12/20/10

ЭРГЭЦҮҮЛЭН БОДОХ ЗҮЙЛ ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ ЗӨНДӨӨ

Амьдралын дараах амьдрал.... Амьдралын дараах амьдрал. . . Энэ сэдвээр ярилцаж эхлэх нь бидний олонхид хачин санагдаж байж магадгүй. Бид амьдралдаа үхлийн тухай тийм ч олон удаа боддоггүй. Ихэнх хүмүүст эцсийн агшинд юу болох талаар бодохгүй, зүгээр л амьдрах нь дээр байх л даа. Эсвэл бид амьдрал гэж одоо, энд болж байгаа бүхэн, харин үхэл бол бидний амьдралын төгсгөл гэж итгэдэг байж магадгүй юм. Мэдээж одоо үед хэдэн зуун, мянган жилийн тэртээ хүмүүс хойд насны амьдралд итгэдэг байсан шиг түүнд итгэнэ гэдэг дэндүү хачин хэрэг л дээ. Бидний хэнд маань ч гэсэн үзэшгүй муухай сэгсгэр амьтад хөөрхий нүгэлтнүүдийг галд шарах там, цагаахан хувцастай сахиусан тэнгэрүүдийн дунд тэнгэрлэг дуунд уяран суух диваажингийн дүр зураг тийм их үнэмшилтэй санагдахгүй.
Хэдий тийм боловч үхлийн дараа үргэлжлэх амьдралын талаарх бодол тийм ч утгагүй зүйл биш ээ. Эрт дээр цагаас одоо үе хүртэлх янз бүрийн шашны болон гүн ухааны урсгалын төлөөлөгчид хүний оюун санаа үхэшгүй мөнх гэж итгэдэг. Иймэрхүү итгэл нь орчин үеийн шинжлэх ухааны үндэстэй ертөнцийг үзэх үзэлд шахагдан аажмаар хоцрогдож буй гэж бидний олонхи боддог нь огт хоосон бодол юм. Удахгүй шинжлэх ухааны шинэ ололтууд олон зууны туршид хүн төрөлхтнийг зовоож байсан асуудлуудад цоо шинэ хариулт өгөхөд бидэнд туслах болно. Үхэл ба үхэшгүй мөнхийн талаарх асуудлууд яг л тэрхүү мөнхийн асуултуудад хамаардаг шүү дээ. Хүн гэж юу вэ? Амьдрал? Хайр? Үхэл? Бидний хэн ч гэсэн тусгайлан бодоогүй ч гэлээ эдгээр асуултуудад ямар нэг хэлбэрээр өөртөө хариулт өгч байдаг. Тэдгээрийн аль нэгнийх нь талаар ярилцацгаая. Үхэл гэж юу вэ? Эмч эсвэл биологич хүний хувьд үхэл гэж бидний бие организмын амьдралын бүх үйл ажиллагаа юуны өмнө тархи болон зүрхний үйл ажиллагаа зогсохыг хэлнэ. Дөнгөж минутын өмнөхөн л хүн өөрийн хязгааргүй ээдрээтэй дотоод ертөнц, мэдрэхүй, дурсамжтайгаа амьдарч байгаад гэнэтхэн л цус шахдаг жижигхэн эрхтэн зогссоноос болоод алга болно. Хаашаа ч юм. Бидний амьдралыг бүрэн дүүрэн болгож, бие хүний маань хувьд тодорхойлдог бүхэн зөвхөн энэ л эрхтний ажиллагаанаас хамаарах нь ээ? Түүнийг зогсмогц л бидний “би” алга болох уу? Эсвэл ямар ч гэлээ ямар нэг юм үлдэх үү? Шүтлэгтэй хүмүүс “оюун санаа” гэж нэрлэдэг тэр зүйл үү? Энд нэг жишээ авсан нь дээр байх. Нэгэн удаа алдарт мэс засалч Войно-Ясенецкийгээс (тухайн үедээ зөвхөн шүтлэгтэй төдийгүй Оросын үнэн алдартны сүмийн археологич байсан) өчнөөн олон удаа үхсэн хүний биеийг задлан үздэг хэрнээ оюун санаа бий гэдэгт итгэдэг гэж үү? гэж асуухад “Би олон удаа хүний биед задлан