаг учраас бид дээрх үгсийг хэлж, түүнд итгэдэг. Бид сэтгэл санаа, үг, үйлдэл зэргээр өөрийгөө бүхлээр нь өөр хүнд өгч байгаагаар нь жинхэнэ хайр гэдэг нь ойлгодог. Хайр гэдэг нь зөвхөн хөнгөн, эрхэм дээд сэтгэл биш харин харилцан туйлбартай үйл төдийгүй баяр хөөр, уйтгар гуниг, айдас түгшүүр, сорил туршилтын үед ч хамт байх шийдвэр юм. Жинхэнэ хайр нь гурван бодит шалтгаантай · Хайр харамгүй - өөр хүний төлөө өөрийн сонирхлыг золиосолж чадах чадвар · Хувиршгүй – адайр зан, тохилог байдал болон бусад байдлаас шалтгаалдаггүй · Ямар ч болзол тавьдаггүй – хариуд нь юу ч шаарддаггүй (төлбөр, сайшаал магтаал, бусад шагналыг ч) Хайр нь удаан тэвчиж, энэрч хайрладаг. Хайр нь атаархдаггүй, хэт өргөмжлөхгүй, бардамнахгүй, зоргоор авирлахгүй, өөрийнхийгөө эрж хайхгүй, цухалдахгүй, муу санахгүй, худалд баясахгүй харин үнэнд баярладаг, хайр нь бүхнийг хаацайлж, бүх зүйлд итгэж, найдаж бүхнийг давж гардаг… Харин одоо итгэл, найдвар, хайр энэ гурав л байна. Гэвч хайр нь илүү юм. Бид жинхэнээр хайрлаж чадвал бусад хүмүүсийг өөрийнхөө нэг хэсэг гэдгийг мэдэрнэ. “Ойр дотны хүнээ өөр шигээ хайрла” гэсэн христын номлолын утга учир чухам үүнд л оршиж байгаа юм. Ойр дотны хүн, ертөнцийг хайрлах хайрын эхлэл нь бидний дотоод зохицол болон өөрийгөө хайрлагч хүн болгох явдал юм. Хүний биеийн болоод оюуны хөгжил Бидний ертөнцийн оюуны болоод биеийн талууд бие биетэйгээ ямар харьцаатай байдаг вэ? Биеийн болоод оюуны өсөлт, хөгжилтөд юу шаардлагатай вэ? Бие бүхэнд агаар, гэрэл гэгээ, дулаан, хоол унд, орон байр, хангалттай нойр, биеийн дасгал болон хэт бохирдоогүй байгаль орчин зайлшгүй шаардлагатай. Зөвхөн энэ л тохиолдолд бид бие болоод оюуны хувьд эрүүл чийрэг хүн болно. Шингээж буй элементүүдээс бидний эрүүл мэнд шалтгаалдаг. Хэрэв ямар нэг зүйл хэвийн биш байвал бие организм бидэнд мэдээлнэ. Бид муудсан хоол идсэн гэдгийг ходоод маш хурдан сануулах бол, эвгүй үнэр мэдрэгдсэн үед бид аяндаа хамраа үрчийлгэдэг шүү дээ. Энэ нь бидэнд эрүүл мэндээ хамгаалахад тус болдог. Мэдээж энэ нь маш энгийн юм. Гэвч биеийн болоод оюуны өсөлт, хөгжилтөнд тодорхой элементүүд шаардлагатай байдаг талаар бид бараг боддоггүй. Эцэг эх, гэр бүл, найз нөхөдтэйгээ хамт байлгах аюулгүй, итгэлтэй байх мэдрэмж, хайр бидэнд хэрэгтэй. Амьдалын утга учир, зорилгыг ухаарахад ойлголт, зөн билэг, цэцэн ухааныг бид эзэмшиж, сайн ба муу юу вэ гэдгийг мэдэх хэрэгтэй. Эхлээд бид эдгээрийг эцэг эхээсээ мэдэж авч, дараа нь шашны болон гүн ухааны уран зохиолыг уншиж, Толстой, Достоевский, Чеховын номнуудыг эргэцүүлэн боддог. Үүнээс гадна бидний хувийн сэтгэгдэл, орчны бодит байдлыг таньж мэдсэн туршлага нь бидэнд хэрэгтэй. Хэрэв бид сайн сайхан, дэмжлэг, харилцан ойлголцлын уур амьсгалаар хүрээлэгдэж байдаг бол энэ нь зохистой хөгжлийн төлөөх эрх чөлөө, итгэлтэй байдлыг бидэнд олгодог. Хэрэв бид хэрцгийлэл, хүчирхийллийг ухуулж сурталчилсан “эргэлзээтэй агуулга”-тай ном зохиол, садар самууны сонин сэтгүүлийг уншвал энэ нь эрүүл бус хүнс нь бидний эрүүл мэндийг алгуур сүйтгэдэгтэй адил бидний сэтгэл санааг хордуулж, бидний өсөлт хөгжилтөнд саад учруулна. Эцэст нь сэтгэл санааны талаар хөгжихийн тулд бидэн рүү чиглэсэн хайрыг идэвхгүйгээр хүлээн аваад зогсохгүй, бусадтай хуваалцах шаардлагатай. Сайн үйл хийх нь бидний сэтгэлийг тэтгэдэг. Бид өөрийн ухамсартайгаа нийцэн амьдарч байгаадаа баяртай байдаг билээ. Үүний зэрэгцээ муу үйлдэл хийдэг хүн цухал, уур хилэнг мэдэрч үүний улмаас өөдгүй, эвгүй зан чанартай болдог. Хэрэв бид ямар нэг сайн зүйл хийвэл хүч чадлыг мэдэрч, илүү эрч хүчтэй болж, сэтгэл санаа өөдрөг болдог гэдгийг та бүхэн анзаарсан биз ээ. Ийм учраас бүх насаараа хүмүүст сайн хандсан настнууд үрчлээстэй хэдий ч дотоод эрч хүчтэй, залуу байдаг. Бидний сэтгэлийн мөн чанартай холбогдсон эдгээр тайлбаруудыг ойлгож, тайлбарлах нь хэцүү байж болох хэдий ч энэ нь маш энгийн бөгөөд дараах зүйлээр хязгаарлагддаг: бидний үнэт зүйлс үйлдлийг тодорхойлж, үйлдэл нь зан чанарыг төлөвшүүлдэг. Итгэл үнэмшил, ёс суртахууны зарчмуудыг хувь хүн бидний нэгэн хэсэг болгохын тулд эдгээрийг амьдралдаа хэрэгжүүлж, үйлдэл хийх хэрэгтэй. Ингэвэл л үнэт зүйлс нь яваандаа дадал зуршил болж, энэ үйл явц нь бага багаар бидний бие хүн, зан чанарыг төлөвшүүлнэ. Мэргэжлээ сонгох, эсвэл мэдлэг олж авах нь маш чухал хэдий ч бидний амьдралын гол асуудал өөр буюу хэрхэн жинхэнэ хайрлагч хүн болох вэ гэдэг асуудал юм. Бид эрэгтэй, эмэгтэй болж төрж байгаа нь хүн болсон гэсэн үг хараахан биш. Харин ч эсрэгээр энэ нь биднийг төөрөгдөлд оруулснаар тайвшруулдаг. Хүн байна гэдэг нь баримт биш харин бүх насаа зориулдаг даалгавар юм. Миний “би”-гийн нууц Нүдээ аниад “Би ямар хүн бэ?” гэж өөрөөсөө асуу. Таны зан чанарын гол учрыг юу бүрэлдүүлж байгаа, ямар чанар нь хоёрдугаарт байгаа талаар бодож тунгаагаарай. Мэдрэмж, ухаан, итгэл найдвар, зориг, хошин зан, бүтээлч байдал, дотоод сэтгэл, гунихрал, уур хилэн гэх мэт хувь хүн таны янз бүрийн аспектыг харуулсан график схем зурна уу. Таны давтагдашгүй онцлогийг хамгийн сайнаар дүрсэлсэн тодорхойлолтыг ойлгоорой. Схемээ хараад сэтгэгдлээ бич. Энэ дасгал нь таны хувь хүний янз бүрийн заагууд, тэдгээрийн харьцааг нээн илрүүлэхэд тусална. Ямар ямар талууд давамгайлж байна вэ? Ямрыг нь хөгжүүлэх