хийсэн боловч түүнд оюун ухаан, бодол байгааг хэзээ ч хараагүй. Би зөвхөн эрхтнүүд, үхсэн эрхтнүүдийг л харсан” хэмээн хариулсан байдаг. Бидний дотоод “би” юуг тодорхойлох вэ? Бидний дотоод “би” нүдний өнгө, нурууны өндөр, нүүрний төрхөөс илүүтэй бидний итгэл үнэмшил, дотоод ертөнц өөрөөр хэлбэл оюун санааны зүйлсээр тодорхойлогдоно гэдэгт хэн ч эргэлзэхгүй биз. Бид бүгдээрээ материаллаг ертөнцөд хамаарагдаад зогсохгүй оюун санааны ертөнцөд ч хамаарагддаг. Үүнд итгэхийн тулд заавал шүтлэгтэй байх ч албагүй. Яг одоо эдгээр мөрүүдийг уншингаа та юу бодож байна вэ? Та яаж байна? Хэрэв бидний ярьж буй зүйлс танд сонирхолтой санагдвал таны бодол санаа энэ сэдэв дээр төвлөрсөн байх вий. Гэвч та яг одоо гэртээ аяга цай барьж диван дээрээ тухлан сууж, сурах бичгээ уншиж байж магадгүй. Гэвч хэдийгээр маргаашийн хичээлдээ бэлтгэх хатуу зорилго тавьсан ч гэсэн гэнэт та уншиж буй зүйлдээ анхаарлаа төвлөрүүлэхэд маш хүнд байдалд орно. Дахиад хэдэн хормын дараа таны бодол санаа хаашаа ч юм тэнүүчлэн өнгөрсөн амралтын тухай, эсвэл өнгөрсөн ням гаригт очсон ангийн охины төрсөн өдрийн үйл явдал бодогдож эхэлнэ. Энэ юу гэсэн үг вэ? Хөндлөнгөөс харсан хэн ч гэсэн таныг хичээлээ хичээнгүйлэн давтаж байна гэж хэлэхээр та диван дээрээ л сууж байна шүү дээ. Гэвч тухайн үед таны бодол санаа, мэдрэхүй таны биеэс алс хол байна. Энэ нь материаллаг бус, шал өөр ертөнцөд цаг хугацаа, орон зайн хязгааргүй орших бидний оюун санаа бодол нь ялгаатай гэдгийг харуулж байна. Зөвхөн тэд л хүний мөн чанарыг тодорхойлогч гол хүчин зүйл болдог шүү дээ. Зөвхөн бодол санаа, мэдрэхүй төдийгүй хүрээлэн буй ертөнцийг танин мэдэх хүсэл тэмүүлэл, сэтгэл харамгүй, амь бие хайрлахгүй хайрлах чадвар, өөрийгөө болон энэ ертөнцөд эзлэх өөрийн байр суурийг ухамсарлах оролдлого, өөртөө сэтгэл дундуур байж, байнгын эрэл хайгуул хийх зэрэг нь хүнийг амьтнаас ялгаатай болгоно. Эдгээр чадвар бидэнд хаанаас бий болж, бидний сэтгэл санаа юунаас үүссэн бэ? Сэтгэл санаа биетэй ямар холбоотой вэ? Магадгүй хүний оюун санаа элэгнээс цөс боловсордог шиг түүний бие, тархины мэдрэлийн эсийн үйл ажиллагаанаас үүсдэг юм уу? Гэвч энд нэлээд томоохон ялгаа байгаа юм шиг санагдахгүй байна уу? Элэг бол бидний нэг л эрхтэн бөгөөд биеийн маань үйл ажиллагаанд зайлшгүй хэрэгтэй ямар нэг бодисыг ялгаруулж болно шүү дээ. Гэтэл өөрийн ойр дотны хүмүүст дотносож дасах сэтгэл, учир зүйтэй эрэмбэ дараатай сэтгэх болон бидний хувь хүний хувьд бүрдүүлэгч бусад зүйлс нь ямар нэг бодис биш бөгөөд тархины эд эсүүдэд явагдах бүхий л явцыг ажиглаад ч бид тэдгээрийг харж чадахгүй. Орчин үеийн шинжлэх ухаан ч гэсэн мэдрэлийн эд эсүүд ямар нэг материаллаг бус зүйлсийг яаж бий болгож байгааг тайлбарлаж чадахгүй л байна. Энэ талаас нь авч үзвэл хэрэв хэн нэгэн хүн танд бие нь үхмэгц оюун санаа бас байхгүй болно гэж хэлэх нь та утсаар ярьж байтал гэнэт утас тасраад чимээгүй болоход та ярьж байсан хүнээ үхчихлээ гэж бодохтой л адил байх бус уу. Үхлийн агшинд оюун санаа, бие хоёрын холбоо тасрах боловч оюун санаа огт байхгүй болно гэсэн баталгаа хаана байна вэ? Үхлийн хязгаараас цааш харах боломж бий юу? Биеийн үхлийн дараа бие хүн үргэлжлүүлэн амьдардаг гэдгийн шинжлэх ухааны нотолгоог төсөөлөхөд хэцүү нь мэдээж. Гэвч энэ жинхэнэ үнэмшмээргүй зохиомол салбарт бидний энгийн ойлголтоор үхэл бол зөвхөн шинэ амьдрал руу шилжих шилжилт гэдгийн нотолгоо гэж болохуйц тодорхой мэдээ баримтууд байдаг. Америкийн эмч, гүн ухааны доктор Раймонд Моудийн клиник үхэлд орсон (өөрөөр хэлбэл үхлийн хязгаарыг даваад эргэн амьдарсан) хүмүүсийн яриан дээр үндэслэн хийсэн судалгааныхаа үр дүнгийн талаар бичсэн номуудын тухай олон хүн сонссон байх. Анхны ном нь 70-аад оны дундуур хэвлэгдсэн бөгөөд энэ сэдвээр судалгаа хийдэг олон хүмүүст “хаалга нээж өгсөн” явдал байв. Клиник үхэлд орсон олон янзын хүнээс асууж судалсны дүнд доктор Моуди хүмүүсийн олон зууны туршид “тэндээс” хэн ч буцаж ирдэггүй гэж үздэг үзлийг одоо үед давтах хэрэггүй гэсэн дүгнэлтэд хүрчээ. Өнөөдөр эмч нарын хүчин чармайлт, ур чадварын хүчээр хоосон ахуйгаас эргэж ирсэн хүмүүс бидний дунд байна. Эдгээр хүмүүсийн мэдүүлэг нь үхэл гэж чухам юу вэ, түүний цаана ямар нэгэн зүйл байна уу гэдгийг цоо шинээр ойлгоход бидэнд тусалж чадна. Энэ талаар өөр нэг судлаач, эмч Э.Биоре юу гэж бичив: “Үхлийн дараа надад юу тохиолдох бол гэж та хэзээ нэгэн цагт бодож байсан уу? Эмнэлгийн газарт хийсэн судалгааны ажил маань надад биологийн үхлийн дараа амьдрал үргэлжилдэг гэж таамаглах боломж олгосон юм. Дурсамж, бодол, мэдрэхүй, ойлголтууд тасалдахгүй. Энэ материал нь үхлийн байдалд ороод эргэн амьдарсан хэдэн зуун хүнтэй ярилцсан ярианаас үндэслэсэн юм. 1975 онд доктор Моудийн “Амьдралын дараах амьдрал” гэдэг ном гарсны дараа энэ салбар тун хурдан хөгжиж эхэлсэн бөгөөд гайхалтай нь янз бүрийн судлаачдын ажлын үр дүн хоорондоо адилхан байсан. . . Клиник үхлийг мэдэрсэн хүмүүсийн мэдүүлгүүд, хэсэг жижиг сажиг зүйлс нь хүртэл гайхмаар адилхан байдаг. Үхэл нь ухаан алдалгүйгээр оюун санааны бодит ертөнцөд жам ёсоор зугуухан шилжилт байлаа. Биеэ орхих тэр мөчид эдэлсэн өвчин шаналал, айдас түгшүүрээс чөлөөлөгдсөн мэдрэмж тэр дороо л төрсөн талаар миний өвчтөнүүд ярьдаг. Дээш хөөрөх мэт болон өөрийн үлдээсэн биеийн эргэн тойронд юу болж буйг ажиглангаа нисэж байгаа мэт болдог. Ихэнхдээ тэд өөрийгөө амьд байна, өөрт нь аймшигтай юм юу ч тохиолдоогүй гэдэгт төрөл төрөгсдөө итгүүлэхийг оролддог байна. Тэд гайхалтай эрх чөлөөг мэдрэн, хурц тод цагаан гэрлийн зүг хөөрөн хөөрсөөр байдаг. Энэ гэрэлд хүрэх мөчид дуусашгүй хайр энхрийлэл, оюун ухааны тайвшрал нийцлийг мэдэрдэг байна. . . “ Мөн тэд амьд байх үед нь байсан ямарваа нэгэн гэм согоггүй, төгс бие бялдартай болсноо мэдсэн байна. Хэрэв автомашины осолд орж бие нь авах юмгүй сэглэгдсэн байсан ч одоогийн энэ шинэ, оюун санааны бие нь бүрэн бүтэн, гэмтээгүй байдаг байна. Хэрэв тэд өмнө нь хараагүй байсан бол одоо маш сайн харж чаддаг. Тэднийг энэ тохиолдлоос амьдралд эргүүлэн авч ирэхэд тэд өөрийн эргэн тойронд юу болж байсныг тэнд байсан эмч нар, төрөл төрөгсдөө гайхтал яг дүрслэн ярьдаг байв. Доктор Моудийн бичсэн нэг тохиолдол магадгүй онцгой гайхалтай байж болох юм. Төрөлхийн сохор нэг хүн клиник үхэлд ороод сэргэхдээ мөн л харж чадахгүй байв. Гэвч тэрээр түүнийг сэхээн амьдруулах үеэр өөрийн эргэн тойронд болсон бүхнийг яг таг зөв дүрслэн ярьж байжээ. Гэтэл тэр төрөлхийн сохор учир түүний хувьд өнгөний тухай ямар ч ойлголт байхгүй бөгөөд тэр үед тэрээр амьдын ямар ч тэмдэггүй хэвтэж байлаа. Р. Моуди, Э. Фиоре, Е. Кюблер – Росс болон бусад судлаачдын номоос иймэрхүү жишээ олныг хэлж болно. Александр Мень нэг номондоо мөн л энэ талаар “Олон жилийн өмнө “Амьдралын дараах амьдрал” ном гарахаас бүр өмнө би иймэрхүү тохиолдлуудтай тулгарч байсан. Мэс заслын ширээн дээр үхээд эмч нарын хүчин чармайлтын дүнд амьдралд эргэн ирсэн хүмүүсийн яриаг би тэмдэглэн авсан юм. Эдгээр яриа хоорондоо маш адилхан байдаг бөгөөд Р. Моудийн ном гарахад энэ бүхнийг би хангалттай мэддэг учир огтхон ч гайхаагүй. Тэгээд ч христын шашинтнуудын хувьд энэ нь нэг их гайхалтай зүйл биш, яагаад гэвэл бид үргэлж үүнд итгэдэг байсан.“ гэж бичжээ. Мэдээж энэ бүх судалгааг үхлийн дараах амьдрал байдгийн шинжлэх ухааны нотолгоо гэж үзэж болохгүй боловч эдгээр нь биднээс тайлбар шаардсан шинэ үзэгдэлтэй бид тулгарсныг гэрчилнэ. Шинэ мэдээ баримтыг урьд нь хэзээний илрүүлэн гаргаад огт үнэмшмээргүй санагдах энэ таамаглалыг шалгах нь энэ зүйлд хандах жинхэнэ шинжлэх ухааны хандлага юм. Магадгүй бид хүний тухай бидний ойлголтыг үндсээр нь эргүүлж, энэ сэдэвт дурьдсан асуудлууд зөвхөн итгэл үнэмшлийн бус харин жинхэнэ шинжлэх ухаан танин мэдэхүйн асуудал болох шинэ нээлтийн өмнөхөн зогсож байгаа ч юм билүү, хэн мэдэхэв дээ. Үл мэдэх зүйлсийн хөшгийг сөхөхүй. Магадгүй эдгээр ойлгомжгүй үзэгдлүүд хүн бол материаллаг төдийгүй оюун санаат амьтан гэдгийг өгүүлж байж болох юм. Хүн бие бялдар, 5 мэдрэхүй (хүртэх, үнэрлэх, харах, сонсох, амтлах), амьтдын