хэрэгтэй байна? Та өөрийн бүхэл чанар, дотоод нэгдмэл байдлаа мэдрэхийн тулд ямар онцлог шинж чанарууд хэрэгтэй вэ? Эргэцүүлэн бодох асуултууд “Хүн байна гэдэг нь насан туршдаа бодох даалгавар юм” гэсэн хэллэгийг та юу гэж ойлгож байна вэ? Энэ даалгавар нь юунд оршиж байгаа хийгээд бид үүнийг хэрхэн гүйцэтгэж чадах вэ? Шөнө Шөнийн хязгааргүй гүн тэнгэр өнгө өнгийн оддоор дүүрч, оддын дундуур бөөн одоор дүүрэн тэнгэрийн заадас мөнгөлөг өнгөөр зурайж, одгүй учраас бараг хар юм шиг харагдах тэнгэрийн өмнөд хаяа руу тэгш бусаар суунаглан шингэжээ. . . Энэхүү аниргүй шөнийн орчлонд ямар нэг жингэнэсэн зүүд мэт нэгэн хэмийн болор тунгалаг дуун нэгээхэн агшин ч тасалдалгүй сонсогдоно. . . Би юуны тухай бодож байна вэ? Өөрөөсөө ингэж асуух бүртээ би яг юуны тухай бодож байснаа санахыг оролддог боловч тэрхэн зуурт л өөрийн бодолхийллийг “Энэ бол миний амьдралын хамгийн гайхалтай, үл ойлгогдох, үйлийн үр юм” гэж төсөөлдөг. Би юуны тухай бодож, миний дотор юу болж байваа? Эргэн тойрны талаарх ямар нэгэн дутуу бодлууд (эсвэл бодолтой төстэй зүйлс) болон яагаад ч юм тэдгээрийг хадгалах, ой ухаандаа тогтоох эргэн тойронд байгаа бүхнийг тэр хэвээр нь байлгах гэдэг ч юм уу. . .Өөр юу байна? Агуу их аз жаргал, агуу их тайвшрал, шөнийн агуу их нийцтэй байдал . . .бас байдаг. Би юуны тухай бодож байв? . . . Би өөрийгөө болон ертөнцийг огт ойлгохгүй байгаа тухай, мөн энэ шөнө түүний надад хамгийн чухал үнэт зүйлс эсвэл огт утгагүй юмсын тухай амьтны болон нөгөө ертөнцөөс шивнэх мэт шидэт чимээг үл ойлгосон тухайгаа л боддог. Өөрийн бодлын талаарх энэ бодол, өөрийгөө үл ойлгох байдал нь миний хэзээ ч үхэшгүй мөнхийн өөрөөр хэлбэл надад Бурхнаас заяасан нэг л хэсэг байгаагийн баталгаа надаас зуу дахин илүү хүчтэй зүйл байгаагийн илрэл юм. Зөвхөн хүн л өөрөө оршин байгаагаа болон аж амьдралын талаар гайхан боддог. Хүн энэ талаараа л диваажинд байгаа, өөрийн талаар боддоггүй бусад зүйлсээс ялгарах онцлогтой юм... Намайг болон бүх орчлонг хайрын дуугаар дүүргэсэн тал хээрийн шөнийн эдгээр үй түмэн голио юм боддог юм болов уу? Тэд амттай зүүдэндээ умбаж диваажинд байхад, би хэдийнээ нойрноос сэрэн, сэргэлэн байж байдаг. Ертөнц тэдэнд, ертөнцөд тэд буй амьдралыг би хөндлөнгөөс л харж байгаа юм шиг. . . Би сонсоод, бодож байна. Үүнээс болоод би ямар нэгэн ёроолгүй өвөр лүү урсах мэт үл ойлголт болон агуу их хүлцэнгүй байдлаар дуусашгүй, ид шидийн мэт дуугарах эдгээр хэмжээлшгүй олон зүйлс, шөнө дундын нам гүм байдалд ганцаардаж байна. Бархасбадийн ууланд туссан гэрэл тэнгэр, далайн хоорондох асар их орчинд гэгээн сүнсний тэмдэг мэт харагдах хааны