ертөнцөөс бидэнд уламжлагдан ирсэн энгийн зөн билгийн зэрэгцээ оюун санааны хэмжээс болох оюун санааны бие бялдрын 5 мэдрэхүйтэй адил оюун санааны 5 мэдрэмж, дотоод “би” буюу хувь хүнийг бий болгогч өөрийн сэтгэл санааг эзэмшинэ гэсэн таамаглал байж болно. Бидний “би” гэсэн оюун санааны энэ үзэлтэй бид үхлийн босгыг алхсан тэр мөчид мэдрэх оюун санааны ертөнц таардаг. Тэр үед л бид оюун санааны ертөнц бидний одоогийн амьдран буй биет ертөнцөөс дутуугүй бодит, олон талт, гойд сайхан гэдгийг харах болно. Ийм таамаглалын хүрээнд бидний өмнө нь ярьсан бүх үзэгдэл, юмсыг учир зүйн холбоотойгоор тайлбарлаж болох байсан. Ийм үзлээр бол экстрасеансуудын гайхалтай чадвар нь бидний олонхийн дотор байгаа оюун санааны мэдрэмжийн илэрхийлэл юм гэж үзэж болно. Харин клиник үхэлд орсон хүмүүсийн мэдүүлгүүд нь ирээдүйд оюун ухааны шинэ ертөнцөд шилжих үед бидэнтэй учрах зүйлсийн тусгал юм. “Хойт насны” амьдралын тухай бодох ямар хэрэгтэй вэ? Магадгүй та нарын олонхид ер нь бид яах гэж энэ асуудлыг яриад байна вэ? гэсэн бодол төрж байж болох юм. Бид бүгд л эрт орой хэзээ нэгэн цагт үхнэ, тэр үедээ л бид амьдралын нөгөө талд юу байгааг лавтайяа олж мэднэ гэдэг нь эцсийн эцэст бидэнд тодорхой байна. Одоо ямар нэг зүйл ойлгохыг оролдох хэрэг байна уу? Энэ нь энд, энэ дэлхий дээр амьдарч байгаа бидний өнөөдрийн амьдралд ямар хамаатай юм бэ? Мөн энэ асуудалтай нягт холбоотой бусад зүйлс. Хэрэв үнэхээр газар дэлхий дээрх амьдрал маань оюун санааны ертөнцөд биднийг хүлээж буй. Үүрд мөнхийн амьдралтай харьцуулахад зөвхөн богинохон агшин юм бол газар дээрх амьдрал ямар утга учиртай юм бэ? Энэ амьдрал утга учраа алдахгүй юу? Огтхон ч үгүй. Хүний оюун санааны үхэшгүй мөнх гэдэгт итгэх итгэл нь харин ч бидний амьдралыг урьд байснаас илүү утга агуулгатай болгож өгдөг. Хэрэв амьдрал нь зөвхөн бидний амьд явах 70 – 80 жил, тэгээд цаана нь юу ч үгүй хий хоосон гэж үзвэл амьдралын гол утга учир нь ямар ч үнээр хамаагүй хүслээ гүйцээн, таашаал эрж хайхад оршин, дур зоргоороо загнах үзлийг төрүүлж магадгүй. Бидний бүхий л хүчин чармайлт ямар ч байсан үхлээр л төгсөх юм бол яах гэж юунд тэмүүлнэ вэ? Нөгөө талаас нь авч үзвэл амьдрал биологийн үхэл ирснээр тасалдахгүй гэдгийг ойлгосон хүний хувьд энэ амьдралын цоо шинэ утга учир бий болдог. Үхлээс айх айдас байхгүй болно. Хүн бүрийн амьдрал дахин давтагдашгүй, ганц олдох бөгөөд түүнийг яаж амьдран өнгөрөөснөөс дараагийн оюун санааны ертөнц дэх хувь заяа минь шалтгаална гэдгийг ухамсарлан ойлгодог. Бидний амьдралын гол зорилго бол ойр дотны хүмүүс төдийгүй найз нөхөд буюу гэр бүлээ төдийгүй энэ ертөнц, хувь заяагаар учирсан хүн