хаалганы агуу их сүм мэт аймшигт гэрлээр туяарна. Харин би энэ л сүмд ганцаардан, энэ л сүмд сэргэнэ . . . Бархасбадь өөрийн хүрэх хамгийн өндөрт хөөрчээ. Тэгээд түүний хамгийн хөдөлгөөнгүй, нам жим байдлын өмнө шөнө өөрийн агуу их гоо үзэсгэлэнг харуулах цаг нь ирж. “Эрдэм мэдлэгийг шөнө шөнөдөө дамжуулна”. Ямар? Өөрийн энэ л өндөр дээд, нандин цаг үед үү? Оддоор дүүрсэн шөнийн хязгааргүй энэ тэнгэрийн сүм хэн ч хүршгүй, аймшигтай болох тусам түүний өмнө олон олон үүр шөнийн одод гийх болно. Тэнгисийн үхширсэн долгионоо алтлаг шаргал манан тунарна. Цагаахан алагтууны дуунд унтсан өмнөдийн энэ жаахан уйтгартай, ядуухан цэцэрлэгт улам жижиг мэт санагдах жижигхэн модод улам улам хөдөлгөөнгүй бараантана. Харин огторгуйн анир чимээгүйг энэхүү хэзээ ч зогсохгүй дуун болор тунгалаг дэлбээгээ дэлгэх цэцэгсийн чимээтэй илүү адил сонсогдоно. . . Энэхүү жингэнэсэн нам гүм эцсийн эцэст юунд хүргэх вэ? Гэвч энэ нь дахиад л энэхүү амьдралын санаа алдалт буюу эрэгт гарч ирсэн далайн давалгаа түүний араас мэдрэгдэх агаарын хөнгөн урсгал, тэнгисийн цэнгэг агаар, цэцэгсийн үнэр гэж үү. Ингээд л би жинхэнэ сэрдэг. Би эргэн тойрноо хараад босно. Тэгээд би тагтнаас бууж цэцэрлэг дунд буй хайрган замаар орж эргээс доош дэгдэн бууна. Эргийн элсээр явж усны захад суун ямар ч амьдралын хуулинд захирагдахгүй үй түмэн дуслаар гэрэлтсэн гараа усанд дүрнэ. . . Хүний амьдралын хууль Хүмүүс хэрхэн хэрэлдэн маргалдаж байгааг хүн бүхэн сонссон байх. Хэдийгээр энэ нь заримдаа инээдэмтэй, заримдаа уур хүрмээр байдаг ч гэсэн хэрэлдэж маргалдаж буй хүмүүсийн хэлсэн үгсээс ямар нэг чухал сургамж авч болно гэж би боддог. Тэд жишээ нь: “Бусад хэн нэгэн ийм зүйл хийвэл танд ямар санагдах бол доо”, “Би эхэлж эзэлсэн тул энэ бол миний байр”, “Танд муу зүйл хийгээгүй учир түүнийг тайван орхи”, “Би яагаад чамд бууж өгөх ёстой юм бэ?”, “Өөрийн амтат жүржээс нэг хэсгийг надад өгөөч, би чамд өөрийнхөөсөө өгсөн шүү дээ”, “Чи надад амласан учраас өг” гэх мэт хэлцгээдэг. Боловсролтой, боловсролгүй хүмүүс, хүүхэд, насанд хүрсэн хүн хэн боловч иймэрхүү үгсийг өдөр бүр л хэлж байдаг. Иймэрхүү зэмлэлийг сонсоод түүнийг хэлсэн хүн нь бусад хүмүүсийн ааш занд зүгээр л дургүйцлээ илэрхийлж буй биш гэдэг нь надад сонирхолтой санагдсан юм. Тэрээр энэ зэмлэлийг хэлэхдээ түүний бодлоор бусад хүмүүс мэдэх ёстой гэж тооцсон хүний зан авирын ямар нэгэн тогтсон хэв маягт бусдыг уриалан дууддаг. Харин нөгөө хүн нь түүнд тун цөөн тохиолдолд л “Таны нэг хэв маягийг чөтгөр аваг” гэсэн хариулт өгдөг. Бараг ихэнхдээ тэр хүн түүний хийсэн зүйл зан авирын тогтсон хэв маягт огтхон ч харшлахгүй бөгөөд харшиллаа ч гэсэн тун чухал уучлах учир шалтгааны улмаас ингэсэн гэдгээ нотлохыг чармайдаг. Тэрээр чухам энэ л тохиолдолд түрүүлж суусан хүнийг босож өгөхийг гуйх, эсвэл амтат жүржийн нэг хэсгийг гуйх, аль эсвэл амласан зүйлээ биелүүлэхгүй байх урьдчилан төлөвлөгөөгүй тун онцгой шалтгаан байгаа мэт харуулахыг хичээдэг. Үнэн хэрэгтээ энэ нь хоёр тал хоёул ямар нэг байдлаар хүлээн зөвшөөрөн “шударга” тоглоомын буюу зөв зүйтэй зан ааш ёс суртахууны нэгэн төрлийн хууль болон дүрмийг харуулж буй мэт санагдана. Энэ нь ч үнэн хэрэгтээ тийм юм. Хэрэв тэд энэ хуулийг дагаагүй бол мэдээж амьтан шиг зодолдож, хүн шиг маргаж, хэрэлдэж чадахгүй байх байсан. Хэрэлдэх нь нөгөө хүнийхээ буруутай гэдгийг үзүүлэхийг оролдох явдал юм. Хэрэв тэдний хооронд дээр өгүүлсэн юуг сайн, юуг муу гэх талаар ямар нэгэн харилцан зөвшөөрөх байдал байхгүй бол энэ зөвшилцөл утгагүй юм. Энэ нь хөл бөмбөгийн тоглох дүрэм гэж байхгүй байсан бол хөл бөмбөгчнийг дүрэм зөрчлөө гэж хэлэхтэй л адил зүйл юм. Үүнийг өмнө нь жам ёсны, өөрөөр хэлбэл байгалийн хууль гэж нэрлэдэг байв. Өнөөдөр бол бид “байгалийн хууль” гэж ертөнцийн татах хүч, удамшил болон химийн хуулийг ойлгодог. Гэвч эртний гүн ухаантнууд “хүний байгалийн хууль” гэж сайн, муугийн талаарх хуулийг байгалийн хууль гэж нэрлэдэг байв. Тэдний үзэл бодол нь бүх бие махбод таталцлын хуулинд захирагдахын адил биологийн хуулинд захирагдах бөгөөд харин хүн нь энэ таталцлын хуулинд захирагдах эсэхээ сонгох боломжгүй бусад аливаа бодгаль биетээс ялгаатайгаар хүний амьдралын хуулинд захирагдах, эсвэл түүнийг зөрчих эсэхээ шийдэх эрхтэй байдгаараа ялгаатай. Энэ үзэл бодлыг мөн өөрөөр ч илэрхийлж болно. Хүн болгон хором тутам хэд хэдэн хуулийн үйлчлэлд байдаг. Тэдгээрийн дотроос нэгийг нь чөлөөтэй зөрчиж болдог. Хүн нь биет бодис болохын хувьд таталцлын хуулинд захирагдах бөгөөд хэрэв хүнийг агаарт сул орхивол газарт чулуу мэт унах, унахгүй байх талаар түүнд ямар нэг сонголт байхгүй. Мөн хүн нь бие махбод болохын хувьд өөрийн дураар өөрчилж чадахгүй биологийн хуулинд захирагдах ёстой. Өөрөөр хэлбэл хүн нь бусад бие организмын захирагдах хуулинд мөн адил захирагдана. Гэвч амьтан, ургамал, амьгүй биетэд хамаарахгүй зөвхөн хүний ертөнцөд хамаарах хуулиудыг хүн өөрийн хүссэнээр зөрчиж болдог. Эдгээр хуулийг хүн болгон мэддэг, түүнийг заавал тусгайлан сургах шаардлагагүй гэж үздэг учраас хүмүүс тэдгээрийг байгалийн жам ёсны хууль гэж нэрлэдэг. Эрин зуун бүхэнд янз бүрийн соёл иргэншлийн үед ёс суртахууны үнэлэмж өөр өөр байсан учир бидний хэн бүхний мэддэг шударга төвшин зан байдлын тухай хууль хатуу тогтсон үндэс суурь