бүрийг бүхнээ зориулсан, идэвхтэй, харамгүй хайраар хайрлах чадвар өөртөө бий болгох явдал юм. Александр Менийн үгэнд дахин анхаарлаа хандуулъя. “Хүний амьдрал хөдөлмөр өнө мөнхөд уриалан дууддаг гэсэн бодол нь эцсийн шугамын энэ тал дахь амьдралыг улам баяжуулж өгдөг. Тэр үед л үхлийн ам бүхнийг залгидаг гэж хэлэхгүй болно шүү дээ. . . Бидний энэ амьдралдаа юу суулгана тэр мөнхөд ургана гэсэн голч үнэнийг л мэдэж байх нь бидэнд хангалттай. Өнө мөнх рүү цууриатан дамжина. Энэ бол тун ойлгомжтой бөгөөд зүй тогтлын дагуу юм. . . “ Клиник үхэлд ороод амьдралд эргэн ирсэн хүмүүс ч мөн л ийм ойлголт авсан байдаг. Ийм хүмүүсийн ярианаас иш татсан Р. Моудийн номын хэсгээс авч үзье. “Тэр явдлаас хойш би өөрийн амьдралд би юу хийв, юу хийх вэ гэж байнга боддог болсон. Би өнгөрсөн амьдралдаа сэтгэл хангалуун байв. Би өөрийн л хүссэн бүхнээ, хүссэнээрээ хийдэг байлаа. Гэвч үхээд боссоны дараа шууд энэ туршлагын дараа гэнэт бүх зүйл өөрчлөгдсөн. Амьдралдаа анх удаагаа би өнгөрсөн амьдралдаа би ямар нэг үйлдлийг хийхдээ сайн үйлдэл учраас хийсэн үү эсвэл зөвхөн сайн мэт санагдсан учраас хийсэн үү гэдгээ бодож үзсэн. Урьд нь би бүх зүйлд зүгээр л тэсвэргүй ханддаг байсан бол одоо бол надад юу тохиолдож болох талаар эхлээд олон талаас нь яаралгүй бодож тунгаадаг болсон. Би илүү их утга учиртай зүйл хийхийг мэрийдэг болсон бөгөөд энэ үед миний ухамсар, миний сэтгэл санаа илүү амардаг. Би атгаг муу санахаас аль болох зайлсхийж, хүмүүсийг шүүмжлэхгүй байхыг хичээдэг болсон. Би зөвхөн миний хувьд сайн гэснээ биш ер нь л сайн үйлдэл хийхийг хичээдэг. Би амьдралыг хамаагүй илүү ойлгодог болсон шиг надад санагддаг юм. Энэ бүхнийг надад мэдрүүлсэн үхлийн туршлага тэр үед үзсэн мэдэрсэн бүхэнд би өртэй мэт надад санагддаг. Энэ нь Үхэлтэй нүүр тулсан хүмүүсийн амссан “сургамж”-ийн тухай яриатай маш сайн нийлдэг. Бараг бүгд л энэ амьдралд өөр хүмүүсийг хайрлах гүн гүнзгий, онцгой хайрыг өөртөө хөгжүүлж бий болгохын чухлыг цохон тэмдэглэсэн байдаг. Нэг хүн клиник үхэлд орж бүх амьдрал нь нүднийх нь өмнө дэлгэц дээр буй мэт харагдах үед ч гэсэн өөртөө хандсан агуу хайр энхрийлэл ойлголцлыг мэдэрсэн гэж ярьдаг. Тэрээр түүнээс “Та бусдыг ингэж хайрлаж чадах уу?” гэж асууж байгааг мэдэрсэн байна. Одоо тэр тэгж хайрлаж сурах нь түүний газар дэлхий дээрх үүрэг гэж бодох болжээ. Ёс суртахууны талаас нь авч үзвэл бидний амьдрал төгсгөлгүй гэсэн ойлголт нь бидэнд ёс суртахууны илүү гүн гүнзгий зарчмын эх булаг амьдралын ямар ч нөхцөлд дотоод оюун санааны хүч чадал өгөгч эх үүсвэр болж чадна. Энэ нь бидний өөрийн амьдралыг өөрчлөөд зогсохгүй бусад хүмүүст хайр, итгэл олж авахад нь туслах болно.