байхгүй гэж зарим хүн үздэгийг би мэднэ. Гэвч энэ бол тийм биш. Ёс суртахууны тухай үзэл үнэхээр олон янз байсан боловч дандаа л зарим нэг тухайлсан зүйлд л хамаатай байсан. Хэрэв хэн нэг нь Эртний Египет, Вавилон, Энэтхэг, Хятад, Грек эсвэл Ромд ноёрхож байсан ёс суртахууны сургаалийг харьцуулан үзэх юм бол эдгээр үзэл сургааль нь өөр хоорондоо болон одоогийн бидний ёс суртахууны талаарх ойлголттой ямар адилхан болохыг мэдэж гайхах болно. Зан суртахууны олон янзын ойлголт юунд хүргэх вэ? Тулалдааны талбараас зугтсан эсвэл үнэн сэтгэлээсээ сайн хандсан бүхнийг хууран мэхэлсэн хүмүүсийг бахархан магтдаг улс орон байна гэж төсөөлөхийг хичээ. Энэ нь хоёр хоёрын тав байдаг улс орныг төсөөлөхтэй л адил байх болно. Хүмүүс зөвхөн өөрийн гэр бүлдээ эсвэл эргэн тойронд байгаа хүмүүст аль эсвэл бүх хүмүүст хувиа хичээсэн зан гаргахгүй байх гэсэн дээр ихээхэн санал зөрөлддөг. Гэвч тэд нэгдүгээрт . . . өөрийгөө тавих ёсгүй гэдэг дээр үргэлж санал нийлдэг юм. Хар амиа хичээсэн байдал хэзээ ч, хаана ч магтууштай чанар байгаагүй. Хэдэн эхнэртэй байх, нэг үү эсвэл дөрөв үү гэдэг дээр хүмүүс байнга санал зөрөлддөг байсан. Гэвч тэд хүн өөрт таалагдсан эмэгтэй бүрийг авах эрхгүй гэдэгтэй байнга санал нийлдэг байна. Харин хамгийн гайхамшигтай нь дараах зүйл юм. Сайн сайхан, муу муухай зүйлсийн бодит байдалд огт итгэдэггүй гэж батлах хүнтэй таарлаа гэхэд тэрхэн дороо тэр хүн өөрийн зарчмаасаа няцан ухрахыг та харах болно. Тэрээр танд амласнаа биелүүлэхгүй байж болно, гэвч та түүнд амласнаа зөрчихийг оролдмогц таныг нэг үг хэлж амжаагүй байхад тэр “Энэ чинь шударга биш байна” хэмээн гомдоллох болно. Ямар нэг улсын төлөөлөгчид гэрээ хэлэлцээр онцын ач холбогдолгүй гэж баталснаа дараагийн агшинд л өөрсдийн хэлснээ няцааж, тэдний зөрчих гэж буй гэрээ хэлэлцээр шударга бус гэж мэдэгдэж чадна. Харин гэрээ нь ямар ч ач холбогдолгүй, сайн сайхан муу муухай гэж байдаггүй бол, өөрөөр хэлбэл хүн төрөлхтний мөн чанарын тухай хууль байхгүй бол шударга, шударга бус гэрээний ялгаа гэж бий гэж үү? Үүнийг уутанд оёод ч нууж болохгүй, тэд юу гэж ч ярилаа гэсэн бусдын адил хүн төрөлхтний мөн чанарын хуулийг маш сайн мэдэж байгаа гэж би бодож байна. Иймээс сайн сайхан, муу муухай зүйлс жинхнээсээ бий гэдэгт бид итгэх хэрэгтэй. Хүмүүс алдаж болох боловч сайн муугийн тухай ойлголт үржүүлэхийн хүрд шиг л хэн нэгний таашаал саналаас хамаарахгүй юм. Харин одоо та надтай санал нэг байгаа бол дараагийн хэсэг рүү оръё. Энэ хэсэг нь бидний хэн ч байгалийн хуулийг жинхэнэ ёсоор нь дагаж чаддаггүй гэдэгт оршино. Хэрэв та нарын дунд үүнийг зөвшөөрөхгүй хүмүүс байвал би уучлал хүсье. Одоо миний ярих гэж байгаа зүйлс эдгээр хүмүүст огт хамаагүй учраас өөр ямар нэгэн ном уншихыг зөвлөмөөр байна. Ингээд хүний энгийн гол утга учирт эргэн хандая. Миний юу гэх гээд байгааг буруугаар ойлгохгүй гэдэгт би найдаж байна. Би ямар нэг зүйл номлоогүй бөгөөд бусдаас өөрийгөө илүүд үзээгүйг Бурхан мэднэ. Би зүгээр л нэг зүйлд өөрөөр хэлбэл энэ онд, энэ сард бүр үнэмшилтэй нь өнөөдөр бид бусдыг тийм байгаасай гэж хүсдэг байдлаараа биеэ авч явж чадсангүй гэдэгт таны анхаарлыг хандуулахыг хичээж байна. Үүний тулд хичнээн ч тайлбар, уучлал байж болно л доо. Жишээ нь: та хүүхдүүддээ хэтэрхий шударга бус хандахдаа маш их ядарсан байсан, таны бараг мартах шахсан тийм ч цэвэр шударга бус хэлэлцээ танд мөнгөний хэрэгцээ тун их үед таарсан, эсвэл хэн нэг хуучин танилдаа тухайн үед ийм завгүй байхаа эртнээс мэдсэн бол амлахгүй (амласан боловч биелүүлээгүй) байсан гэх мэт. Таны эхнэртээ (нөхөртөө), эгч дүүдээ (ахдаа) гаргадаг зан аашийн хувьд тэд яаж уур хүргэдгийг би мэддэг бол ер нь эцсийн эцэст би хэн юм бэ гэдгээ гайхахгүй. Би ч бас тийм юм чинь. Өөрөөр хэлбэл би өөрөө ч байгалийн хуулийг яг ёсоор нь дагаж мөрдөж чаддаггүй бөгөөд энэ тухай хэн нэгэн хэлмэгц л миний толгойд түмэн янзын тайлбар, уучлал үүсдэг. Гэвч энэ удаа бидэнд эдгээр уучлал, тайлбар хэдий хэр үндэслэлтэй байх нь сонин биш ээ. Хэргийн гол нь эдгээр тайлбар, уучлал нь бидэнд таалагдсан эсэхээс хамаарахгүйгээр бид хүн төрөлхтний мөн чанарын тухай хуулинд хэрхэн гүн гүнзгий итгэдгийн нэг нотолгоо юм. Хэрэв бид шударга төвшин зан байдлын жинхэнэ ач холбогдолд итгэдэггүй байсан бол өөрсдийн тийм ч шударга төвшин бус зан байдлыг юу гэж хичээнгүйлэн зөвтгөх билээ? Үүний үнэн учир нь бид шударга төвшин байхын хууль дүрмийн хүчтэй дарамтыг мэдэрч, түүнийг ямар нэгэн байдлаар зөрчвөл буруугаа хэн нэгэнд, ямар нэгэн зүйлд тохох хүртлээ шударга төвшинд итгэж байдаг. Бид өөрсдийн зөвхөн муу зан авиртаа тайлбар хайгаад байгааг та мэдсэн үү? Зөвхөн муу зан авираа л бид ядарсан, сандарсан эсвэл өлссөн байсан гэдгээр тайлбарладаг. Бид сайн зан авираа ямар нэгэн гаднын шалтгаанаар тайлбарладаггүй бөгөөд гагцхүү өөрийн гавъяа мэт боддог. Ингээд би таны анхаарлыг хоёр зүйлд хандуулъя. Нэгдүгээрт: Дэлхийн бөмбөрцөг дээрх хүн бүр өөрийгөө тодорхой тогтсон байдлаар биеэ авч явах ёстой гэсэн сонирхолтой үзэл бодлыг зөвшөөрдөг. Тэд энэ үзэл бодлоосоо салж чадахгүй. Хоёрдугаарт: Үнэн хэрэгтээ тэд ийм байдлаар биеэ авч явдаггүй. Тэд байгалийн хуулийг мэддэг хэрнээ зөрчдөг. Энэ хоёр баримт дээр бидний өөрийгөө болон амьдарч буй орчлон ертөнцийг ойлгох ойлголт үндэслэгдсэн юм.